УИХ-ын 2024 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ болж байна.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг дэд хорооны дарга Д.Батбаяр танилцуулав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Сая танилцуулга дээр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн олон албан тушаал сонсогдож байна. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор яам агентлагт шалгалт оруулна. Төрийн албаны зөрчлийг нэг даруй арилгах шаардлагыг УИХ-аас тавьж ажиллана. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тарааж амжаагүй юм байна. Албажсан эцсийн дүгнэлт мөн үү?
Дэд хорооны дарга Д.Батбаяр:
-Албажсан эцсийн дүгнэлт мөн.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан дээрээс нэг асуулт асууя. Мөнгөн хөрөнгө дээр 2023 оны сүүлчээр 12 их наяд төгрөг байгаа. Энэ мөнгөний хэдэн хувь Монголбанк дээр, хэд нь арилжааны банкинд байршдаг вэ?
Дэд хорооны дарга Д.Батбаяр:
-Нарийн тоог ажлын хэсгээс хариулна.
Ажлын хэсэг:
-12 их наядаас 4.5 их наяд төгрөг нь Монголбанкинд байршдаг. Энэ нь улсын төсвийн орлого болон төсөвт байгууллагуудын үлдэгдлээс бүрддэг Монголбанкны төрийн нэгдсэн дансны үлдэгдэл. Ойролцоогоор 35 хувь нь Монголбанкинд бол үлдсэн 7.5 тэрбум төгрөг нь төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын арилжааны банкин дахь харилцах дансны үлдэгдэл байгаа. Жишээлбэл, ЭТТ, Эрдэнэт үйлдвэр гэх мэт.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Монголбанкин дахь төсвийн 4.5 их наяд төгрөгийг хэрвээ арилжааны банкуудад байршуулсан бол тодорхой хувийг нь зээлж, орлого олно. Зээл ашигласан аж ахуйн нэгж орлого олж, төсөвт төвлөрүүлэх татварын орлого нэмэгдэх боломжтой. Заавал Монголбанкин дээр байршуулах нь буруу юм биш үү гэдэг санал хэлж байна.
Ажлын хэсэг:
-Засгийн газрын төрийн сангийн тогтолцоог 2002 онд нэвтрүүлсэн. Үүгээрээ бүх төсөвт байгууллага, улсын төсвийн дансыг Монголбанкны нэгдсэн дансанд байршуулж, төлбөр тооцоог хийж байгаа. Үүнийг дагаад Засгийн газрын Санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг нэвтрүүлж, улсын төсвийн зарлага, санхүүжилтийг хийдэг. Улсын 330 сум, есөн дүүрэг, 21 аймаг, бусад яамдууд дээр цахимаар гүйлгээ хийдэг болсон.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан дээр 137 төрийн өмчит хуулийн этгээд тэр дундаа 109 төрийн байгууллага дээр санхүүгийн санал дүгнэлт гарсан байна. Үүнээс 38 нь санхүүгийн хязгаарлалттай дүгнэлттэй гарсан. Нэг ёсондоо 3/1 асуудалтай байна. Боловсролын салбарын төрийн өмчит томоохон сургуулиуд хязгаарлалтад орсон байна. МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС зэрэг таван сургуульд 50 мянган оюутан суралцдаг. Эдгээр таван сургуульд нийт оюутны 40 хувь нь суралцдаг. Энэ нь менежментийн асуудал яригдана. Энэ хязгаарлалттай дүгнэлтийг гаргаад өнгөрөх ү, реформ хийх үү. Төрийн тусгай 22 сан байна. Боловсролын зээлийн сан сүүлийн 10 жил хязгаарлалттай, асуудалтай гарч байна. Нийт 120 тэрбум төгрөгийн зөрчилтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан найдваргүй зээл гэсэн байна. Юу гэсэн үг вэ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс олгосон зээлийг цэгцлэх ёстой. Д.Загджав даргын танилцуулгад БЗС-гийн эргэн төлөгдөөгүй гадаад зээл Монголбанкны саарал жагсаалтад хэзээ ч орохгүйгээр явж ирсэн. Гэтэл ардын хүүхдүүдийн дотоодын зээлийн дөрвөн сая төгрөг эргэн төлөгдөхгүй бол хар жагсаалтад ордог. Энэ аудитын дүгнэлтэд 147 хүүхэдтэй холбогдож чадаагүй гэсэн байна лээ. Энэ зээл яагаад төлөгдөхгүй байна вэ?
