Б.ЭРДЭНЭТУЯА: БИ ТАЙЗАН ДЭЭР ГОО ҮЗЭСГЭЛЭНТ БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮРЭЭР АМЬДАРСАН


6-р сарын 10
19 цаг 00 минут
Б.Эрдэнэтуяа: Би тайзан дээр гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дүрээр амьдарсан
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяатай ярилцахаар ДБЭТ-ыг зорилоо. Тэрбээр Ардын жүжигчин Д.Баадайжав, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, МУГЖ А.Бүтэд, Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам нарын хоолойны бэлтгэлээ хийдэг байсан гоцлол дуучны өрөөг өнөө цагийн шилдэг дуучид болох Ө.Уянга, Ш.Наранцэцэг нарын хамт залгамжлан суудаг ажээ. Дуурь бүжгийн эрдмийн театрынхан удахгүй тавигдах “Чингис хаан” дуурьд бэлтгээд тун завгүй байсан бөгөөд гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа энэ дуурьт Сочигэл хатны дүрд тоглохоор бэлтгэж байсан юм.
-Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Танд хүлээлт байсан уу?
-Надад энэ хүндтэй шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны хоёр сайхан одонгоор дэвсгэрлэж ирлээ. Хүн болж төрснийх улсаараа овоглуулж явна гэдэг нэр хүндтэй сайхан зүйл юм. Миний хувьд энэ шагналыг хэзээ авах бол гэсэн хүлээлт байгаагүй. Сая наадмын өмнө аав ээж хоёр маань бүх хүүхдүүдээ аваад сүлжээгүй газарт оччихоод намайг жаахан сандаргалаа. Би Хүй долоон худагт болдог Соёлын наадамд дуулах болоод тэдэнтэйгээ хамт явж чадаагүй юм. Гэнэт л нэг орой арав өнгөрөөгөөд танихгүй дугаараас залгасан. Авсан чинь “Танд баяр хүргэе, Монгол Улсын Гавьяат жүжигчин болсныг дуулгах гэсэн юм” гэдэг байгаа. Эхэндээ надаар нэг нь тоглож байна гэж бодсон. Шагналаа авсны дараа олон хүн баяр хүргэсэн. Зарим нь “Одоо болтол энэ цолыг аваагүй байсан юм уу” гэсэн. Тэгэхээр ямар ч байсан ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж, хүлээлт үүсгэж байжээ гэсэн бодол төрсөн.
 
-Таны удам сударт дуулдаг хүн байв уу?
-Миний аавын нагац ах дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан “нарийн хоолойт Намжил” гэж хүн байдаг. Театрын жаран жилийн ойд зориулан гаргасан “Нэгэн жарны зуун эрхэм” номонд ахын маань тухай багтсан. Би чинь ааваараа овогловол Ховдын Чандмань сумынх, ээжээрээ овогловол Дундговийн Дэлгэрхангай сумын хүн. Энэ гайхалтай хоёр нутаг бол нэг нь хөөмийн өлгий нутаг, нөгөө нь уртын дууны өлгий нутаг гэгддэг шүү дээ. Тэгэхээр миний цусанд урлагийн судал байдаг болов уу гэж боддог. Ах маань амьд сэрүүн байхдаа намайг их л нандигнаж, дүүгээ зориод ирдэг байсан. Гэхдээ одоо ах дүү хамаатан садныхаа хүүхдүүдийг дуулж, бүжиглэж байна гэхээр урлагийн хүн болохгүй шүү гэж хэлдэг. Ямар хүнд ажил болохыг биеэрээ мэдэрсэн болохоор тэгдэг байх.
–Урлагийн хүмүүс дандаа л тэгж ярих юм?
