“Өвлийн идэш-2023” үзэсгэлэнгийн хамгийн өндөр үнэтэй мах 11000 төгрөг хүрч байна


11-р сарын 27
16 цаг 00 минут

Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс малчнаас эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх, нэг ёсондоо дундын зуучлалгүйгээр худалдах “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс нийслэлийн 11 байршилд худалдаалж эхлэв. Ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдааг иргэд олноор зорьж байгаа ч сэтгэл хангалуун бус байна. Бид Төв цэнгэлдэх хүрээлэн, “Тэнгэр” худалдааны төв болон Жуковын талбай гарсан үзэсгэлэн худалдаагаас сурвалжилга бэлтгэлээ.

Иргэд сонголтод сэтгэл дундуур байна

Эхний очсон цэг Төв цэнгэлдэх хүрээлэн. Тус цэнгэлдэхийн баруун талд 10-аад машин зогсож байна. Ихэнх нь Дорнодоос ирсэн мах гэх. Гэхдээ тэд малчид биш дан ченжүүд байгаа нь илт. Махны хувьд сонголт муутай харагдана. Иргэд ярихдаа “Махны хувьд сонголт муутай юм. Бас үнэтэй байна. Муу мах байна” гэлцэх. Нойтон мах нь маш хурдан дуусаж байгаа харагдлаа. Харин тэс хөлдүү махнуудыг иргэд эргүүлж, тойруулж хараад л өнгөрч байна. Махны хувьд үхрийн мах 9800-10000, хонь 7500, адуу 8000 төгрөгийн ханштай байв. Товчхондоо бол үнэтэй байна гэсэн үг. Харин гэдэстэйгээ, жижиглээд шуудайлсан мах 11 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Махны хажуугаар ганц, нэг машин дээр аарц, айраг, жимсний өтгөрүүлсэн шүүс, самар, жимс тэргүүтэн байна. Цэнгэлдэхийн гадаа худалдаа эрхэлж байсан эр “Худалдан авалт санасныг бодоход гайгүй байна. Сайн махыг нь иргэд шилж байгаад л аваад явж байна. Өглөө 10:00 цагаас хойш гайгүй наймаа хийчихлээ” гэв. Шүдлэн үхрийн мах дунджаар 1.4 сая төгрөг болж байгаа хэллээ.

Тэгвэл иргэн Б.Алтангэрэл “Өвлийн идэшний худалдаа ямар ч зохион байгуулалтгүй болж байна. Хэдхэн машин зогсож. Тэгэхээр сонголт муу байхаас яах вэ. Үнийн хувьд Дэнжийн мянгаас үнэтэй санагдлаа. Уг нь гайгүй бол ганц өрөөл авъя гэж бодсон юм. Гэтэл гайгүй махтай ганц, хоёр хүн нь өрөөлөөр бус заавал бүтнээр нь зарна гэнэ. Тиймээс хэд хоног хүлээж байгаад Дэнжийн мянгыг зорьдог юм билүү. Үүрээр очиход хямд үнээр гайгүй мах авах боломжтой” гэв.

Өчигдрийн 12:00 цагийн байдлаар Төв цэнгэлдэхэд голдуу Дорнодын гаралтай мах худалдаалсан наймаачид байлаа. Малчдын гараас гэсэн атлаа дан ченжүүд зогсож байгааг шүүмжлэх нэгэн байхад “Өдийд малчид хотод ирээд мах зараад зогсох нь юу л бол. Замын дундаас махаа хямд өгөөд л буцаж байгаа” гэх хүмүүс ч байна. Ямартай ч энэ жил нэг айл дунджаар 1.3-1.5 сая төгрөгт багтааж өвлийн идшээ бэлдэх тооцоо гарч байна. 

