Чингэлтэй дүүргийн 14 хороо буюу иргэдийн хэлж заншсанаар долоон буудлын эцсээс Чингэлтэй рүү салдаг уулзвараар зүүн эргээд эхний уулзвараар дахин зүүн гар тийш эргээд 200 орчим метр газар явсаар зорьсон газраа ирлээ. Сэлбэ дэд төвийг түшиглэж нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 12 мянган айлыг орон сууцжуулах томоохон зорилтын эхлэл болж иргэн, аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд буй газар энэ юм. Биднийг очиход газраа чөлөөлсөн айлуудын нүхэн жорлонг ариутган, барилгын хогийг цэвэрлэж байв.
"ХҮҮХДҮҮД МИНЬ БАЙРАНД ОРОХ БОЛСНЫГ СОНСООД ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН"
Биднийг очиход портер машины ачааны хэсэгт хоёр эрэгтэй зогсч, гэрийн буурин дээр байгаа эд хогшлын эв дүйг нь олж ачааллах үүрэг гүйцэтгэнэ.
-“Одоо наанаа ороо тавьчих юм уу” гэж гэрийн эзэгтэй асуухад
-“Ор арай багтахааргүй байна. Харин цаад хөргөгчөө багтаачихдаг юм уу” гэхэд гэрийн бууринаас ачааны машин руу хоёр залуу өргөж ойртуулав.
Гэрийн эзэгтэй зургийн жаазнуудаа зузаан давуугаар нямбайлан боосноо өргөж, “хагарах юм шүү” болгоомжтой ачаарай гэж тусгайлан захиж амжив. Нүүдлийн их ажлын хажуугаар нуугдаж тоглох завтай хоёр нөхөр байгаагийн нэг нь ягаан үсний боолт, ягаан бээлийгээр гангарсан таван наст бол, нөгөө нь түүний өөдөөс хэлээ гаргаж, сүүлээ шарвагануулсаар байх халтар нохой юм. Тэр хоёрт хэн хэнд нь эндээс нүүж, өөр орчин, өөр газарт очих нь сайхан санагдаж байгаа бололтой.
Энэ бол Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б-гийнх. Тэд ам бүл тавуулаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууц барих ажлын төвлөгөө, зураг төсөлд хашааны газар нь орсон тул гэрээний хүрээнд газраа чөлөөлж, нүүж байгаа нь энэ. Тэдний хувьд 10 гаруй жилийн өмнө уг хашааг худалдан авч байжээ.
“Боломж нь таарвал байранд амьдрах битүүхэн мөрөөдөлтэй ч урьдчилгаа мөнгөндөө уягдаад нэг л болж өгдөггүй байсан. Гэтэл манай энэ ойр орчмын айлуудын газар дахин төлөвлөлтөд хамрагдаж, төрөөс газрыг нь худалдаж авах талаар яриа гарч эхэлсэн.
За юу л болох бол гэж эргэлзэж байсан ч төрийнхөн хэлсэн, амласан, ярьсандаа хүрлээ. Манай гэр бүл хашааны газраа ном журмын дагуу үнэлүүлж, нөхөн олговрын мөнгөөрөө хоёр өрөө байртай болсон. Итгэж өгөхгүй л их баяртай байна.
Долоон буудал, Чингэлтэй гэх мэт хотын төвөөс хол, алслагдсан газарт амьдардаг гэр хорооллын иргэдээ гэх төрийн бодлого байдаг юм байна. Бид гэр хорооллоосоо гарч байранд орсондоо баярлаж байгаагаас гадна бидний амьдарч байсан газар дээр олон мянган айл өрхийг тав тухтай амьдруулах орон сууцны хотхон баригдана гэж бодохоор үнэхээр сайхан санагдаж байна. Мөн өмнө нь газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас доогуур үнэлдэг гэх яриа сонсч байсан.
Тиймээс газраа хямд үнээр төрд булаалгачих вий гэсэн багахан айдастай байсан гэдгээ нуухгүй. Гэтэл бидний газрыг зах зээлийн ханшаар бодохоос гадна үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ насжилт, элэгдэл хасч тооцоогүйд сэтгэл дүүрэн байна” гэж өрхийн тэргүүн ярив.
