Д.ӨСӨХБАЯР: УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ ОНЦГОЙ ЧУХАЛ


6-р сарын 10
13 цаг 19 минут

УИХ-ын ээлжит сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Хойд бүсэд Ардчилсан намаас нэр дэвшигч Дорлигийн Өсөхбаяртай ярилцлаа.

“Чандмань”-ийн Өсөхөөг Эрдэнэтэд танихгүй, мэдэхгүй хүн ховор байх. Гэхдээ та энэ удаагийн сонгуульд Хөвсгөл, Булган, Орхон аймгууд буюу хойд бүсэд нэр дэвшихээр болсон. Тийм болохоор өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Намайг Дорлигийн Өсөхбаяр гэдэг. Би эцэг эхээс наймуулаа. Аав Булган аймгийнх, ээж Хөвсгөл аймгийн хүн байсан. Таван ах, нэг эгч, нэг дүүтэй. Одоогоор Орхон аймгийн Эрдэнэт хотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Таны ажил амьдралын замнал амаргүй байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг санагддаг. Арван ам бүлтэй айлын долоо дахь хүүхэд байсан болохоор дунд сургуулиа төгсөөд шууд их сургуульд элсэн суралцаж чадаагүй гэдэг. Энэ түүхээ хуваалцаач?

Ний нуугүй л ярья. Намайг аравдугаар анги төгсөх үед ардчилсан хувьсгал ялаад удаагүй, бүх үйлдвэр, аж ахуйн нэгж хаалгаа барьчихсан, их дээд сургууль төлбөртэй болчихсон байсан. Дээр нь би чинь айлын долоо дахь хүүхэд, зургаа дахь “бакал”. Сургуульд сурах боломж байгаагүй. Ингээд шууд ажлын талбарт гарсан. Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажилд орж байлаа. Би өөрийгөө амьдралын их сургууль төгссөн гэж хэлэх дуртай. Хүн ямар ч айлын хүүхэд болж төрж болно. Гэхдээ тэмцэлтэй, зүтгэлтэй, өөртөө итгэлтэй, бардам, бадрангуй байх хэрэгтэй гэж боддог. Цахилгаанчнаар ажиллахын хажуугаар би жудо бөхөөр хичээллэнэ. Бас болоогүй Эрдэнэтийн хамгийн хөөрхөн охинтой үерхэж, гэр бүл болоод амжсан. Миний ханийг Мишигийн Сарнай гэдэг. Бид хоёр анхны хүүхдээ 1996 онд өлгийдөн авч байлаа. Дөрвөн хүүхдийг минь төрүүлж, өсгөсөн сайхан бүсгүй бий.

Гэр бүл зохиогоод, амьдралтай нүүр тулаад ирэхээр цахилгаанчны цалин амьдралд хүрэлцэхгүй болоод ирсэн. Ингээд бид хоёр 1999 онд Солонгосын виз мэдүүлж, Солонгост очиж жил шахуу хугацаанд хамт ажиллаад ирж байлаа. Солонгост байхдаа би гурван үйлдвэрт ажилласан. Тэндээс бид хоёр их зүйл сурсан. Бизнес хийж болох юм байна. Гол нь эрт босч, илүү их хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг бид хоёр хоёулаа ойлгосон. Ирээд л бизнесээ эхлүүлсэн дээ.

Эрдэнэтэд олон зүйлийн анхдагч байсан гэдгээр нь таныг Эрдэнэтчүүд анддаггүй юм билээ. Цаг хугацаатай өрсөж, цаг үеэ мэдэрч, цаг үетэй хөл нийлж явсны тань нууц юу вэ?

