Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа


2-р сарын 1
15 цаг 49 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.

 Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.

Энэ хүрээнд:

-Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,

-Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,

-Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,

-Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,

-Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо. Мөн айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа.

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд гардуулж өгөв. 1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулга байгуулж, улмаар 2002 онд морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй.

 

2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг өргөжүүлэн баяжуулах, дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

Нэг. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.

1.1. Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;

1.2. Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;

1.3. Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;

1.4. Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;

1.5. Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;

1.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.

 

Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.

 

Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.