Гэрийн эзэгтэйн хувьд “Өсвөр насны хоёр хүүхэд болон удахгүй сургуульд орох бяцхан охиноо гэр хорооллын харанхуй, тоос шороо ихтэй гудамж талбайгаар айдастай алхуулахгүй, өвөлдөө нүүрсэнд хувцас нь будагдаж, хүйтэн өдөр хөлдүүс болсон усны тэрэг түрж гүйлгэхгүй болсондоо сэтгэл хангалуун байна. Хүүхдүүд нь байранд ороход хамгийн их баярласан” гэдгийг хэлж байлаа.
"ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙХДЭЭ ЭЛГЭДЭЛ ХОРОГДОЛ ТООЦООГҮЙ"
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хууль 2023 оны арванхоёр дугаар сард батлагдсан. Үүнтэй холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх талаар заалт уг хуульд орсон. Тиймээс нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх асуудлыг 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.
Хууль эрх зүйн орчин нь баталгаажсан учраас Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонд нийт 156 мянган га газрыг чөлөөлж гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл анх эхэлж, иргэдээс санал, судалгаа авчээ.
Тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн 70-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд уг төсөл хэрэгжих хуулийн зохицуулалттай. Тиймээс 1653 иргэнээс нийгэм эдийн засгийн судалгааг авчээ. Судалгаанд оролцогчдын 97.5 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг дэмжсэн байна.
Газар чөлөөлөлтөд хамрагдсан 2206 иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах ажлыг эхлүүлж өнөөдрийн /2024.08.30/-ны байдлаар 1380 иргэнтэй гэрээ байгуулж, 1270 иргэний дансанд нөхөн олговрын мөнгийг шилжүүлээд байна.
Иргэдийн газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан. Төв зам дагуух газрыг 1 м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоосон. Мөн иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ элгэдэл хорогдол тооцоогүй учраас иргэд таатай хүлээж авсан гэдгийг Нийслэл газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр хэлж байна.
"ДАНДСАНД МӨНГӨ ОРОХОД ИТГЭЖ ӨГӨХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ЧИМХСЭН"
Газраа чөлөөлж, гэрээний мөнгөө авсан 1270 иргэн, аж ахуйн нэгжийн бас нэгэн төлөөлөл бол Ч.Амарзаяа юм. Төрөлхийн харааны бэрхшээлтэй түүний хувьд долоон буудлын эцэст амьдраад 24 жил болжээ.
Тэрбээр, тусгай сургуульд багшилж байгаад, тэтгэвэртээ гараад удаагүй байгаа аж. Гэр хороололд амьдардаг иргэдэд тулгардаг бүхий л бэрхшээлийг 24 жилийн турш туулж ирсэн. Харааны бэрхшээлтэй иргэн худгаас ус зөөх хэцүү. Тэр дундаа бага насны хүүхдээ хөтлөөд, таягаа амандаа зуугаад хоёр савтай ус өргөөд явах хүнд хэцүү өдрүүд түүнд байсан гэдгийг нулимс дуслуулан ярьж байна. Нөхөр нь хэдэн жилийн өмнө өөд болсон учраас хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах хүндхэн ачаа түүний нуруун дээр үлдсэн. Арга ядахдаа тохирсон үнээр нь боловч хашаа байшингаа зараад түрээсийн орон сууцанд амьдрах талаар ч бодож байсан аж. Хэдийгээр тусгай сургуульд ажиллаж, 30 хувийн нэмэгдэлтэй цалин авдаг ч дундаж монгол иргэний адил зээлээс зээлний хооронд амьдардаг байснаа учирлаж байна. Хүүхэд нь анх төрөхөд л барьж байсан байшин нь өнөөдөр хоёр өрөө байр, зуслангийн хашаа байшинтай болгосонд үнэхээр сэтгэл өндөр байгаагаа хэлж байна. Түүний хувьд байранд амьдарч, зуслангийн хашаа байшинтай болно гэдэг хэзээ ч биелэшгүй мөрөөдөл байж. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд туулсан хүнд өрдүүд олон. Гэрийнх нь ойролцоо булаг байдаг тул заримдаа булаг нь халиад хүүтэйгээ хамт гэртээ орж чадахгүй өдрүүд нэг биш удаа тохиолдож байж. Гэтэл үнэхээр “Зүүдэнд ч оромгүй явдал миний амьдралд тохиолдлоо” гэж нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярьж байна. “Харааны бэрхшээлтэй иргэн өвлийн хүйтэнд гэр хорооллын гудамжаар хальтирч унах шахам явах, түлээ нүүрсээ зөөх, гал түлэх гэдэг ямар хүнд бэрх гэдгийг үгээр хэлэхэд хэцүү. Гэтэл маш том боломж гарч ирлээ.
