Оливер Корфф: Монголын бүх Үндсэн хуулийг монгол, герман хэлээр хэвлүүлнэ гэж боддог


1-р сарын 24
17 цаг 16 минут

Германы монгол судлаач, доктор Оливер Корфф олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” салбар хуралдаанд оролцохдоо, “Үндсэн хууль оюуны түүхэн эх сурвалж болох нь: Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн түүх” илтгэл тавьсан. Түүнтэй энэ сэдвээр ярилцсан юм. 

-Монголын Үндсэн хуулийг судалсан гадаадын монголч эрдэмтэн харьцангуй цөөхөн гэж хэлж болноХарин та яагаад энэ сэдвийг сонгох болов?

-Энэ сэдвийг сонгох болсон нь миний өөрийн түүхтэй  холбоотой. Намайг Монголд сурч байхад буюу 1992  оны 1-р сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан. БНМАУ гэдгээ болиод Монгол Улс хэмээн нэрлэх болсон үе. Би шинэ Үндсэн хуулийн талаар олон хүнтэй ярилцаж, өмнөх үгийг уншаад Монголын тусгаар тогтнол,  хүний эрх, эрх чөлөөний тухай маш тодорхой тусгасан анхны хууль байна гэж бодсон. Танай шинэ Үндсэн хуулийг монголоос герман хэл рүү орчуулахаар шийдээд, 1992-1993 оны үед  ажлаа эхэлсэн боловч түүнийг хэвлэх газар олдоогүй. Монголд буцаж ирээд байхдаа хуучин номын захаас Монголын Үндсэн хуулийн 2-3 ном олж аваад уншиж үзэхэд шинэ Үндсэн хуулиас огт өөр байсан. Танай Үндсэн хуулийн түүхийг судлах болсон нь чухам эндээс эхлэлтэй юм. 

Монголын анхдугаар Үндсэн хууль 1924 онд бичигдсэн, ингээд 1940 онд хоёрдугаар Үндсэн Хууль батлагдсан шүү дээ. Тэгэхдээ 1940-өөд онд маш их нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Анхдугаар хуультай харьцуулахад 95 зүйлтэй болсон. 1957 он гэхэд 108 зүйлтэй болж нэмэгдсэн. Гуравдугаар Үндсэн хуульд 1960-аад онд  социализмын  үг хэллэг нэлээд олон байдаг. Тухайн үед ЗСБНХУ-тай найрсаг харилцаатай байсантай нь холбоотой байх л даа. Коммунизмын үед төр мөхөж, дараа нь Үндсэн хууль хэрэггүй болно гэсэн санаа байсан гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй байх.

Миний бие 1924-1992 он хүртэлх бүх Үндсэн хуулийг монгол, герман хоёр хэлээр, тайлбартайгаар хэвлүүлнэ гэж бодож явдаг. Арван таван жилийн өмнө л би ингэж төлөвлөж байлаа.

Монголчуудын 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль гэхэд 30 жилийн түүхтэй болчихлоо. Тиймээс энэ нь ард иргэдэд ямар ашигтай байна вэ, ер нь монголчуудад тохирч байна уу гэдгийг одоо  хэлэлцэж шийдэж болно.

Мэдээж социализмын үеийн Үндсэн хууль, одоогийн Үндсэн хууль хоёрын хооронд асар их ялгаа бий. 1924 - 1960 оны Үндсэн хуулиудыг Зөвлөлтийн загвараар бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монгол хүн бичиж, засаагүй. 

-Яг үүнтэй холбоотой асуудлыг танаас сонирхох бодолтой байлаа. 1992 оны шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын багийнхан 200-гаад улсын Үндсэн хуулийг судалсан байдаг. Тэдгээрийн нэг нь ХБНГУ-ын Үндсэн хууль гэдэг шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Тийм ээ, санаа авсан зүйл харагддаг. Германаас авсан тэр жижигхэн зүйлс нь хувь нэмэр болж, танай улс орон, иргэдэд ашигтай байсан болов уу. Гэхдээ шинэ Үндсэн хууль нь жинхэнэ Монголын, монголчуудын өөрсдөө бичсэн хууль юм.

Бас нэгэн ялгаа гэвэл, 1991 оны үед шинэ Үндсэн хуулийг боловсруулж байхад байгуулагдан ажилласан тэр эрдэм шинжилгээний багт гадаад улсын олон хуульч, тэр дундаа Германы мэргэжилтнүүд оролцсон. Харин Зөвлөлтийн үед бол "Танай Үндсэн хууль ийм байх ёстой" гэж шууд тулгасан шинжтэй байдаг. 

-ХБНГУ-ын Үндсэн хууль, Монгол Улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуультай харьцуулж уншихад танд юу бодогддог вэ?