-Найдалмаа багш маань нэг удаа “Сонгодог урлаг гэдэг бол яг л булгийн ус шиг. Аваад байх тусам ундраад л байдаг зүйл” гэж хэлсэн. Сонгодог урлагт би СУИС-д таван жил, Италид долоон жил, Дуурь бүжгийн эрдмийн театрт хорь гаруй жил суралцаж байна. Одоо хүртэл сурсаар л байгаа. Энэ бол амар ажил биш. Урлагийн хүн бусдад гоо сайхныг мэдрүүлэхийн тулд сайхан харагдах ёстой. Сайхан харагдана гэдэг өөрөө бас нэг төрлийн хөдөлмөр, хичээл зүтгэл юм. Дуурийн театрт ирсэн үзэгчид мөнгөө төлсөн. Сайхан зүйл үзэх гэж, таашаал авах гэж ирдэг. Тэдэнд миний 40 хэм хүртэл халуурсан эсвэл шөнөжин шүд нь өвдсөн байх бол сонин биш. Тэд “Чио чио сан”-г эсвэл Нансалмаа, Хоролмааг хүлээж байдаг. Бид бол ард түмэнд үйлчилдэг, төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд шүү дээ. Тэгээд ч миний хувийн амьдрал, миний асуудалд үзэгч буруугүй гэж боддог. Ягаан байшинд орж ирэхдээ өөрийнхөө амьдралыг орхиж, тэр дүрээр амьдардаг.
-Яагаад дуучин, тэр дундаа дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?
-СУИС-д анх орохдоо би дуурийн дуучин болно гэж бодоогүй. Тэр үед ганцхан дуулаачийн анги л байсан. Манай ангид уртын дуучин Г.Бямбажаргал, Д.Ширмэнтуяа, эстрадын дуучдаас Н.Гантулга, Б.Мягмарсүрэн, Ж.Алтанцэцэг, Харшийн С.Баасандорж нар байлаа. Нэгдүгээр курсэд байхад Найдалмаа багш маань “Чио чио сан” дуурийн Эрвээхэй хатны дөрвөн аригаар нээлттэй хичээл, лекц концерт хийсэн юм. Би тэр үед багшийг “олгой” шиг л дагаж явдаг байлаа. Энэ лекц концертын дараа “Би дуурийн дуучин болно. Дуурийн дуучин болохдоо би энэ дүрийг дуулдаг, Эрвээхэй хатан болно” гэж дотроо бодсон. Багш маань надад тэгж нөлөөлж, хүмүүжүүлсэн дээ.
-Та мөрөөдлөө биелүүлж, зорьсондоо хүрч чаджээ. Гэхдээ энэ хүртэл явахад шантрах зүйл байсан уу?
-Би их жижигхэн биетэй охин байсан л даа. Төгсөхийн урьд жил жүжигчний уран чадварын хичээл орж байсан А.Дашпэлжээ багш намайг дуудаад, “Миний охин сайхан хоолойтой, боловсролтой, сайхан охин. Гэхдээ тайзан дээр их жижигхэн харагдах юм. Сургуулиа төгсөхөөс өмнө дуурийн театрт дуулсан нэг дүртэй байх юм бол хүний нүдэнд таван сантиметр өндөр харагдана” гэсэн. Тэгээд намайг “Кармен” дуурийн Микаэлагийн дүр чамд яг тохирно гэсэн. Микаэло бол ээжийнхээ захиасаар Севил хотод ноён Хосег эргэхээр ирсэн, юм бүхнээс айж цочсон тосгоны жижигхэн охин юм. Одоо бодоход тэр охин чинь ерөөсөө л би байсан юм билээ. Тухайн үед Л.Эрдэнэбулган найруулагч “Энэ нэг бөөс шиг юмыг чинь тайзны хаана гээчихнэ гэж бодох юм. Авахгүй” гэсэн юм билээ. Тэр жил би Г.Пүрэвдорж багшийн нэрэмжит уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн. Тайзан дээр улаан хамба хилэн платье өмсөөд гараад ирсэн чинь Л.Эрдэнэбулган найруулагч “Өө, энэ чинь тайзан дээр сунадаг юм байна” гэж байснаа хожим надад ярьсан.
