Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!


4-р сарын 12
15 цаг 42 минут

УИХ-ын сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн ч Төрийн ордонд тогтож суун ажлаа хийдэг нь ховордов. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гишүүдийн ирц бүрдэхгүйгээс Байнгын хороодын хуралдаан цуцлагдах, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдээр санал хураах ч боломжгүй болж, хойшлох тохиолдол гарсаар байна.

Ял юм шиг хуулийн төсөл санаачилсан гишүүн нь чуулганы нэгдсэн хуралдаанд суудаг, эс бол сонгуульд өрсөлдөхгүй нь тодорхой болсон хэдэн гишүүн бууриа сахиад суудаг жишиг тогтов.

Зарим УИХ-ын гишүүн өглөө нь чуулганы танхимд орж ирж ирцээ бүртгүүлчихээд гараад явдаг  бол зарим нь тойргоосоо ирэхээ болив.

УИХ-ын дарга Г.Занданшатарын өчигдөр /2024.04.11/ танилцуулсан ирцийн мэдээгээр УИХ-ын чуулганыг нэг цаг завсрлуулаад эргэн ороход дараах гишүүд байсангүй.

Үүнд, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Э.Бат-Амгалан, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ц.Анандбазар, П.Анужин, К.Аубакир, Сү.Батболд, Ж.Батжаргал, Л.Батлут, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсейн, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Х.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Г.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нар эргэн ирсэнгүй.

Уг нь энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс эхлээд шинээр бүрдэх парламентын мөрдөх “дүрэм”-ийг хэлэлцсэн.  Харамсалтай нь, хууль тогтоогч нарт дахин УИХ-д сонгогдох нь л чухал болохоос УИХ-аар хэлэлцэж байгаа төслүүд чухал ажил биш болж хувирсан нь энэ.

Уг нь “УИХ 126 гишүүнтэй болж томрохгүй бол парламент нь Засгийн газраа хянаж чадахгүй, УИХ-аар чанартай хууль батлагдахгүй, бөөс хуурс ихтэй байна” гэдэг асуудлыг хөндөн, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан нь энэ парламент.  Гэвч тэд ярьсныхаа эсрэг үйлдэл үзүүлсээр…

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүнээс 6 гишүүний дэмжлэгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, чуулганы хуралдаанд оролцсон 39 гишүүнээс 20-ынх нь дэмжлэгтэйгээр УИХ-аар хууль батлагдаж байна. Энэ дунд хэчнээн олон хууль хэдхэн хүний лоббигоор батлагдаж буйг хэлэхэд бэрхтэй.

Монголд өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их хэрэгтэй байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсад 2009-2011 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт оргилдоо хүрсэн бол түүнээс хойш Монголыг зүглэх хөрөнгө оруулагч саарсан. Засгийн газраас сүүлийн найман жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулахаас эхлээд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нарыг оролцуулсан уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, Монголд хөрөнгө оруулахыг уриалсаар ирсэн. Хөрөнгө оруулагч нарын зүгээс тавьдаг ганц хүсэл нь хууль эрх зүйн тогтвортой орчин чухал болохыг онцолсоор ирсэн. Харамсалтай нь, энэ үг хууль тогтоогчдын нэг чихээр ороод нөгөө чихээр нь гардаг жишгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ганц  найдвар нь болж байсан “газрыг гадаадын иргэнд 60 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг нэг удаадаа 40 жилээр сунгах” зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хассанаа УИХ-ын гишүүд “баатарлаг зүйл хийсэн” гэж шуугиулж байна.

Засгийн газрын тусгай сангуудаас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч, хувийн бизнесээ тэтгэдэг, Боловсролын зээлийн сангаас үр хүүхэд, хамаатан саднаа сургаж, давуу эрх эдэлдэг хууль тогтоогчдод гадаадын хөрөнгө оруулалт чухал биш байж болох ч Монголд өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их хэрэгтэй байгаа.

Жишээ татахад, Энэтхэг улсын зээлээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад ороход түүхий эдээр хангах олборлогчийг одооноос олох шаардлага бий. Учир нь, сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолт зогсонги байдалд орсон. Дорнод аймгийн Тамсагийн булагт газрын тос олборлодог Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин тамсаг” компани жил бүр олборлолтоо бууруулах болсон муу мэдээ дуулгаж буй. Тодруулбал, 2015 онд 1.1 сая тонн түүхий тос олборлож байсан бол 2023 онд 600 мянган тонн болж буурсан байдаг. Иймээс газрын тос олборлох шинэ хөрөнгө оруулагчийг олохгүй бол боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход дотоодоосоо түүхий эдээр хангах боломжгүй дүр зураг буух болсон. Энэ тохиолдолд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээс хойд хөршөөс хараат хэвээр байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, эрчим хүчний том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэгт гадаадын хөрөнгө оруулагч хамгаас чухал. Энэ асуудлыг хууль тогтоогчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч шинээр бүрдэх УИХ-д өнөөдрийн гишүүд дахин сонгогдох нь л чухал болж хувираад байна. Тийм ч учраас нэг хэсэг хүмүүсийн “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлж болохгүй” гэх попролд нь хөтлөгдөн, хуульд байсан заалтаа авч хаяж, эх орондоо хайртай гишүүдийн дүрд тоглож буй бол нөгөө хэсэгт нь УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдаж байгаа хууль хамаааралгүй болж хувирч байна.

УИХ-ын гишүүний хувьд ажлаа таслах нь ёс зүйн хувьд том зөрчил.  Жирийн иргэн ажлаа тасалбал цалингаасаа хасуулахаас эхлээд энэ үйлдэл нь удаа дараа давтагдвал шууд чөлөөлөгдөх үндэслэл болдог. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн нь дөрвөн жил шахамын хугацаанд хуралдаа суухгүй байсан ч хүлээх хариуцлага гэж байдаггүй. Дураа хүрэхээр ирнэ, дургүйгээ хүрэхээр суухгүй.

Одоо сонгогчид хэрсүү байж, чуулган завсарлаагүй байхад дундуур нь ажлаа хийдүүлэн, яваа гишүүдэд үндсэн ажлыг нь сануулан шаардлагаа тавихгүй бол мөнгөөр бороо оруулаад дахин сонгогдчихно гэж бодож байгаа гишүүд олон болсон шүү.

Хуулийн төсөл дээр ажиллах нь УИХ-ын гишүүний үндсэн ажил болохоос сонгууль дөхөхөөр сонгогчдоо гэнэт санаж, тойргоосоо салахаа больж гоё, гоё амлалт өгөх нь тэдний ажил биш шүү.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно6 цаг 54 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ6 цаг 55 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд6 цаг 58 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ6 цаг 59 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ7 цагийн өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ7 цагийн өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв7 цаг 2 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав8 цаг 3 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна8 цаг 4 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ8 цаг 5 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.