Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Консерваторын бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Тэрбээр ОХУ-ын Пермь хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 16-28-нд зохиогдсон Е.Максимовагийн нэрэмжит олон улсын балетын бүжигчдийн XVIII “Арабеск” уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилт гаргасан юм. Энэхүү тэмцээн нь олон улсад балетын "А" зэрэглэлд тооцогддог уралдаан ажээ.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг. Энэхүү журмыг үндэслэн сурагч Ү.Анар, Г.Гансүлд нарт дээрх мөнгөн шагналыг олгохоор болсон байна.
Сэтгэгдэл бичих