Сонгуульд горилогчид ажлаа өгч эхэлжээ


12-р сарын 8
12 цаг 55 минут

2024 оны УИХ-ын сонгуулийн жил гарахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай.

Сонгуулийн тухай хууль:

29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

  • 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
  • 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
  • 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал

Энэ зохицуулалтын дагуу зарим албан тушаалтнууд ажлаа өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бол зарим нь ажлаа өгөх бэлтгэлээ хангаж эхэлжээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРАЛ Х.АЛТАЙ НИЙСЛЭЛД "ӨРСӨЛДӨНӨ"

2016 оноос хойш Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн Х.Алтай 2024 оны УИХ-ын сонгуульд нийслэлд нэр дэвшихээр ажлаа өгчээ. Х.Алтайгийн хувьд 2011-2014 онд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, энэ салбарын хүн гэж тэр өөрийгөө тодорхойлдог. Х.Алтай нь МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхайн чиглэлээр Швейцарьт нэг хэсэг ажиллаж байгаад “Бороо гоулд” компанийн Засгийн газартай харилцах албанд ажиллаж байсан нэгэн. Улс төрийн замналыг нь харвал Ерөнхий сайд асан С.Баярын шадар туслахаар ажиллаж байсан бөгөөд улс төрийн хүрээнд түүний хүн гэж тодорхойлох нь бий.  Х.Алтай одоогоор хаана дэвшихээ эцэслэн тохироогүй ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэнэ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР  “МЭРГЭШСЭН” С.МАГНАЙСҮРЭН НУТГАА ЗОРИХ УУ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тун удахгүй өгөх сурагтай. С.Магнайсүрэнгийн хувьд төрийн албаны мэргэшсэн хүн гэж тодорхойлж болно. С.Магнайсүрэн нь Говь-Алтай аймагт төрж өссөн, эрх зүйч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, ХХААЯ-нд Сайдын зөвлөх, Сангийн яаманд Газрын дарга, Хөдөлмөрийн яаманд төрийн нарийн бичгийн даргаар , 2015 оноос Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байгаад 2023 оны есдүгээр сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон билээ. Түүний хувьд сонгууль бүрт л нэр дэвших боломжтой хүмүүсийн нэрс дунд яригдаж, өөрөө ч нэр дэвшихээр горилж ирсэн бөгөөд энэ удаад мөн Говь-Алтай аймгаа зорих хүсэлтэй байгаа ч намын удирдлагын зүгээс үүнийг нь зөвшөөрөхгүй байх магадлалтай гэнэ. Ямар ч гэсэн төрд олон жил ажилласан туршлаагаараа энэ удаад УИХ-д нэр дэвшээд үзэхээр горилж байгаа гэнэ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Н.ТАВИНБЭХ НАЛАЙХ, БАГАНУУРЫГ "ТОЙГЛОНО"

Эрчим хүчний сайдаас дэд сайд болж “буурсан” Н.Тавинбэхийн хувьд 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилж, бэлтгэлээ хангаж эхэлсэн сурагтай. Түүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Эрчим хүчний сайдаар томилогдсон бөгөөд тухайн үеийн Засгийн газрын бүтэц дотроо мэргэжлийн сайд хэмээн тодорхойлогдож байв. Н.Тавинбэх нь ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжилтэй, Багануурын цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байжээ. 2015 онд хүртэл мэргэжлээрээ, салбартаа ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргаар нэг жил ажиллаж байсан бөгөөд 2008-2012 онд НИТХ төлөөлөгчөөр нэг удаа сонгогдож, намын гишүүний ажлаа идэвхтэй хийсэн нэгэн. Ингээд 2020 оны У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар солигдоход Эрчим хүчний яамны дэд сайдаараа тохироо хийж, үлдсэн байдаг. Харин одоо тэрбээр Налайх, Багануур дүүргээ тойглож, нэр дэвшихээр горилж явна.

“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ЦЭРЭНБАТ АЖЛАА ӨГНӨ

УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд нэр дэвшиж, өвдөг шороодсон Н.Цэрэнбат өдгөө “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэрбээр 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдож байсан. Санхүүгийн менежмент чиглэлээр сургууль төгссөн тэрбээр 30 гаруйхан насандаа 26 компанитай болж чадсан туршлагатай бизнесмен. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Н.Цэрэнбат 2022 оноос эхлэн “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, Оюутолгой компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүний нэг юм. Тэрбээр энэ удаад Увс аймагтаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.