-Юуны өмнө, энэ хоёр хууль нэлээд ялгаатай гэдгийг хэлмээр байна. Жишээ нь, парламентын систем, Ерөнхийлөгч, Ерөнхий Сайдын эрх мэдэлтэй холбоотой заалтууд байна. Хамгийн гол нь Үндсэн хуулиудад тусгагдсан ижил зүйл гэвэл хүний эрх, эрх чөлөөг тусгасан явдал. Герман, Монгол хоёр бол өөр өөр түүхтэй улс орнууд. Түүнээс гадна Монголын 1992 оны шинэ Үндсэн хуульд  иргэн, төр хоёрын харилцааны талаар маш тодорхой заасан. Социализмын үеийн хуульд бол дандаа “ард иргэн” гэж заасан байдаг. Иргэн биш, ард иргэн эсвэл олон нийт гэж.

Иргэн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр нэг жишээ дурдъя. 1992 оноос өмнөх  Үндсэн хуульд иргэд 8 цагаас илүү ажиллаж болохгүй гэж оруулсан байх жишээтэй. Таны ажилладаг байгууллагатайгаа байгуулсан гэрээн дээр л иймэрхүү зүйлийг тусгах ёстой шүү дээ. Ер нь бол иймэрхүү нарийн заалтуудыг Үндсэн хуульд оруулах шаардлагагүй байдаг. 

- Та 1990 оноос хойш манай ШУА-д ирж ажиллаж байсан ХБНГУ-ын анхны эрдэмтэн байх аа?

-Тийм ээ. Анх Монголын газар  нутагт хөл тавьсан үе гэвэл 1981 он. Харин 1991 оноос Монголд ажиллаж амьдарч байсан. Тэр үед би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хуучин монгол бичгийг компьютерын программд оруулах төсөл дээр ажиллаж байлаа. Түүнээс гадна Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран монгол хэлний толь бичгийн төлөвлөгөө гаргасан. 1990-ээд оны дундуур  ШУА дээр хуучин монгол болон кирилл бичгийг компьютерын программд оруулах талаар хичээл зааж байсан. Мөн  хэзээ ч хэвлэгдэж байгаагүй "Чин улсын толь бичиг" буюу 1794 онд бичигдсэн  “Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан Манж үгийн толь бичиг” ( товчилсон нэр нь  “Таван хэлний толь бичиг”)-ийг  хэвлүүлэх ажилдаа орсон. Энэ нь манж, төвөд, хятад, монгол, цагадай  хэлний 18 671 үгтэй толь бичиг юм. 

-Та монгол судлалаар 1991 оноос ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхий дахинаа монгол судлал хэрхэн хөгжиж байна гэж үздэг вэ?

-Хөгжиж байна, гэхдээ Герман, Франц, Америк гээд ер нь аль ч улс оронд монгол судлаач цөөхөн байдаг. Энэ нь геополитикийн бодлогоос хамаардаг. Санхүүжилт нь ихэвчлэн геополитикоос хамааралтай байдаг. Манай Герман хоёр хуваагдсан байх үеийн зүүн Германд орчин үеийн Монголыг судалж байсан. Вальтер Хайссиг гэж манай баруун Германы нэрт монголч эрдэмтэн байв. Монголын түүхийг судалдаг шавь нар нь ч бий. Вальтер Хайссиг нь Олон улсын Алтай судлалын байнгын хурал (PIAC) байгуулсан бөгөөд нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Би энэ жил тус холбооны нарийн бичгийн даргаар томилогдсон.

Ташрамд дурдахад, тус холбоо нь 1957 онд анх байгуулагдсан. Хамгийн сүүлийн байдлаар, Казахстаны Астана хотноо ээлжит хурлаа хийлээ. 

-Та Олон улсын монголч эрдэмтдийн өмнөх их хурлуудад оролцож байсан байх. Энэ удаагийн 12-р их хурал өмнөх хурлуудаас ямар ялгаатай болсон гэж үзэж байна вэ?

-Анх 1992 онд болсон Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд оролцож байлаа. Түүнээс хойш нэлээд хэдэн их хуралд оролцсон. Мэдээж өөрчлөлтүүд бий. Оролцож буй гадаадын эрдэмтдийн тоо улам нэмэгдэж, цар хүрээгээ олон улсад улам тэлж байна.

Миний бодлоор, энэ их хурал нь Монголын олон улсын тавцан дээр зохион байгуулж буй нэгэн чухал үйл явдал. Мөн Монгол Улсын зөөлөн хүчний бодлогод монгол судлал, эрдэм шинжилгээний ажил их хувь нэмэр оруулна. Тиймээс Монгол Улсын хувьд 5 - 6 жилд энэ их хурлыг тогтмол зохион байгуулж байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. 

-Монгол судлалд баларшгүй мөрөө үлдээсэн, Германы олон монголч эрдэмтэд бий. Тэдний залуу халаа хэрхэн бэлтгэгдэж байна вэ?

-Нэлээд хэдэн жилийн өмнө Германд залуу монгол эрдэмтэд цөөхөн байсан бол сүүлийн үед нэмэгдсэн. Сайн монгол хэлтэй, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж буй гадаадын эрдэмтэд ч гарч ирж байна. Тэдний яриа, илтгэлийг сонсож байхад судалгааны ажил нь их сайн явж байгаа нь харагддаг.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.