Эцсийн найдвар: Эрчим хүчний мега төслүүд!


8-р сарын 30
15 цаг 13 минут

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэн. Тус хөтөлбөрт эрчим хүчний реформ хийхээр тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний салбарт хэд, хэдэн мега төсөл хэрэгжүүлэх, либералчлалыг шат дараатайгаар хийхээр хамтарсан засгаас төлөвлөж байгаа юм.

Монгол Улс эрчим хүчний салбарт алдагдалд орж, хомсдол хэдийнэ нүүрлэсэн. Тиймээс эхний ээлжинд эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэх асуудал яригдаж байгаа юм. Эрчим хүний тарифыг шинэчлэх Засгийн газрын төлөвлөгөөг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй, дэмжин хүн ч олон байна. Нэг хэсэг нь эрчим хүчний үнийг нэмж, хөрөнгө оруулалт татах, гадны хараат байдлаас гарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол эдийн засгийн өсөлт нь айл өрхийн амьдрал бодит нөлөөлөл үзүүлээгүй, инфляци өндөр байгаа нөхцөлд тог цахилгааны үнийг нэмбэл эмзэг болон дундаж төвшнийхөнд дарамт болно гэсэн шүүмжлэл хэлж буй.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл байж ирсэн. Харамсалтай нь, хэрэгждэг нь тун цөөн. Ихэнх нь цаасан дээрээ үлдсэн.

ЭГИЙН УЦС УРАГШЛАХАД САНХҮҮЖИЛТ Л ДУТУУ

Булган аймгийн Хутаг-Өндөр сум Эг, Сэлэнгийн бэлчирт Хантай багийн нутагт баригдах Эгийн голын усан цахилгаан станц өдгөө 30 гаруй жил яригдаж буй. Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатсан. Улмаар 2013 онд Эгийн голын усан цахилгаан станцыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв.

2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан байдаг. Өнгөрсөн хугацаанд ажил саатсан ч Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА- тай хамтарч хийсэн судалгаанууд үргэлжилсэн байна.

Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэх тооцоололтой. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.

Гэвч ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудлаас болж ажил өнөөг хүртэл бодитоор явагдаж эхлээгүй.

Тодруулбал, Оросын зүгээс НҮБ болон ЮНЕСКО-д Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэдэг үндэслэлээр Эгийн голын усан цахилгаан станцын асуудал тавиад Дэлхийн өвийн хороо хориг тавиад буй. Үүнийг цааш нь явуулахын тулд Засгийн газартаа санал боловсруулж өгсөн оросын эрдэмтэдтэй нь ажиллах асуудал байгаа талаар УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр гишүүд онцолсон. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад, мөнгө төгрөгийг нь тусгачихвал цааш явах боломжтой гэдгийг мөн хэлсэн юм. Тиймээс энэ төсөл зайлшгүй үргэлжлэх шаардлагатай мега төслүүдийн нэг юм.

ШҮРЭНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ Ч ТҮРГЭВЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ ИХ БИЙ

Эгийн голын усан цахилгаан станцын төслийг дагаж орж ирж байгаа Шүрэнгийн цахилгаан станцын төсөл гэдэгт мөн анхаарал хэрэгтэй. Хэдийгээр Эгийн голын цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станцыг зэрэг яривал Орос улс дэмжихгүй ч хоёулаа Сэлэнгийн бассейн дээр баригдах учраас асуудлыг нь хамт л авч үзэх нь зөв. Шүрэнгийн усан цахилгаан станцын тухайд урьдчилсан судалгааг 1970-аад онд Оросын “Gidroenergioproikt” хүрээлэн болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн яамны хийж боловсруулж байсан судалгаанд үндэслэжээ.

Хоёр компанийн судалгаагаар Шүрэнгийн усан цахилгаан станцыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр барих нь хамгийн тохиромжтой гэж үзсэн бөгөөд нийт хүчин чадал нь 244 МВт байх. Гэвч тус бүтээн байгуулалтын ажил мөн л өнөөг хүртэл эхлээгүй.

Станцыг хэдий хугацаанд ашиглалтад оруулах боломжтойг ч урьдчилсан судалгаанд дурдаагүй аж. Төлөвлөгөө ёсоор Шүрэнгийн усан цахилгаан станц жилдээ 50-60 сая ам.долларын цахилгаан борлуулах боломжийг дэвшүүлжээ. Харин төсөлд зарцуулагдах нийт хөрөнгө оруулалт 780 гаруй сая ам.доллар байна гэж гарчээ. Уг цсан цахилгаан станцын хүрээнд 4.8 тэрбум м3 ус хуримтлуулах бөгөөд энэ бол үлэмж том усан сан үүснэ гэсэн үг юм. Гэхдээ энэ бүтээн байгуулалт шат дарааллын хувьд ойрын жилүүдийн томоохон төсөл хөтөлбөрийн тоонд багтаагүй.

БАЙДРАГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ БЭЛЭН БОЛСОН

Баянхонгор аймгийн Байдраг голд олон жилийн урсцын тохируулгатай ус нөөцлөх сан бүхий Усан цахилгаан станц байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн 2023 онд хийж дууссан талаар мэдээлсэн. Усан цахилгаан станцтай болсноор Баянхонгор аймаг усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангагдах боломжтой болохоос гадна усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэнэ.

Байдраг гол болон Бөөнцагаан нуурын экологийн тулгамдсан асуудлууд ч энэ усан цахилгаан станцаар шийдэгдэх чухал ач холбогдолтой ач.

Зураг төслөөр Лууны дүрстэй нуур үүсэх төлөвтэй тул Луут хэмээн нэрийдээд буй хиймэл нуурт 400 сая м.куб цэвэр ус хураах ба энэ нь ойролцоогоор Монголын нэг жилийн цэвэр усны хэрэгцээ юм. УЦС-д нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжтой болох аж.

Байдрагийн голоос эх авдаг Бөөнцагаан нуур нь 1990-ээд оны дунд үед хамгийн их түвшиндээ хүрч улмаар уур амьсгалын өөрчлөлт дулааралт буюу ууршил нэмэгдсэн, хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн, голын урсац багассан шалтгаанаар усны түвшин аажим буурсаар байна. Өөрөөр хэлбэл Бөөнцагаан нуурын усны түвшний энэхүү бууралт нь уур амьсгалын дулаарлаас голлон шалтгаалж нуурын үндсэн тэжээл болох Байдраг голын урсац багасан, нуураас уурших усны хэмжээ нэмэгдэн, нуурын усны тэнцэл алдагдсантай холбоотой гэж зарим судлаач хэлжээ. Усан цахилгаан станцтай болсноор усны хэмжээ нэмэгдэх олон давуу талууд бий болно хэмээн тооцжээ.

Энэ мэт усан цахилгаан станц, эрчим хүчний салбарын мега төслүүдээ дэмжсэн цагт хараат бус, мөн хязгаарлалтгүй эрчим хүчний хэрэглээтэй болох боломж бүрдэнэ. Тиймээс ирэх, ирэх жилүүдэд эдгээр төслүүдийг эхлүүлэх, ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага их байна…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.