"Түрэгийн түүхийг монгол хэлийг сурахгүйгээр судлах боломжгүй""Түрэгийн түүхийг монгол хэлийг сурахгүйгээр судлах боломжгүй"


8-р сарын 7
13 цаг 49 минут

Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын төлөөлөгчид Туркийн “Мармара групп” сангийн урилгаар Турк улсад ажлын айлчлал хийж байна. “Мармара групп” сангийн ерөнхийлөгч Аккан Суверийг Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын дээд шагнал “Энхийн Алтан-Од”-оор шагнасныг Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр 2024 оны наймдугаар сарын 5-ны өдөр гардуулан өглөө.

Энэ үеэр эрдэмтэн профессор Илбэр Ортаих Монгол-Туркийн харилцааны талаар илтгэл тавилаа. Профессор Илбэр Ортаих нь Туркийн түүх, Крымийн татарын түүхээр мэргэшсэн, дэлхийд танигдсан, нэр хүндтэй эрдэмтэн юм.

МОНГОЛ, ТУРК ХОЁР МОРЬТОН АРД ТҮМЭН ГЭДГЭЭРЭЭ ИЖИЛСДЭГ

 

“Монгол, туркууд хэзээ хөрш зэргэлдээ амьдарч байсан түүхийн баримт байхгүй байгаа ч энэ хоёр ард түмэн аль аль нь морьтон, нүүдэлчин, дайчин ард түмэн. Мал аж ахуйн талаар нийтлэг ойлголттой ард түмэн. Тийм учраас өнөөгийн өдөр тутмын амьдралд ч нийтлэг зүйлс байсаар байна. Турк хэлэнд монгол үг их байдаг. Монгол, турк хоёр эртнээс ямар нэг зөрчилгүй зэргэлдээ амьдарсаар ирсэн”-ийг онцлон тэмдэглэлээ.

Дэлхийн нүүдэлчин ард түмний түүх ижил төстэй ч Монгол, Турк хоёр морьтон ард түмэн гэдгээрээ ижилсдэг. Хоёр ард түмний харилцаа дэлхийн нэгдүгээр дайнаас хойш хоёр өөр системд харъяалагдаж байсан учраас царцанги байдалд байсан, харин 1990 оноос хойш социалист систем задарснаар хоёр улсын харилцаа бүхий л чиглэлээр эрчимтэй сэргэсэн болохыг профессор Илбэр Ортаих хэллээ.

Орчин цагийн Монголын ард түмний нэг онцлог байгаа нь ардын урлагаа хадгалан авч хөгжүүлээд явж байгаагаас гадна хэдийгээр хүн цөөн ч гэсэн дэлхийн сонгодог урлагийг хөгжүүлээд явж байгаа нь монголчуудыг ялгаруулж байгаа хэмээн тэрбээр үздэг ажээ. Өнөөгийн Турк улсыг үндэслэгч Ататюрк үндэсний урлагаа дэлхийн сонгодог урлагтай хослуулан хөгжүүлэх хүсэлтэй байсан энэ хүслээ биелүүлж чадаагүй ажээ.

XXI зууны Монголын хувьд мал аж ахуй болон байгалийн баялгаа үр ашигтай, үр дүнтэй ашиглахын тулд барууны орнуудтай илүү гүнзгий харилцаа тогтоох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа профессор хэлээд Монгол Улс энэ зорилгоо биелүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд Монголын залуучууд барууны орнуудаас илүүтэй суралцах нь чухал гэлээ.

Гадаад бодлогын хувьд Монгол Улс тэгш харилцааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг бөгөөд нэг том бүлэгт нэгдэж орохоос илүүтэй өөртэйгөө ижил төстэй улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хуваалцлаа.

Эрхэм профессорын үзэж байгаагаар Турк улс хөдөө аж ахуй, газар тариалангийн хувьд хямралт байдалд орсон гэж дүгнэж байгаа бөгөөд үүний шалтгаан нь хөдөө орон нутгийн иргэд газар нутгаа орхин суурин газар руу шилжин суурьшиж байгаатай холбоотой бөгөөд энэ нь Туркийн эдийн засгийн уламжлалт салбар болох мал аж ахуй, газар тариаланг доройтуулж байгаа ажээ. “Ялангуяа морьтой ажиллах хүн бараг байхгүй шахуу боллоо. Тиймээс бусад орны цагаач иргэдийг Турк хүлээн авахаас илүүтэй морь, малын соёлтой Монголоос ажиллах хүч авах нь зүйтэй” хэмээсэн нь анхаарал татлаа. Мөн Туркийн оёдол, нэхмэлийн компаниуд Монголд үйлдвэрлэл эхлүүлэх, хамтран ажиллах боломж харагдаж байгааг Илбэр Ортаих хэллээ.

Эцэст нь Туркэд Монголын талаарх мэдээлэл тун хомс байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Түрэгийн түүхийг монгол хэлийг судалж мэдэхгүйгээр судлах боломжгүй. Тиймээс энэ чиглэлд ч анхаарал хандуулах цаг болсон гэсэн үгээр профессор Илбэр Ортаих илтгэлээ өндөрлүүллээ.

ЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР: ХОЁР ОРНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Хоёр орны харилцааны сул болон давуу талуудад дүгнэлт хийж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн судалгаанд үндэслэн санал бодлоо хэлж, харилцааны талаарх сонирхолтой байр суурийг илэрхийлсэнд Монголын Элчин сайд талархлаа илэрхийлсэн.