Нууц гээд байх юм байхгүй дээ /инээв/. Ардчилсан хувьсгал ялж, хүн бүхэнд ийм боломж олгосон юм шүү дээ. Бидний баян байна уу, ядуу байна уу, их сургууль төгссөн байна уу, үгүй юу гэдгээс үл хамаарч хичээж, зүтгэсэн хүн бүхэн эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг ардчилал олгосон гэдгийг одоо хэр ойлгоогүй хүмүүс байдаг.
Хадам аав минь “Чандмань” төв гээд обьекттой байсан. Эхнэр бид хоёр тэр төвийг түрээслээд ажиллуулж эхэлсэн. Яг тэр үед Монголд Cass Town компани байгуулагдаад Cass пивийг орон нутагт зарах боломж олдсон. Шууд ажиллуулж байсан Барандаа заръя гэхээр заавал бөөний төвийн зөвшөөрөл хэрэгтэй гэсэн. Ингээд 2000 онд 60 м.кв талбай тохижуулаад, стандарт хангасан Бөөний төв ажиллуулж, санамсаргүй байдлаар худалдааны бизнес рүү орсон доо. Эрдэнэтэд “Чандмань” бөөний төв, супермаркет бүх том компанийн гэрээт борлуулагч болоод хүнс бараа зарж эхэлсэн. Ингээд би богино хугацаанд саятан болсон.
Удалгүй 2002 онд бизнесээ өргөжүүлээд Булган аймгийн Бугат суманд Мааньт гээд амралтын газартай болсон. 2006 онд намайг барилгын салбар руу орж эхлэхэд бизнес эрхлэгчид мөн л энэ салбар руу ороогүй байсан. Барилгын салбарт мөн л амжилт олсон. Эрдэнэт үйлдвэрийн бүх цех, хэлтсийн засвар, бүтээн байгуулалтад гар бие оролцсон.

Одоо эргээд бодоход залуу хүн зоригтой байжээ гэж боддог. Мөн таны хэлсэн шиг цаг үеэ соргог мэдэрч чадсан юм шиг санагддаг.  

Та түрүүнд өөрийгөө амьдралын их сургууль төгссөн гэлээ. Гэхдээ албан ёсоор номын дуу сонсож, эрдмийн зэрэг хамгаалсан уу?

Тэгэлгүй яахав. Бизнес хийнэ гэдэг чинь багаар ажиллах, удирдан зохион байгуулах, санхүүгийн сахилга бат, менежментэд хүссэн хүсээгүй сургадаг юм билээ. Энэ бүх практик мэдлэгээ бататгаж, “Дархан” дээд сургуульд “Эдийн засагч”-аар бакалаврын зэрэг, Эрдэнэтийн их сургуульд “Барилгын инженер”-ээр, дараа нь “Этүгэн” сургуулийн Эрдэнэт дэх салбарт “Төрийн захиргаа, удирдлага”-аар суралцаж магистр болсон.

Таны нэрний өмнө олон тодотгол явдаг. Тэдний дотор жүдоч Өсөхөө, уяач Өсөхөө хоёр сонирхолтой дүр санагддаг?

-Би хар залуугаасаа хачин өөртөө итгэлтэй, холын зорилго, хүсэл мөрөөдөлтэй хүн байсан. Хорвоо дэлхий дээр хүн болж төрнө гэдэг дээдийн хувь заяа шүү дээ. Энэ хувь заяаны эзэн болсон бол хүн бүхэн ийм л байх хэрэгтэй гэж боддог. Надад өөрийгөө цахилгаанчин гэж гололгүй жүдогоор хичээллэж, нэртэй тамирчин болохыг мөрөөдөж, зорьж явсан үе бий. Хэдий түүндээ хүрээгүй ч жүдо надад ихийг өгсөн. Би спортын зүтгэлтэн, жүдогийн Өсөхөө гэдэг нэрэндээ их хайртай.

Уяач Өсөхөөгийн хувьд аймгийн алдарт уяачийн болзлыг аймгийн чанартай уралдаанаас 12 айраг, түрүү авч байж хангадаг. Бүх зүрх сэтгэлээ зориулж байж морь давхидаг. Би таван жил морио яг дагаж байж тэр болзлыг хангасан юм шүү дээ.

Улстөрд хөл тавих санаа сэдэл, амбиц хэзээ, хэрхэн яаж танд бий болов?

