Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё


4-р сарын 24
15 цаг 31 минут

Сурвалжлага: Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё

Баянгол зочид буудлын ойролцоох, хуучнаар 220 мянгат орчмын орон сууцны хороолол дундах замууд машин явах аргагүй эвдэрчээ. Хажуугаар зөрөх машинууд замын нүх, эвдрэл дээгүүр гарахад тар няр гэсэн дуу гарна. Зарим нь уг эвдрэлийг тойрч гарахын тулд мөлхөх шахуу явах нь арынхаа машинуудад саад учруулах аж.  Жолооч нарын хараал зүхлийг барсан уг зам яг ийм байдлаар арав гаруй жилийг үдсэн болохыг тэндхийн байрны СӨХ-ийн жижүүр ярилаа.  Өвөл цас ороод дагтаршчихдаг тул тэр болгон анзаардаггүй, харин зуны борооноор ус тогтдог. Түүнээс болоод эвдрэл, гэмтлийг нь харалгүй машинаа эвдэх тохиолдол гардаг болохыг  байрны хажуугийн зогсоолд зогсож байгаа приус машины эзэн "хов" болгон ярив. Тэндээс замын эсрэг талын, Төв номын сангийн хажуугийн орон сууцны хорооллын дундах замаар алхвал мөн л эвдэрч, гэмтжээ. Бороо орвол бараг нуур, цөөрөм үүсч мэдэх замууд ч олон байна, манай аз жаргалтай Улаанбаатарт. 

Төв номын сангийн ойролцоох гудамжаар дугуйтай хүмүүс их явдаг юм байна.  Тэдний нэг С.Батхуяг "Замын эвдрэл гэмтлээс болж дугуй, скүүтэр унадаг осолдож унах нь энүүхэнд. Бага, өсвөр насны хүүхдүүд замын эвдрэл, гэмтлээс болж осол, аваарт өртөх эрсдэлтэй байдаг"-ийг шүүмжлэв. Эвдрэл гэмтэл ихтэй замаар дугуйгаа унах биш өргөөд явахад хүрдэг аж.  Дугуйтай болон машинтай хүмүүс эвдрэл гэмтэлтэй замаар явахад хүндрэлтэй байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүр ч хэцүү болохыг С.Батхуяг яриад хотын дарга нар жил болгон бродюр сольж, мөнгө угаадгаа хэзээ болих вэ гэсэн асуулт дайв. Иргэдийн хувьд эдвийн хашлага, бродюрт мөнгө зарж байхаар эхлээд хотынхаа замын эвдрэл гэмтлээ шинэчлэх, засах ёстойг шүүмжлэв.

Ой гарантай хүүхдээ салхилуулангаа тэрэгтэй нь түрээд явж буй бүсгүй 220 мянгатад амьдардаг. Хотын төвд амьдарч байгаа атлаа эвдэрхий замаар хүүхдээ ч түрээд явж чадахгүй хэцүү байгааг ярилаа. У.Нарангэрэл Монголоос дүрвэмээр байгаагаа ч нуугаагүй агаад түүний явах шалтгаан нь Улаанбаатарын орчин нөхцөл. Улаанбаатар гэж дэлхийн хамгийн  аз жаргалгүй, өндөр өртөгтэй, эрсдэл ихтэй, бохир хотоос зугтаж, хүүхдээ өсгөх аюулгүй орчинг эрэлхийлж буй гэнэ.  

Зөвхөн орон сууцны хорооллын замууд ч биш төв замууд нь эвдэрхий, цоорхой ихтэй байдаг. Энэ нь иргэдийн эд хөрөнгө, амь насанд сөргөөр нөлөөлдөг болохыг жолооч нар ярьж байна. Жолооч Х.Уранбат Улаанбаатарын автозамуудыг уралдааны замтай адилтган хошигнов. Зарим замууд томоос том ухсан нүхтэй, жижиг дугуйтай машинууд бараг тэгнээд хэвтэх нь холгүй, шинээр тавьсан авто замууд нь жилийн насгүй байгааг тэд мөн шүүмжлэв.

Улаанбаатар хотод 1165 км зам байдаг. Үүний 40 орчим хувь нь маш муу, 30 орчим хувь нь муу гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн хоёр жил хот зас засварын ажил барагтай явагдаагүй болох нь хаа, сайгүй эвдэрсэн, цоорсон, доошоо нурсан байдалтай замуудаас харагдаж байна.

Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байх үедээ цай хийдэг данхад хар тос хийгээд замын нүх, бөглөөг дүүргэж байсан зураг цахимд цацагдаж, элэг доог болж байсан юм.  Түүнээс өөрөөр хотын удирдлагууд зам засвар, арчилгаанд анхаараагүйн илрэл нь нийслэлд эвдрээгүй, цоороогүй зам алга.  Гэтэл Улаанбаатарын удирдлагууд жил болгон замын бродюр буюу хашлага сольдог. Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар  "Засварын хучилтын хийц, хөдөлгөөний ангилал зэргээс хамаарч автозамын ээлжит засварыг 4-6 жил тутам хийдэг. Их засварыг 12-16 жилийн хооронд хийдэг.Энэ хүрээнд хучилтын хийцийг хүчитгэж, хашилтыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тэр хэмжээгээр өндөрлөдөг" болохоо ярьсан.

Орон сууцны хорооллын доторх зам засварын ажлыг харъяа дүүргүүдээс хариуцдаг аж. Жишээ нь, Чингэлтэй,Баянзүрх дүүрэг гэхэд тусдаа бүтээн байгуулалтын төвтэй, Хан-Уул дүүргийн хувьд “ТӨВ АЗЗА ТӨХК” гэх компанитай хамтран зам засварын ажлаа хийж байгаа гэв.

Улаанбаатарын замууд уралдааны бартаат зам болчихлоо гэх иргэдийн шүүмжлэлд "Дүүргүүд эвдрэл гэмтэлтэй, дэгэн догон, нүх үүссэн замуудаа эхнээс нь шинээр хучилт хийж ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс зүгээр байгаа замын хашлагыг солиод байна гэсэн шүүмжлэл байна. Гэхдээ эхлээд эдгээр хашлагуудыг сольж дууссаны дараа нөхөөс хийх биш шинээр хучилт хийх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Нийслэлийн хувьд гол, төв замуудынхаа засварын ажлуудыг л шуурхай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн болзошгүй үер усны аюулаас урьдчилсан сэргийлэх үүднээс замын хучилтын ажлуудыг яаралтай хийж гүйцэтгэх, цөмрөлт буюу нүх үүссэн замуудыг бөглөхөөр НЗДТГ ажиллаж байна. Гэхдээ хуучин замуудын хувьд бороо орох бүрт нүх үүсэх нь тодорхой" гэв.

Авто зам ашигласны төлбөрийн орлогоос жилдээ 14 тэрбум төгрөг төвлөрдөг гэнэ. Харин зам засварын ажилд 60 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Авто замын эвдрэл гэмтлийн судалгааг манай албанаас гаргаж, Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн. Хаана, ямар замууд хэр эдврэл гэмтэлтэй байна вэ гэсэн судалга аюм. Дөрөвдүгээр сар бол хаврын улирал. Хэдий гадаа дулаахан байгаа ч зам бүтэн гэсдэггүй. Тиймээс зам засварын ажлыг цаг агаар нэлээд дулаарсан хойно хийдэг. Товчхондоо, ирэх тавдугаар сараас замын арчилгаа засвар, нөхөөс хучилтын ажлуудыг хийнэ" гэлээ. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр л ам засварын ажлыг хийх төлөвтэй байгаа. Нарны зам зэрэг замын өргөтгөлийн ажлыг хийнэ. Гэр хорооллын холбоос замууд шинээр тавигдана. "Содон" хорооллын арын замыг гүйцээх ажлууд бас байна. Энэ жилдээ хоёр нүхэн гарцын ажил дуусна. Таван шарын төмөр замын гарам дээр очиж гацаад түгжрэл үүсдэг байдлыг арилгахын тулд нүхэн гарцаар гардаг болгож байгаа. Лабораторийн уулзвараас урагшаа төмөр зам доогуур нүхэн гарц гаргаж, Яармагаас давж ирэх гүүртэй холбоно" гэх мэдээллийг өгч байсан. 

Авто зам засвар арчилгааны компаниудаас зассан зам нь яагаад хэдхэн сарын настай, жил болгон зам, засварын ажил хийдэг шалтгааныг нь тодруулах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзсан. Хашлага биш замаа засаач гэх иргэдийн шаардлагад хотын дарга Х.Нямбаатар "Бордюр ярьж байгаа хүмүүст хэлэхэд хотын зам арчлалтын ажил батлагдсан журмынхаа дагуу явагдаж байгаа. Асфальтан зам дээрээс бордюрын хэсэг 15 см өндөртэй байх ёстой. Одоо байгаа зам дээр таван см зам хучихаар бордюр 10 см болно. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын нийт замын бордюрууд элэгдэл өндөртэй. Ажил хийж байгаа хүмүүсийг шинжлэх ухааны үндэслэл тооцоогүйгээр шүүмжилж болмооргүй байна. Хамуурсан бордюраа бид нар сольё. Хяналт шалгалт хийх инженерүүд нь түүнийгээ хийж байна" гэж зандарч байсан.

Тэгвэл иргэд хашлагаас илүү цоорсон, эвдэрсэн, нүхтэй замуудаа яаралтай засах ёстойг сануулж байна. Замын цоорхойгоо цойлдохгүй бол иргэд машин унаа, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. 

Б.ЭРДЭНЭЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.