“Энэ жил хоёр улсын харилцаанд онцгой жил тохиож байгаа. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа явдал юм. Өнгөрсөн сард хоёр улсын Ерөнхийлөгч Астана хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Хоёр ерөнхийлөгчийн харилцан айлчлал хүлээгдэж байна. Энэ ондоо багтаад Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танай сайхан оронд айлчилна. Хоёр орны хооронд улс төрийн харилцаанын ямар нэг асуудал бэрхшээл байхгүй. Би Турк улсад Элчин сайдаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Урагшилж байгаа, сайжирч байгаа зүйл их бий. Илүү хүчин чармайлт гаргаж сайжруулах нэг зүйл нь худалдаа, эдийн засгийн харилцаа байна.

Бид ах дүү улсууд, их амархан ойлголцоно, та бүхний өвөг дээдэс Монголын Орхоны хөндийд амьдарч байсан археологийн олдвороор нотлогдож байгаа. Эрхэм профессор Илбэн Ортаихтай санал нэг байна. Монголын тухай мэддэг хүн Туркэд туйлын ховор байна, Чингис хааныг харин түлхүү мэддэг. Туркийн оёмол эдлэлийг монголчууд илүү мэддэг, хэрэглэдэг. Танай барилгын материал бидэнд хэрэгтэй, танай технологи хэрэгтэй, манай д түүхий эд байна. Долоо хоногийн дөрвөн өдөр “Туркиш эйрланс” Улаанбаатар руу нисч байна. Мөн Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани зуны улиралдаа долоо хоногт мөн дөрвөн удаа нисч байна. Туркийн Туркийн Истанбул-Азербайжан-Монгол гэсэн маршрутаар газрын тээвэр хийх зөвшөөрөл Монголын талд 250, Туркийн талд мөн 250, нийт 500 машины зөвшөөрөл бэлэн байгаа ч, бараг ашиглагдахгүй байна. Монгол өргөн уудам газар нутагтай,  3.5 сая хүн амтай. Хүн ам цөөн гэдгийг харах хэрэггүй, манайд хоёр хөрш болох Орос, Хятадын том зах зээл байгааг харах хэрэгтэй. Манай чөлөөт бүсэд танай технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлээд хоёр хөршийн зах зээл рүү гаргах боломж байна. Зөвхөн Монголоор харах хэрэггүй, манай урд Хятадын том зах зээл байна, танай технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлээд Хятад, Орос гэсэн манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэх боломж бий” хэмээн Элчин сайд Г.Мөнхбаяр хэллээ.

"МАРМАРА ГРУПП” САН НЬ МОНГОЛТОЙ ОЛОН ЖИЛИЙН НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ

“Мармара групп”-ын захирал, Туркийн анхны Press card эрх бүхий олон улсын сэтгүүлч, дипломат асан доктор А.Сувер нь 1998 онд Евроазийн эдийн засгийн чуулганыг санаачилж, ийнхүү тус арга хэмжээ тасралтгүй жил бүр Истанбул хотноо зохион байгуулагдсаар олон улсын нэр хүндтэй яриа хэлэлцээний платформ болжээ. Евроазийн эдийн засгийн чуулганд Европ, Азийн улсуудын төр, засгийн тэргүүн, сайд, эрдэмтэн мэргэд болон төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүдийг урьж оролцуулан илтгэл, мэдээлэл хийлгэдэг аж.

“Мармара групп” нь 2000 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ажиглагч статустай болсон бөгөөд 2002 оноос Балканы Улс төрийн клубын гишүүн, 2006 оноос Дэлхийн монголчууд конвенцийн гишүүн, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /PABSEC/ Парламентын чуулганы ажиглагч гишүүн, Венийн эдийн засгийн форумын түнш юм. Тус чуулга уулзалтын нээлтийн үгийг Туркийн Ерөнхий сайд, Шадар сайд нар хэлж байсан, харин Турк Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжсэнээр, тухайлбал, 2019 онд дэд Ерөнхийлөгч, 2021 онд Ерөнхийлөгч нээлтийн үгийг хэлсэн байна.

Тус арга хэмжээнд голдуу Зүүн Европ, Балкан, Төв Ази, БНХАУ, Өмнөд Ази, Африкийн зарим орны төр засгийн тэргүүн асан хүмүүс оролцдог. Тухайлбал, 2021 онд тус арга хэмжээнд 32 улс орны улс төр, эдийн засаг, шашны төлөөлөгчид оролцсоноос 11 Ерөнхийлөгч асан, үүргээ гүйцэтгэж буй гурван Ерөнхийлөгч /Турк, Азербайжан, Босниа Херцеговина/ оролцсон.

“Мармара групп” нь Монголын Энх тайван, найрамдлын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Доктор А.Сувер тэргүүтэй “Мармара групп”-ын төлөөлөгчид 2017 онд Монгол Улсад зочилж байжээ. Монгол, Түркийн түүхэн уламжлалт, найрсаг дотно харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргасныг үнэлж доктор А.Суверийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон болон бусад медалиар шагнасан.

Евроазийн эдийн засгийн дээд түвшний уулзалтуудад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Эрчим хүч, эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт, хамба лам Д.Нацагдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын дарга асан Г.Занданшатар нар оролцож байсан. Энэ оны хоёрдугаар сард зохиоглсон 27 дахь удаагийн форумд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцож илтгэл тавьжээ.

 Сэтгүүлч Д.НАРАНТУЯА /Истанбул, Турк/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.