–Дуурийн дуу дуулахын юу нь хамгийн сайхан бэ?
-Дуурь бол багц урлаг. Гэрэл, тайз, оркестр, симфони, балет гээд бүгдийг цогцлоодог. Одоо бидний бэлдэж буй “Чингис хаан” дуурьт гэхэд хөөмий орсон байгаа. Дуурийн дуучин гэдэг бол жүжигчин байдаг. Хүн бүр амьдрал дээр зөвхөн өөрийнхөө дүрд тоглодог. Харин би тайзан дээр хорвоо ертөнц дээр байсан бүх л үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хайр дурлалын түүхийг амилууллаа. Тэдний дүрээр амьдарсан. Би Нансалмааг ч, Хоролмааг ч бүтээж явсан. Хүмүүс надаас та Нансалмаа юу, Хоролмаа юу гэж асуудаг. Би Хоролмаа. Би мах цусны Хоролмаа. Хоролмаа бол язгууртан гаралтай, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсан. Харин Юндэн ард гаралтай байсан учраас өөртэйгээ ижил түвшний Нансалмаатай учирч дурладаг юм. Хоролмаад нэг давуу тал байсан нь хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг чанар нь юм. Эмэгтэй хүн амьдрал дээр тийм байх ёстой. Хоролмаагийн дүрийг тайзан дээр амилуулахад нэгэн бодлын хэцүү. Хоролмаа худлаа хэлдэг боловч түүндээ эмзэглэж, эмээж байдаг. Би Хоролмааг тэгж ойлгож, түүнийгээ үзэгчдэд ойлгуулах гэж хичээдэг.
-Хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж бүтээсэн дүр тань аль нь вэ. Аль дүрдээ хамгийн хайртай вэ?
-Дүр бүхэн минь надаар дамжиж төрдөг болохоор бүгдэд нь хайртай. “Чио чио сан” дуурийн Эрвээхэй хатны дүрээр гадаад дотоодод их явсан. Энэ дүрээрээ олонд танигдаж байгаа болохоор маш их хайртай. “Аида” бол миний мөрөөдлийн дүр байсан. Аав ээж хоёр маань миний алтан фенүүд л дээ. Бүх дуурийг минь үзнэ. Би хоёр жил төрсөн өдрөөрөө хоёр өөр дуурьт дуулсан юм. Нэгэнд нь Триавата дуурийн Виолетта. Виолетта жүжгийн төгсгөлд уушгины өвчнөөр нас бардаг юм. Нөгөө нь “Чио чио сан” дуурийн Эрвээхэй хатан. Эрвээхэй хатан мөн жүжгийн төгсгөлд өөрийгөө егүүтгэдэг. Ерөнхийдөө миний дүрүүд нэг иймэрхүү. Тэгсэн ээж маань ямар сайндаа “Адаглаад төрсөн өдрөөр нь үхүүлэхгүй байж болдоггүй юм байх даа” гэж байж билээ.
-Танд одоо бүтээхийг хүсч буй ямар дүр байна?
-Дуучны хувьд олон сайхан дүр бүтээсэн. Гэхдээ бас шунаж байгаа хоёр сайхан дуурь бий. Тэр хоёр дуурьтаа шунасаар байгаад гарах байх аа. Уран бүтээлчийн хувьд “би таваг хоол иджээ гэхэд цадсан” гэж бодож болно. Харин одоо багшийн ажилд их шунаж байна. Италиас хүрч ирээд театртаа хэдэн жил болж байхад СУИС-ийн М.Найдалмаа багш маань над руу яриад “Багшлах хэрэгтэй байна. Өөрийнхөө ажил мэргэжлийг шавьдаа өвлүүлж үлдээмээр байна” гэсэн. Түүнээс хойш гурав дахь жилдээ багшилж байна. Тэгэхээр багшлах эрдмийн хувьд би залуу багш юм. Дуучин байхдаа би өөрийнхөө учрыг олох гэж хичээдэг байсан бол одоо өрөөлийн учрыг олох гэж явна.