Анх ойр орчмын айлуудыг дахин төлөвлөлтөд хамруулах талаар яриа гарч байхад “Үлгэр биз дээ. Хэзээ төрийн ажил цагтаа ажил хэрэг болдог байсан юм. Намайг үхэхээс өмнө л биелвэл их юм” гэж бодож байсан.
Гэтэл ердөө 2-3 сарын дотор бүх зүйл бүтчихсэн. Одоо ч надад зүүд юм шиг санагдаж байна. Миний дансанд мөнгө ороход өөрийгөө чимхэж үзсэн. Бүр итгэж өгөхгүй байсан. Одоо миний мөрөөдөл аялах болсон. Харааны бээрхшээлтэй гээд яагаад заавал гэртээ суух ёстой гэж. Саяхан Хөвсгөл яваад ирсэн. Аялаад ирэхэд хүний санаа бодол шал өөр болдог юм билээ. Намайг хурцалж, амьдаралыг өөр өнцгөөр харах боломж олгосон нь мөн л дахин төлөвлөлтийн ач, үр өгөөж. Дахин төлөвлөлтөд хамрагдсан хүмүүсийн сэтгэл санаа бүгд өөдрөг сайхан байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ бол амьдарлын чанар дээшилсэнтэй шууд холбоотой асуудал. Тиймээс дараа дараагийн дахин төлөвлөлтөд хамрагдаж хашаагаа байраар солих хүмүүст амжилт хүсье. Энэ ажлыг санаачилсан, гардаж зохион байгуулсан бүх хүмүүст талархлаа. Нийгэмд, улс оронд, өрх гэрүүдэд өөрчлөлт авчирсан сайхан ажил боллоо. Түүнээс гадна хүн бүл цөөтэй хүмүүст хэрэгтэй зүйлээ аваад болчихлоо гэвэл үлдсэн ажлаа бидэнд даатга гэж хэлсэн нь хичнээн сайхан санагдсан гэж бодно. Үнэхээр хүнээ бодсон төлөвлөлт хийсэнд баярлалаа” гэж сэтгэгдэлээ бидэнд хуваалцсан юм.
2033 ЯНДАНГ БУУЛГАЖ, 1838 НҮХЭН ЖОРЛОГ УСТГАЖ, ЖИЛД 7035 ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛНА
Газраа чөлөөлөх эхний ээлжийнхэнтэй гэрээ байгуулж, мөнгөө авсан иргэд газраа ийнхүү чөлөөлж эхэлсэнтэй уялдуулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га талбайд барилга угсралтын ажил хийх тендер зарласан.
Төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, есөн давхар орон сууц 10 блок, таван давхар орон сууц найман блок, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барих юм. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй.
Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх юм. Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байхаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах загварыг ийнхүү Сэлбэ дэд төвөөс эхлүүлэхээр болсон юм. Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэхээр тооцож байна. Ийнхүү
12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна гэдгийг Нийслэлийн орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан хэлж байна.
Ийнхүү Сэлбэ дэд төвийг түшиглэн сүндэрлэх 12 мянган айлын орон сууц баригдвал 2033 янданг буулгаж, 1838 нүхэн жорлог устгаж, жилд 7035 тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх хэрэглээг бууруулах тооцоо гаргажээ. Мөн цаашид энэхүү орон сууцыг худалдан борлуулахгүйгээр газраа орон сууцаар солих иргэдийг үнийн дүнг дүйцүүлэн тус орон сууцанд оруулах бодлого баримтлах аж.
Сэтгэгдэл бичих