ЦЕГ: Энэ оны эхний таван сард мансууруулах бодисын ₮1.7 тэрбумын өртөг бүхий хууль бус хэрэглээг таслан зогсоосон


6-р сарын 7
16 цаг 04 минут

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 122 гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оноос 19.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Мөн зөрчлийн тоо өмнөх оны үеэс 38 хувиар өссөн. 

Нийт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг байршлаар нь авч үзвэл

  • нийслэлд 103 буюу 84.4 хувь, 
  • орон нутагт 19 буюу 15.6 хувь үйлдэгдсэн статистик тоо мэдээг өгсөн.

Харин 122 гэмт хэргийн 105-д нь 18-35 насны залуус холбогдож байна. 

График, Гэмт хэрэгт үйлдэж буй хэлбэрүүд, 2024 оны 1-5 дугаар сар

 

Хилээр нэвтрүүлж буй хэлбэр нь карго буюу ачаа барааг улс хооронд хөлсөөр тээвэрлүүлэх үйлчилгээг ашиглах, шуудан илгээмж, ачаанд нуух зэрэг байна. 

Худалдан борлуулж буй аргууд нь байршил, darkweb хуудас, нуувч, бусдыг данс ашиглах болон гараас гарт дамжуулах гэсэн үндсэн хэлбэрүүдээр гэмт хэргүүд үйлдэгдэж байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлсэн юм.

Мөн тэрбээр "2024 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагаас нийт 10,510 хүн хэрэглэх боломжит тун буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий хууль бус хэрэглээг таслан зогсоосон" гэв. 

Харин мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, бусдад борлуулсан тохиолдолд оноох ялын талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл ангид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад дамжуулах тохиолдолд 1-5 жилийн хорих ял, эсвэл эрх хязгаарлах ял оногдуулж байна. 

Харин бусдад худалдан борлуулах зорилгоор олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн бол 2-8 жилийн хорих ялтай. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болон бүлэн зохион байгуулалттайгаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жилийн ялтай. Мафийн шинж буюу гэмт бүлэглэл үүсгэж, үүргээ хуваарилан авч, илүү их зохион байгуулалтад орж, гэмт хэргийн улмаас олсон ашгаа амьдралын эх үүсвэр болгосон бол бүх насаар нь хорих ял оноодог.

Гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн дийлэнх нь худалдаалах зорилгогүй зөвхөн биедээ авч явсан, хадгалсан гэх 20.7.1-д зүйлчлэгдэж, нэгээс тав жилийн ял авч байгаа байдал түгээмэл байна. Иргэд богино хугацаанд ял эдлээд гарч ирж байна гэж шүүмжилдэг. Гэтэл Эрүүгийн хуульд хугацаанаас өмнө магадланд оруулах, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялынхаа 1/2-ийг эдэлсэн бол зургаан сар ялаа эдлээд гарах боломжтой. Тиймээс хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулж байна гэсэн үг юм" хэмээв.

Энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг бусад улстай харьцуулбал зарим оронд хураагдсан эд мөрийн баримт буюу мансууруулах бодисын хэмжээнээс шалтгаалж ял оноодог байна. 

Тухайлбал Хятад улсад 50 грамм мансууруулах бодис авч явсан тохиолдолд цаазаар авах зүйл ангитай байдаг бол манай хуульд хураагдсан бодисын хэмжээ хамааралгүй нэг грамм эсвэл нэг килограмм байсан ч ялгаагүй ижил ял оногдуулж байгааг хурандаа Б.Батхуяг хэлсэн юм.

Тэрбээр "Энэ асуудал дээр дүгнэлт хийж авч үзэхэд их хэмжээний бодис авч явна гэдэг нь түүнийгээ зарж борлуулах зорилготой, олон хүнд өгсөн тохиолдолд тэр тооны хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бололцоотой учраас хор хохирол нь илүү.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль 2002 онд батлагдаж 22 жил үйлчилж байгаа. Тиймээс цаг үеийн шаардлагаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Засгийн газраас энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийж Улсын Их Хуралд өргөн барьсан. Хуулийн гол үзэл баримтлал нь худалдан борлуулдаг, бусдад их хэмжээний хохирол учруулах нөхцөл байдал үүсгэдэг, шунахайн зорилгоор гэмт хэрэг үйлдэж буй хүмүүст оноох ялын бодлогыг чангатгах юм" гэлээ.

Хуулийн заалт

 20.7 дугаар зүйлд зааснаар.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ

20.8 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах

1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

20.9 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших

1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.