Д.Монголхүү: Намайг айлгаж зогсооно гэвэл уучлаарай


6-р сарын 6
12 цаг 07 минут

Д.Монголхүү: Намайг айлгаж зогсооно гэвэл уучлаарай

Иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Цахим гавыг нь хэзээ тайлсан бэ. Гэртээ гавтай байсан ч та үгээрээ үйлдлээрээ эрх баригчдын дарангуйллын эсрэг тэмцсээр байсан шүү дээ. Одоо бол гэрээсээ гараад тэмцэхэд бэлэн үү?

-Юуны өмнө хэлэхэд бид хууль зөрчсөн үг хэлж, үйлдэл хийгээгүй. Цэвэр зохиомол хэрэг дээр улс төрийн зорилготой яллагдсан.

Ялын хэд хэдэн хэлбэр байдаг юм билээ. Торгуулийн, тэнсэн харгалзах, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэх мэт. Ганцхан Д.Монголхүү ч биш. Надаас гадна Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван хүнд амьдарч буй дүүргийн нутаг дэвсгэрээс 12 сарын хугацаанд гарахгүй, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Нэг жилийн хугацаанд Ц.Чинбат, Л.Ганхөлөг нар 48 цагийн хугацаатай хоригдсон бол Э.Одбаяр 30 хоног, би энэ хугацаанд дөрвөн удаа шоронгийн босго давсан байна. Липтон цай шиг л буцалсан усанд дүрж аваад л байсан.

Нэг сарын өмнө бүгдийнх нь ялын хугацаа дуусч, энгийн иргэд болцгоосон. Гэхдээ бүгдээрээ хэлмэгдсэн.

Гэртээ гавтай байхдаа зүгээр суугаагүй ээ. Эрх мэдэлтнүүдийн болж бүтэхгүйг шүүмжилсэн. Сая гэрээсээ гараад тэмцлээ үргэлжлүүллээ.

-Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеэр Э.Одбаяр нарыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Таны хувьд энэ баривчилгааг хэзээ мэдсэн бэ?

-Миний хувьд Э.Одбаяртай холбогдоогүй удаж байна. Тэр өдөр харааны бэрхшээлтэй Ц.Чинбат ах маань "Би үзэл бодлоо илэрхийлэх гэсэн юм. Намайг хөтлөөд аваад яваач" гэсэн. Тэгээд Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд үгээ хэлж байхад цагдаа нар ирж, хуулийг яаж тайлбарлаж, хэрэглэдэг вэ яг л тэр технологиороо асуудалд хандах гэж оролдсон. Миний зүгээс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд бус цагдаагийн алба хаагчид хууль зөрчиж байна шүү гэдгийг тодорхой хэлсэн.

Тэрийг цагдаа нар сонсдоггүй. Хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлах гэж оролддог. Уг нь хуулийг тайлбарлах эрх нь Улсын дээд шүүхэд л байдаг. Цагдаа бол хуулийг танилцуулах л үүрэгтэй.

Тэгээд олон нийтийн сүлжээнд цагдаа нар иргэдийн баривчилж байгаа бичлэг цацагдсан байсан. Нөгөө хэд рүүгээ утсаар ярихад "Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хэлтэс дээр байна" гэхээр нь яваад очсон. Намайг очиход Э.Одбаяраас бусад нь байцаалтаас гараад ирсэн байсан. Залуусын гарынх нь тохой шалбарч, гар хөл нь хавдчихсан байсан.

-Ер нь ардчилсан Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна уу?

-Би анхнаасаа хэлдэг үгээ тоть шувуу шиг давтаад, хэлээд байгаа. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэн нэгэн албан тушаалтан, ямар нэгэн Үндсэн хууль олгодоггүй. Энэ бол байгалиас заяасан хүний эрх чөлөө. Монгол Улсын Үндсэн хуульд ямар азаар эрх чөлөө гэж томъёолж бичсэн юм бэ. Одоо 1992 оны Үндсэн хуулийг харахаар "Эрх чөлөөтэй үзэл бодлоо хэлэх, итгэл үнэмшилтэй байх" гэж бичсэн байдаг. Харин эрхтэй гэж бичээгүй шүү.

Ингэж бичсэн бол эрхийг хуулиар хязгаарлаж болдог. Харин эрх чөлөөг юугаар ч хязгаарлаж болдоггүй зүйл. Энэ хоёрыг ялгаж салгах ойлгох хэрэгтэй.

Жагсаал цуглааны журмын тухай хуульд хүний эрх чөлөөг хангахад хуулиар хангахдаа зөвшөөрөл авна гэж бичээгүй байдаг. Цагдаа нар зөвшөөрөлгүй жагсаал цуглаан байна гэж тайлбарлах гэж оролддог. Тэр нь бүртгүүлэх ёстой гэсэн үг. Хуулиар ямар харилцааг зохицуулах гэж бүртгүүлэх юм бэ. Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг халдлагаас хамгаалахын тулд цагдаа нар хэдэн баг гаргах вэ гэдгээ шийдэх ёстой. Засаг дарга тэр мэдээллийг аваад, цагдаа нарт иргэдийг хамгаалалтад авах үүрэг өгдөг. Мөн жагсч цуглаж байгаа иргэдээс нийгмийг хамгаална. Тэрнээс биш чамайг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхгүй байх ойлголт огт байхгүй. Гэтэл Монголд дарангуйллын хэрэгсэл болгож ашиглаж байна.

