Энэ жил хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдээгүй байна


8-р сарын 8
16 цаг 26 минут

Улсын их дэлгүүрээс урагш зам уруудахад өнгө өнгийн шүхрээр чимэглэсэн, 100 гаруй асар бүхий талбай угтана. 

Энэ бол нийслэлийн 15 байршилд нээгээд буй хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны нэг хэсэг юм. Эрдмийн хонх жингэнэн цангинах цаг ойртож эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг базаахаар нийслэл хотыг сүлжин давхилдаж, замын хөдөлгөөнийг хэт ихэсгэдэг билээ. Тиймээс гэртээ ойр газраас бүхий л шаардлагатай барааг худалдан авах боломжийг бүрдүүлдгээрээ хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийнхэнд олон таатай боломжийг олгодог. Бага үдийн нар хэвийх цагаар талбайн дундуур алхвал дүрэмт хувцас өмсөж үзэж буй хүүхдүүд, хэмжээ хийц нь таарч буй эсэхийг нягтлах эцэг эхчүүд олон байлаа. Хичээлийн хэрэгслийн лангуунууд ч хөл хөдөлгөөн ихтэй, “24 хуудастай дэвтрээс төдийг өдийг нэмж авъя” гэцгээх нь сонстоно.

 

Хичээлийн хэрэгслийн үнийн хувьд, хийц, загвар, материалаасаа хамаараад цүнх дунджаар 85 мянган төгрөг байна. Харин 24 хуудастай 15 дэвтэр, харандаа, баллуур, үзэг, хавтас, зургийн дэвтэр, өнгийн харандаа зэргийг худалдан авахад дунджаар 30 мянган төгрөг орчим болж буй ажээ.

Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас 119-168 мянган төгрөг, дунд ангийн  эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас иж бүрнээрээ /хүрэм, өмд, цамц, зангиа/ 202 мянган төгрөг бол эмэгтэй дүрэмт хувцас 198 мянган төгрөг болж байлаа. Харин ахлах ангийн эрэгтэй сурагчдын дүрэмт хувцас 234 мянга, эмэгтэй сурагчийнх 277 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Цаашлан үзэсгэлэн худалдааны баруун булан дахь хичээлийн хэрэгслийн асарт хүрэв. Энд харин худалдан авагч харьцангуй цөөн байв. Бага, дунд , ахлах ангийн сурагчдад хэрэгтэй барааг нямбайлан өрөөд дараагийн үйлчлүүлэгчийг хүлээх зуур нь Б.Долгионоос хэдэн зүйлийг тодруулсан юм. Түүний хувьд анх удаа энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ажээ. Одоохондоо худалдан авалтын оргил үе хараахан эхлээгүй байгааг тэрбээр дурдаад, “Бичиг хэргийн дэлгүүрт маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Харин үзэсгэлэн худалдааны хувьд, хүүхдийн хичээлд хэрэгтэй гол чухал бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттой худалдаж байна. Хаанаас авах вэ, хаана байгаа бол гэж эрж хайх шаардлагагүйгээр хүрч ирээд үйлчлүүлснээр худалдан авагчдын цагийг ихээхэн хэмнэдгээрээ үзэсгэлэн худалдаа ач тустай”-г онцолсон юм.

 

Худалдаа эрхлэгчдийн яриагаар энэ жил хичээлийн хэрэгслийн үнэ огт нэмэгдээгүй гэнэ. Хэдийгээр манай улс хичээлийн хэрэгслийн 90 хувийг импортолдог ч үнэ ханшийн хувьд харьцангуй тогтвортой байгааг тэд тодотгож байв. Ажлын өдрүүдэд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа харьцангуй хүн цөөнтэй байгаа бол амралтын өдөр хөл хөдөлгөөн эрс ихэсдэг байна. Цаашлаад хичээлийн шинэ жил дөхөх тусам бараа таваарын үнэ нэмэгдэх, худалдан авагчдын хөл хөдөлгөөн нэмэгддэг учраас бараа бүтээгдэхүүн сонголт сайтай байх үед нь үйлчлүүлэхийг худалдаа эрхлэгчид зөвлөж байв.

 

Сурагчаас гадна цэцэрлэгийн насныхны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах “нүсэр ажил” эцэг эхчүүдэд тулгардаг. Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч 17 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн, зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл бэлтгэдэг. Цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг багцалж авахад дунджаар 90 мянган төгрөг орчим болж байгааг эцэг эхчүүд хэлж байлаа. Харин ариун цэврийн хэрэгсэл нь мөн хүүхдийн насанд тохирсон, чанарын стандартыг хангасан гарын шингэн саван, шүдний оо, сойз, ариун цэврийн цаас, амны цаас, барааны саван хамгийн багадаа 80 мянган төгрөг болох гэнэ. Ингээд тооцвол цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд хамгийн багадаа 200 мянган төгрөг болох тооцоо гарч байна. Харин цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг улирлаар бус бүтэн жилээр авдаг байх хүсэлтэй байдгаа эцэг эхчүүд энэ үеэр хэлж байв. Өмнө нь бүтэн жилээр авдаг байсан бол сүүлийн жилүүдэд ихэнх цэцэрлэг улирлаар авдаг болсныг эцэг эхчүүд ихээхэн төвөгшөөж байгаа ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ10 сар 20. 10:57Шатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ10 сар 20. 10:55Мөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ10 сар 20. 10:53Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана10 сар 20. 10:51Францын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ10 сар 20. 10:39Хуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна10 сар 20. 10:38ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ10 сар 20. 10:31Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.