Иргэд эмнэлэгт хэвтэх ч эрхгүй болов!


9-р сарын 3
10 цаг 37 минут

Хөндүүр сэдэв: Иргэд эмнэлэгт хэвтэх ч эрхгүй болов!Эрүүл мэндийн салбарт улаан дохио асаад удаж байна. Ажлын ачаалал их ч цалин урамшуулал бага байгаагаас эрүүл мэндийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд оржээ. Нэмэр дээр нэрмээс гэгчээр 2024 оны нэг сараас хэрэгжиж буй ЭМДЕГ-ын гаргасан шийдвэрээс болж иргэд эмнэлэгт хэвтэх ч боломжгүй болж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, зарим томоохон эмнэлэгт ажиллах сувилагч олдохгүй, өвчтөн хэвтэн эмчлүүлэх орныхоо тоог 10-20 хувиар бууруулжээ. Улсдаа ганц гэгддэг Хавдар судлалын үндэсний төвд ч ийм асуудал тулгарч байгааг удирдлагууд нь нуусангүй.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү “Бүхий л эмнэлэгт энэ асуудал тулгамдаж байна. Орон нутгийн эмнэлгүүдэд сувилагч нараас гадна эмнэлгийн дүрс оношилгооны техникч гэх мэт дэмжих мэргэжилтэн дутагдалтай байна. Үүнээс бол ганц хоёр улсын томоохон эмнэлэг өвчтөн хэвтэн эмчлүүлэх орныхоо тоог багасгалаа. Манай эмнэлэг өвчтөн хэвтэн эмчлүүлэх хамгийн бага ортой учраас орныхоо тоог цөөлөөгүй. Гэхдээ санхүүгийн алдагдлын хувьд бүх эмнэлгүүдэд ижилхэн асуудал үүсч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгж өртгийг шинэ тогтоолоор бусад мэс заслыг нэмэхгүйгээр багц үйлчилгээ нэрээр өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг нэгтгэж, үнийг нь 60 хувиар багасгасан.

Жишээлбэл, манай эмч шинжилгээгээ бичиж, хийлгээд, үзээд 52 мянган төгрөгийг даатгалаас авдаг байсан. Тэгээд тодосгогчтой компьютер граф хийлгэхээр 280 мянган төгрөг, MRI 500 мянган төгрөг гэх мэт өндөр өртөгтэй шинжилгээнүүд тусдаа үнэтэй байсан бол одоо багц тусламж үйлчилгээ нэрийн дор эмч анх онош тавьж, бүх төрлийн шинжилгээг нь хийлгээд оношоо хааснаар даатгалаас мөнгөө авдаг болсон.

Санаа нь зөв ч хийж байгаа ажил нь бидний ажлын үнийг 60 хувь бууруулсан. Ингэснээр эмнэлгүүд даатгалаас 300 мянган төгрөг авах байсан бол 150 мянган төгрөг болсон.

Манай эмнэлгийн санхүүжилт сар бүр 500 сая төгрөгөөр багассан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сард 500 сая, 12 сард зургаан тэрбум төгрөг хэмнэж байна гэж баярлаж байгаа байх. Энд хэмнэлт хийх нь чухал асуудал биш. Эмч, сувилагч ажилтнууд хийсэн ажлынхаа цалин урамшууллыг авч чадахгүй, эм эмнэлгийн хэрэгслээ авч чадахгүй байна.

Энэ бүхэн 2024 оны эхний саруудад төдийлөн мэдэгдэхгүй байснаа сар болгон тодорхой хэмжээний мөнгө эмнэлгүүд алдаад ирэхээр цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрч эхэлж байна.

Удахгүй эмнэлгүүд 1990 оны байдал руугаа шилжих гэж байна. Энэ бол буруу. Эхлээд амин чухал эмнэлгийн тусламж үйлчилгээндээ санхүүжилтээ өгч, хувийн эмнэлгүүдээр шинжилгээ хийлгэхээ болиоч ээ гэдгийг зөндөө хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд авч хэлэлцэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд даатгалын мөнгийг дураараа цацсан. Тэрийг шалгадаг газар нь шалгана биз. Зарим эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хумиж, өвчтөнөө хувийн эмнэлэг, лабораториудаар явуулдаг болгоно. Эмнэлгийн сувилагч нар гадаадад ажиллах, хувийн хэвшилд ажиллах сонголтыг хийхээс аргагүй болж байна. Манай эмнэлэг үндсэн цалингаа хоёр гурван удаа үе шаттайгаар нэмж чадсан учраас сувилагч мэргэжилтны хомсдол харьцангуй бага байна” гэв.

НИЙТ 63 МЯНГАН АЖИЛТНЫ 14 МЯНГА НЬ СУВИЛАГЧ БАЙНА

Монголд 2023 оны байдлаар нийт 63 мянга гаруй эмнэлгийн ажилтны 14,5 мянга нь ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар байна гэх тоо бий. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталсан.

Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, ажлын талбарт гарч буй сувилагчийн тоо 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 100 гаруй сувилагчаар нэмэгдсэн гэдгийг салбар яамнаас онцолдог.

Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолоор сувилагчдын цалин, хөлсний доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 1,3 сая төгрөгт хүрч, дунджаар 45 хувь нэмжээ. Сувилагч болон бусад мэргэжилтэн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хамт 1,9-2,8 сая төгрөгийн цалин хөлс авч байгаа нь 2019 онтой харьцуулахад 83 хувиар  нэмэгдсэн байна.

Нийт сувилагчийн 50 орчим хувь нь бакалаврын боловсролтой, 20 гаруй хувь нь ахлах, тэргүүлэх мэргэшлийн зэрэгтэй байгаа бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан онцолж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.