Нэг л жишээ татъя. Харсаар байтал өрнөж байгаа шударга бус байдлыг тэгш бус боломжийг өөрчлөхийн тулд энэ шийдвэрийг гаргасан. Бизнесмэн Өсөхөө өдөр шөнөгүй хичээж, зүтгэж хөдөлмөрлөөд, таван жил ашигтай ажилласны дараа Ланд-200 унах эрхтэй болсон. Ахиад таван жил хөдөлмөрлөөд гурван өрөө байранд тухтай амьдрах эрхтэй болж байлаа. Гэтэл миний анзаарснаар яам тамгын газар, хэлтэс агентлагт дарга сэтэр зүүсэн хүмүүс жилийн дотор Ланд-200 унаад эхэлсэн л дээ. Тэр дарга нар хүн цалинжуулж, хар бор ажил хийж үзээгүй байдаг. Тэд бидний эгэл бор амьдралыг мэдэхгүй шүү дээ. Гэтэл энэ бүхнийг би өөрөө хөлс хүчээрээ бий болгосон. Тийм болохоор би УИХ-д сонгогдож, хүн бүрт тэгш боломж олгож, улс орноо гэсэн чин сэтгэлээр хөгжлийн төлөө зүтгэх үүрэгтэй гэж өөрийгөө үзэж байгаа. Би хэн нэгэн даргын цүнх баригч болоогүй. Тийм болохоор би гишүүн болвол ямар ч нөхцөлд ард түмний талд зогсоно гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байна.
Тэгвэл яагаад Ардчилсан намыг сонгох болсон бэ?
 Би 2013 онд анх Ардчилсан намын гишүүн болж, батлахаа гардан авч байлаа. Манай намд бизнес сэтгэхүйтэй, чөлөөт зах зээлийн нийгэмтэйгээ уялдаж ажилладаг, болгоё, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, хэн нэгний хараат бусаар, эрх чөлөөтэй эх орондоо сайхан амьдаръя гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүмүүс ордог гэж би боддог. Тийм болохоор намын нөхөдтэйгээ нэг баг болж ажиллахад бэлэн байна.
Таны хувьд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Булган аймагт нэр дэвшиж байсан юм билээ. Эрдэнэтийн Өсөхөө яагаад Булганд нэр дэвших болсон бэ?
Яагаад гэдэг нь нэг их сонирхолтой биш байх. Харин ямар үр дүн гарсан гэдэг нь илүү сонирхолтой болов уу гэж бодож байна. Булганд очоод би бодит амьдралаа ярьж, 16 сум, нэг тосгон, 75 багаар орсон. Булганд би сонгуулийн кампанит ажлаас өмнө нэг өдөр ч ажиллаагүй хэрнээ сонгуулийн сүүлийн өдрийн судалгаагаар маш дээгүүр гарч  ирсэн. Энэ бол миний амьдралын түүхтэй холбоотой юм байна гэж би бодсон. Иргэд, олон нийт элдэв юманд орооцолдоогүй, өөрсдийнх нь л нэгэн адил амьдралаар амьдарсан, амьдралд тохиох жаргал зовлон бүрийг адилхан туулсан хүнд итгэхийг хүсч байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед Булган аймагт 27 мянган хүн санал өгөхөд би 8150 хүний санал авч маш дээгүүр жагсаж байсан.

Тэгэхээр танд 2020 оны сонгууль маш том туршлага болжээ. Та энэ удаад хойд бүс буюу Орхон, Хөвсгөл, Булган аймагт нэр дэвшиж байгаа. Хэрэв олны итгэлийг авч, УИХ-ын гишүүн болвол ажлаа хаанаас эхлэх вэ?

Миний аав Булганых. Ээж Хөвсгөлийнх. Би өөрөө Эрдэнэтийнх. Тийм болохоор надад хойд бүсийг хөгжүүлэх бодол, хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Хойд бүсийн гурван аймаг маань хатуу хучилттай замаар холбогдсон, Хөвсгөлийн захаас Эрдэнэтийн зах хүртэл 1000 километр зам туулдаг. Хойд бүсийн ДНБ-ний хэмжээ 4.9 их наяд төгрөг бөгөөд үүнээс Орхон аймаг 69 хувь, Хөвсгөл аймаг 19 хувь, Булган аймаг 11 хувийг бүрдүүлдэг. Орхон аймгийн ДНБ-ийн 89 хувийг үйлдвэрлэлийн салбар, Хөвсгөл аймгийн ДНБ-ний 57 хувийг ХАА салбар, Булган аймгийн ДНБ-ний 65 хувийг ХАА салбар бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Мөн бүсийн сүүлийн арван жилийн ДНБ-ний өсөлтийн дундаж хурд 11.8 хувьтай гарсан байгаа юм. Хойд бүс маань цэвэр усны нөөцийг хамгаалах тогтолцоотой, олон талт эдийн засаг, дэд бүтэц сайн, бүх төрлийн тээвэрлэлт, дамжин өнгөрүүлэх багтаамжтай, нийгэм соёлын цогцолбор сайн, байгалийн зохистой нөөцөд суурилсан санхүүгийн хөрөнгийн урсгалыг татах чадвар өндөр зэрэг олон давуу талтай. Үүний зэрэгцээ хүн амзүйн бодлого алдагдсан, ахуйн шинжтэй болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй шилжин явах үзэгдэл ихэссэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, байгалийн хүчин зүйлийн нөлөөнд автах эрсдэл өндөр зэрэг тулгамдсан асуудлууд ч бий. Энэ бүхнийг харгалзан үзээд Ардчилсан нам хөгжлийн гарц шийдлийг нь бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Намын мөрийн хөтөлбөр бол манай багийн хийх ажил.