Ямар ч эмх замбараа алга

Бидний очсон дараагийн цэг нь “Тэнгэр” худалдааны төв. 10 машин ирж зогссон байсны ес нь Сүхбаатар аймгаас иржээ. Нэгэн эр “Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас эртхэн малаа мах болгосон нь энэ. 9500 төгрөгөөр зарж байна. Цаагуур чинь 10 мянгатай ч махнууд байх шиг. Жуков дээр бүр 11 мянгаар зарж байгаа сураг дуулдлаа. Гайгүй үнээр хурдан зарчихаад эртхэн буцах санаатай” гэв. Тэнд байсан машинуудаас хамгийн их махтай бөгөөд хямд нь тус залуугийнх учир иргэд олуулаа бөөгнөрчээ. Голдуу аав, ээжээ дагуулсан дунд эргэм насныхан махыг нааш, цааш тойруулан ажиглана. Хүмүүс ихэнхдээ үхрийн мах сонирхож байгаа харагдлаа. Адуу, хонь, ямааг тоож байгаа юм бараг алга. Хонины гулууз үүрсэн хүмүүс мэр сэр харагдах бол ямааны махтай ирсэн хүмүүс худалдан авалтад сэтгэл дундуур байх шиг. Ямааны мах 6000-6500 төгрөгийн ханштай байна. Энд худалдан авалт тийм сайн биш ч хүн их байна. Үнэхээр хямд уу, сонголт арвин байж чадаж байна уу зэргийг сонжиж, сонирхож яваа хүмүүс нэлээд байлаа. “Өвлийн идэшний өргөтгөсөн худалдаа захаас арай хямд байх болов уу гээд зориод ирсэн тийм биш байна. Малчдын гар дээрээс гэж байгаа боловч тэгж харагдахгүй байна. Захаас үнэтэй зарж байна. Сонголт ч багатай юм. Манай “Хархорин” захын махаас үнэтэй байхаар яах билээ. Уг нь зорьж ирсэн юм. Бас ямар ч эмх замбараа алга” хэмээн нэгэн эгч үглэж зогсох. 

Хамгийн үнэтэй цэг

Гурав дахь цэг нь Жуковын талбай. Бас арваадхан машин зогсож байна. Мах нь 10500-11000 төгрөгийн үнэтэй. Тиймээс худалдан авалт хийж байгаа хүн харьцангуй цөөн байв. Учир нь, арай үнэтэй байна гэв. Бусад цэгт гарсан үзэсгэлэн худалдааны махтай харьцуулахад хамгийн үнэтэй нь энд байна. Махны худалдаачид Дорнод, Сүхбаатараас иржээ. Бас л малчид бус ченжүүд зонхилох маягтай. 10-аад машины хоёр, гурван л малчин байх аж. Гурван цэгээр ороход иргэдийн амнаас хамгийн их сонссон нь “Үнэтэй байна. Сонголтгүй байна” гэх хоёрхон үг. Нэг цэг дээр дээд тал нь 10 машин л зогсож байгаа бололтой. “Өвлийн идэш-2023” нэгдсэн үзэсгэлэнгийн эхний өдрийн дүр зураг нэг ийм. Албаныхан “Өвлийн идэш-2023” үзэсгэлэн дээр зарж буй мах “Хүчит шонхор”-ынхоос 500-1000 төгрөгөөр хямд гэдэг мэдээлэл өгсөн ч бодит байдлаас зөрүүтэй байв. 

Өнгөрсөн бямба гарагийн байдлаар “Хүчит шонхор” худалдааны төвд худалдаж байгаа махын үнийн хувьд килограмм нь

Үхрийн мах: 8500-10000 төгрөг

Хонины мах: 7000-7500 төгрөг

Адууны мах: 6000-6500 төгрөг

Ямааны мах: 5000-5500 төгрөгийн ханштай байсан юм. 

Түүнчлэн орон сууцны томоохон хорооллуудын талбайд малчид ирж мах зардаг болсон. Тухайлбал, баруун чиглэлд хамгийн том тооцогдох хорооллын нэг “Содон”-гийн гадна талбайд үхрийн мах 9000-10500, хонь 7500-8000 төгрөгийн ханштай байсан юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.