-Ардчилал улам хэврэг болж байна  гэдэгтээ та санал нийлэх үү?

-Иргэд бүгд мэдэж байна. Харж байна. Хүний эрх чөлөө гэдэг дархан үнэт зүйлээр яаж шал арчиж байна вэ. Энийг яаж үнэгүйдүүлж, байдаггүй мэтээр ойлгуулах гэж оролдож байна вэ. Одоо иргэд ардчилсан нийгэмдээ эргэлзэж эхэллээ. Зарим нь "Монгол хэтэрхий эрх чөлөөтэй байна" гэж ярьж байна. Хэтэрхий эрх чөлөө гэж юу юм бэ. Тийм ойлголт байхгүй шүү дээ.

Дэлхийн хүн төрөлхтөн өнөөдөр хиймэл оюун ухаан, дараагийн бидний амьдрах гариг юу байх вэ гэдэг түвшинд асуудлыг ярьж байхад монголчууд бид амьтны хамгийн анхны суурь хэрэгцээ болох хоолоо олж идэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө тэмцэж, төр засгаасаа нэхээд сууж байна гэдэг ичмээр зүйл.

Монголд иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө аль хэдийнэ дарангуйлал болсон.

Цар тахлын үед иргэд талбай дээр үгээ хэлэх битгий хэл гэрээсээ гарах эрхгүй болсон байсан. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс орнууд манайх шиг ийм зэрлэг бүдүүлэг аргаар хөл хорио тогтоогоогүй. Одоо Монгол Улсын хүний эрхийн индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс нь хэдэн байраар ухрав. Энэ бол дарангуйлал. Бидэнд одоо нэг л хонгилын үзүүрт гэрэл байна. Тэр нь УИХ-ын сонгууль. Энэ сонгуулийг алдвал цаашаагаа ямар ч найдвар байхгүй.

-Эрх баригчдыг шүүмжлэх юм бол дахин барьж, хорих вий гэсэн айдас байна уу?

-Бид төмөр робот биш. Бусдын адил иргэн хүн. Мэдээж, айдас байлгүй яахав. Гэхдээ айлаа гээд болино гэсэн үг биш. Бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө алдвал бүх зүйлээ алдана. Хүн төрөлхтөн өнөөдөр яагаад энэ эрхийг хамгаалахын тулд тэмцэж ирсэн юм бэ. Намайг хэдэн удаа хорино уу, мэдэхгүй. Тэр эрсдлээс айж зугтаах нь зөв гарц биш.

Хуулийн институцийг ашиглаж, дарангуйллаа хууль бусаар хийж, ийм дарамт шахалтаар болиулах гэж оролдож байна. Үүнээс гадна хуульгүй ертөнцийнхөн гэж бий. Тэр хүмүүсээр дарамтлуулах тохиолдол гарсан.

Надад нэг хүн хутга тулгаж байсан. Би тухайн үед ингэж хутга тулгасан гэх баримтжуулах боломж байгаагүй учраас  чимээгүй өнгөрөөсөн. Бас манай гэрт дайрч орж, намайг зодсон. Цагдаагийн байгууллагаас намайг аюултай нөхцөлд орсон нь үнэн байна гээд хамгаалалтад авч байсан. Иймэрхүү дарамт одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ ил цагаан хутга хуйндаа тулаагүй л байна. Гэхдээ та нар уучлаарай. Намайг ингээд зогсооно гэж бодож байгаа бол буруу. Айлгах арга чинь буруудаад байна гэж хэлье.

Гэрэл зургийг Н.Алтангэрэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн том баялгийн сан 40 тэрбумын алдагдал хүлээжээ4 сар 25. 21:22Жүдо бөхийн ААШТ эхэллээ4 сар 25. 21:21Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 23 байршилд зохион байгуулна4 сар 25. 21:20НДШ-ийг бууруулах нийтийн өргөдлийг 100 мянган иргэн дэмжжээ4 сар 25. 21:19"За рубежом" сэтгүүлийн олон улсын редакцын зөвлөлд Р.Болд уригджээ4 сар 25. 21:16Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ4 сар 25. 21:15“Моторын дуу” дуугарав уу, дурсагдав уу?4 сар 25. 21:14Монгол, Францын 60 жилийн ойн анхны өдрийн марк нээлтээ хийлээ4 сар 25. 21:13Азийн сантай бага насны хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлд хамтарна4 сар 25. 21:12Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе4 сар 25. 21:12ТҮЦ-т худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 10:12Иргэд эмнэлэгт хэвтэх эрхгүй болов!4 сар 24. 10:11
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.