Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа


9-р сарын 3
21 цаг 32 минут

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

 “МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–т:

Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ. Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.

 

  1. “ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т:

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн  холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм. 

 

  1. “МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т:

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.

 

  1. “БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т:

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа. Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж,  хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ.  Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац  тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахаар тохиролцлоо.

 

  1. “ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАРХВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т:

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа. Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан. Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

4 настай хүүхдээс менингококк халдвар батлагдлаа5 сар 23. 17:08Улаанбаатар марафоны нээлт 9:30 цагт Соёлын төв өргөөний урд болно5 сар 23. 17:08АТГ: Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй5 сар 23. 17:07АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна5 сар 23. 17:04Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж байна5 сар 23. 17:03Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна5 сар 23. 17:03Гэрийн хэргийг төрийн зовлон бүү болго!5 сар 23. 17:03Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав5 сар 23. 17:02Нийслэлийн 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна5 сар 23. 17:00Австралийн зүүн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ5 сар 23. 16:24Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна5 сар 23. 16:23Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ5 сар 22. 16:45
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.