Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ


7-р сарын 9
18 цаг 32 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хааны гэр бүл болон Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг өндрөөр үнэллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч түүх, шашин, соёлын биет бус өвийн гүнзгий хэлхээ холбоотойг онцолж, энэ удаагийн төрийн айлчлал өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ахиулан, харилцааны түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон, нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилт, бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахын төлөө гэдгээ нотоллоо.

Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын Судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсийн төлөө хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ удаагийн айлчлалын дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг салбарыг хөгжүүлэх замын зураглал нь болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоогоо ажил хэрэг болгож, оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулахаар шийдвэрлэлээ.

Иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх зорилгоор “Go Mongolia” үндэсний брэндийг “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулахаар болов.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны   “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо.

Уулзалтын дүнгээр Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд байгууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ2025, 10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА2025, 10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ2025, 10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА2025, 9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ2025, 9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог2025, 8 сар 21. 15:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.