Дэд хорооны дарга Д.Батбаяр:
-Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа аудитын дүгнэлт гардаг. Энэ дүгнэлтийн дагуу арга хэмжээ авдаггүй асуудал ужгирсан. Тэр байтугай өмнөх парламентын үед сөрөг хязгаарлалттай дүгнэлт хүлээн авсан албан тушаалтнуудад арга хэмжээ авхуулахаар албан бичгийг Ерөнхий сайдад явуулж байсан. Харамсалтай нь энэ албан бичгийг хариуг заасан хугацаанд хүргүүлээгү, арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй явсан. Энэ бүхэн чухал асуудал. Цаашид анхаарах ёстой. Дэд хорооноос албан бичгийг шаардлага хүмүүст хүргүүлнэ.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Зөв асуудлыг хөндөж байна. Их дээд сургуулийн асуудлыг Дээд боловсролын тухай хуулиараа удирдах зөвлөл нь шийддэг байсан. Бид чанарын тогтолцоог сайжруулах, хариуцлага тооцоход нь анхаарах болно. Хоёр жил дараалан МУИС санхүүгийн хязгаарлагдмал гэсэн дүгнэлттэй. Холбогдох этгээдүүд нь хариуцлага хүлээх ёстой.
Чанарын сайн тогтолцоотой газар ийм асуудал гарахгүй. Эрх зүйн баримтыг харахаар 2011 оны долдугаар сарын 10-нд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8 зүйлд сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, эргэн төлөх тухай УИХ-аас тогтооно гэж тусгасан. Энэ зохицуулалт 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр хүчингүй болох хүртэл үйлчилсэн. БЗС-гаас олгодог гадаадад суралцах зээлийг зохицуулсан тогтоол, хавсралт журмуудад нарийвчлан тусгаагүйгээс тус сангаас зээлийн төлөлтийг шаардах нөхцөл бүрдээгүй байгаа. УИХ болон байнгын хороонд ажлын хэсэг байгуулж, зээлийг эргүүлэн төлөх ажлыг анхаарна. Би байнгын хороонд мэдээлсэн. Өнөөгийн үйлчилж байгаа дүрмийн дагуу нөхөн төлүүлэхээр ажиллана. Ер нь 10-аас дээш жил төлөөгүй 502 хүн байна. Нийт авлага 48 тэрбум төгрөг болчихсон байгаа. Энэ бүхнийг эргэж харж, төлүүлнэ. БЗС дотроо таван төрөл байдаг. Шинэчлэлүүдийг ярилцаад явна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-БЗС-гийн асуудлыг мэдэхгүй хүн байхгүй. Шинэ сайд том шинэчлэл хийх байх хүлээлт байгаа. Төрийн өмчит томоохон их дээд сургуулийн асуудал. Ганц захирлын томилгооны асуудал бус 50 мянган оюутны сурах эрх хөндөгдөнө .
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Сая улсын төсвийн тодотгол батлагдлаа. Долоон аймаг улсын төсөв төвлөрүүлнэ. Дорноговь 11 тэрбум төгрөг, Дорнод 2, Өмнөговь аймаг 1.4 их наяд, Сэлэнгэ хоёр, Дархан-Уул нэг, Орхон 137 тэрбум, Улаанбаатар 19 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталлаа. Урьд жилүүдэд Өмнөговь аймаг улсын төсөвт 2021 онд 78 тэрбум, 2022 онд 264 тэрбум, 2023 онд 456 тэрбум, 2024 онд 1.4 их наяд гээд үлэмж хэмжээний орлого төвлөрүүлж байна. Эргээд төсвийн хөрөнгө оруулалтыг аймгуудад юуг нь үндэслэж хуваарилж байна вэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт говийн бүсэд олон ажил хийхээр тусгасан ч харамсалтай нь төсвийн хууль орж ирээд өчүүхэн бага төсөв тавьчихдаг. Өмнөговь аймагт 2024 онд улсын 16 тэрбум төгрөг хуваарилсан бол зарим аймгууд 200 тэрбум давсан. Энэ онд 700 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэсэн чинь 1.4 их наяд болж нэмэгдсэн байна. Ирэх жил хэд болох вэ. Ирэх сарын 1-ний дотор улсын төсвийн хөрөнгө оруулалтаа Сангийн яам УИХ-д өргөн барих гэж байна. Цаг хугацаа богино байна. Хөрөнгө оруулалтын хуваарилалтаа яаж хийж байна вэ. Энд анхаараач ээ?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2 их наяд, 788 тэрбум, 332.7 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон дагаж мөрдөх тухай хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд 2024 оны улсын төсвийн жилд 788 тэрбум 968.7 сая төгрөг хуримтлуулна. Энэ зүйл заалтад санал хураалтыг явуулж дэмжигдэв.
Сэтгэгдэл бичих