 
-Дуурийн эх орон Италид суралцаж байсан үеэ дурсаач?
-Би СУИС-ийг 1996 онд төгсөөд 1997 онд “Гоо марал”-ын эзэн болж байлаа. Тухайн үед шүүгчид надад “хийсэн юмны чинь төлөө биш хийх юмны чинь төлөө” энэ шагналыг өгч байгаа юм шүү гэж хэлсэн. Түүнээс би маш их урам авсан. СУИС-ийн төгсөх ангийн оюутан байх үеэсээ л Итали явж суралцахыг хүсч, хөөцөлдсөн боловч хойшилсоор байгаад 2001 онд явсан. Энэ хугацаанд Дуурь бүжгийн эрдмийн театрт таван жил гоцлол дуучнаар ажилласан. Ингэж ажилласны хүчинд би надад юу дутуу байна гэдгийг мэдэхтэйгээ болсон. Тэр үед би дуурийн урлаг яагаад жүжгийн төрөлд багтаж явдгийг ойлгоогүй байсан юм билээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж үг байдаг. Намайг өсгөж хүмүүжүүлж, эрдэм боловсролтой болгосон ээж аавдаа, алхам тутамд минь урам зориг өгч байсан багш нартаа, Итали явуулж өгсөн ДБЭТ-ын хамт олны хүчинд би өдий зэрэгтэй явна гэж боддог. Би найман сарын хугацаатай явсан ч надад сурах зүйл их байсан учраас тэндээ үлдэж долоон жил суралцсан. Энэ хугацаанд ДБЭТ-ынхантайгаа үргэлж холбоотой байж, жил бүр ирж дуулдаг байсан. Хүн эргээд ирэх хаягтай, халуун дулаанаар тэврээд угтах хамт олонтой байна гэдэг сайхан юм билээ.
–Таны бага нас хаана, яаж өнгөрсөн бэ. Багадаа дуулдаг байсан уу?
-Намайг таван настай байхад аав маань Дубнагийн цөмийн институтэд урилгаар ажиллах болж манайх Орос руу явсан юм. Би гурван хүү, нэг охинтой айлын ганц охин шүү дээ. Тэндээ сургуульд орох болоход хэл хурдан сурах хэрэгтэй болсон. Тэгээд л хор дуунд дуулдаг болсон. Бүрэн дунд сургууль төгстөлөө хорт дуулсан. Багш нар маань намайг политехникийн сургуульд оруулна гэж байсан. Харин ээж намайг эмч болгох хүсэлтэй байсан. Би зөрсөөр байгаад дуучин болсон юм. Тэгээд 17 настай СУИС-д орох гэтэл хоолойг маань төлөвшөөгүй гээд авахгүй байсан. Аав ээж хоёр дараа жил орж болно ш дээ гэхэд нь “Үгүй би энэ жил л орно. Тэгэхгүй бол дахиж тийшээ зүглэхгүй” гэж уурласаар байгаад СУИС-ийн анхны төлбөр төлж суралцсан оюутан болж байлаа.
-Таны бодлоор амьдралын утга учир, аз жаргалын амт нь юундаа байдаг юм бэ?
-Миний хувьд хамгийн дуртай зүйлээ, хоббигоо ажил мэргэжил болгож чадсан хүн юм. Үүндээ их баяртай байдаг. Аав ээж, гэр бүл, найз нөхөд, хамт олон, шавь нараасаа урам авч амьдардаг. Дуурийн театрын ягаан байшин минь миний хоёр дахь гэр. Энэ мэтээр өөртөө байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдэрч амьдардаг. Өнгөрсний хойноос шаналахгүй, маргаашийн төлөө санаа зовохгүй, өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдрахыг хичээдэг дээ.
/Өдрийн сонин 2017.07.26 Б.Наранчимэг/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.