Монголчууд баян хүнд дургүй байх хандлага байдаг. Танд ийм зүйл мэдрэгдэж байсан уу?

Монгол үгийн толиноос “Баян хүн” гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэдгийг би харж байсан юм. “Өөрийнхөө мэдсэн сурсан чадсан, үзсэн харсан болгоноо бусдад хэлдэг, хуваалцаж чаддаг хүнийг баян хүн” гэдэг юм билээ. Гэтэл манайхан мөнгөтэй хүнийг баян хүн гэж боддог. Баян сэтгэхүйтэй байх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг. Хүний сайныг дуурайдаг байя. Ардчилсан нийгэм хөдөлмөрлөж, зүтгэж, хичээж чадсан хүн бүхэнд баян болох боломжийг олгосон гэдгийг хүмүүст ойлгуулахыг хичээдэг дээ.

Таны өнөөдрийг хүртэл баримталж ирсэн зарчим, жанжин шугам юу вэ?

Миний баримталдаг зарчим маш энгийн. Бүх л шашинд хүн зөв үйл хийгээд, зөв амьдарч чадвал сайхан амьдралд хүрч, дараа төрөлдөө хүн болж, хүний төрөлдөө буцаад ирнэ гэж сургадаг. Үүнтэй санал нэг байдаг.

Бас өнөөдөр монголчууд ямар нийгэмд амьдарч буйгаа, тоглоомын дүрэм юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж боддог. Ардчилсан нийгэм, зах зээлийн нийгэм бол “Чи өөрөө хичээхгүй бол хэн ч биш болно. Чамд туслах хүн байхгүй. Чи өөрөө хичээвэл бүхнийг өөртөө бий болгож чадна” гэдэг зарчимтай. Бид энэ зарчмыг л ойлгож, хөдөлмөрлөж амьдрах ёстой.

Тэгвэл өнөөгийн төр засгийн үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?


-Улс орны эдийн засгийг бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нуруун дээрээ үүрч явна. Үүнийг төр засаг маш сайн ойлгож, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаасай гэж хүсдэг. Газар доорх баялгаа ашиглаад шавхагдашгүй нөөц болох хүнээ хөгжүүлээсэй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй, импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг улам олон болгоосой гэж хүсдэг. Монгол Улсаа өргүй болгож, эдийн засгийн хувьд хараат бус болгоосой. Эдийн засгийн хараат бус байдал бол дархан хилээ хамгаалах чухал зэвсэг юм. Ирээдүй хойч үрсдээ эх орноо энэ чигээр нь өвлүүлж, үр хүүхдүүд минь эх орондоо элэг бүтэн, эрүүл саруул, эрдэм боловсролтой, эв нэгдэлтэй, эд баялагтаа эзэн болж яваасай гэж хүсдэг.

Үүний тулд ард түмэн, олон нийт энэ удаагийн сонгуульд хариуцлагатай оролцож, авдрынхаа түлхүүрийг зөв намд, зөв хүнд өгөх үүрэг хүлээж байна. Үүнийг ойлгоосой гэж хүсэж байна. Хэрэв энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам дахин ялагдвал төр засагт хяналт, хариуцлага гэдэг юм огт байхгүй бол нэг намын дарангуйлал, хаанчлал тогтож, ардчилсан Монгол Улсын ирээдүй хааш эргэхийг хэн ч мэдэхгүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 цаг 53 минутын өмнөДаваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 цаг 59 минутын өмнөП.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав7 цагийн өмнөСонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов7 цаг 1 минутын өмнөТөмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ7 цаг 4 минутын өмнөУлаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ7 цаг 5 минутын өмнөҮндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай7 цаг 6 минутын өмнөХятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа7 цаг 14 минутын өмнөРичард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай7 цаг 22 минутын өмнөУлаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.