Улаанбаатар луу чиглэх шилжилт хөдөлгөөнийг бууруулсанаар нэг хот улс болох эрсдэл багасна


11-р сарын 20
17 цаг 04 минут

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум Төрийн ордонд үргэлжилж байна.. 

Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр илтгэл тавьсан бол НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс”, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт”, Мандал санхүүгийн нэгдлийн Чэйрман Ө.Ганзориг “Эрсдэлийн менежмент” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. 

                                      Төсөв сайн бол илүү их инновацлаг шийдэлд хүрч чадна 


НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан энэ үеэр хийсэн илтгэлдээ “Монгол Улсад ирэхийн өмнө иргэний мөргөлдөөнтэй, үер усны аюултай гэхчлэн хэцүү нөхцөл байдалтай олон газар оронд ажиллаж байсан. Тэдгээр эрсдэлт байдлыг бууруулах хүрээнд хариу арга хэмжээ авч байсан хэдий ч олон хүн амь насаа алдсан юм. Тэдгээр гамшгууд бидэнд сургамж болж үлдсэн. Бид хүний эрхийн чиглэлд олон ахиц гаргасан ч байгалийн болон бусад гамшгаас үүдэлтэйгээр ололт амжилтаасаа ухрах байдал руу орж байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өмнөхөөсөө өөр болж байна. Тиймээс хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт хариу арга хэмжээг сайжруулах шаардлагатай. Хүмүүст ирж буй сөрөг нөлөөллийг бууруулья гэвэл гамшгийн эрсдэлийг бууруулах нь нэн чухал. Гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг нь нэг талаараа стандарт болон түүний хэрэгжилтийг сайжруулах хэрэгцээ шаардлагыг илтгэж байна. Монгол Улс нь олон улсын баримт бичгүүдэд нэгдэн орсон. Энэ тал дээр маш их ахиц гаргаж байгаа. Гэхдээ илүү их ахиц гаргая гэвэл салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Түүнээс гадна тэсвэртэй байдал руу шилжих хэрэгцээ байна. Түүний нэг жишээ бол зуд юм. Өвөлдөө ногоон хүлэмж ашиглаж, хүнс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалдаг болох нь тэсвэртэй байдал руу шилжиж байгаа хэрэг юм. Сүүлийн жилүүдэд гамшиг ослын тоо нэмэгдсээр байна. Тиймээс Монгол Улсын иргэд гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд бодолцох хэрэгтэй. Энэ бол нэг яамны ажил биш, бүх салбарынхны оролцоо хэрэгтэй. НҮБ тодорхой чиглэлүүдэд анхаарч байна. Түүний нэг нь санхүүжилт юм. Төсөв сайн бол илүү их ажлыг хийх бололцоо бүрдэнэ. Илүү их инновацлаг шийдэлд хүрч чадна” гэлээ. 

                  Даатгалын компаниуд малчдад зориулж бүтээгдэхүүнээ хялбаршуулах хэрэгтэй

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс” илтгэлдээ "Зуд болсны дараах жилүүдэд Улаанбаатар хот руу нүүж ирэх айл өрхийн тоо эрс нэмэгддэг. Үүнээс улбаатай ажилгүйдэл, ядуурлын түвшин өсдөг. Энэхүү нөхцөл байдлаас гарах гарц бол малын индексжүүлсэн даатгал юм. Гэвч даатгалд хамрагдаж байгаа малчдын тоо нэмэгдэхгүй байна. Нийт малчдын 14,4 хувь нь уг даатгалд хамрагдаж байна. Нөгөө талдаа гамшгийн давтамж, хор хөнөөл нэмэгдсээр буй. Энэ тал дээр даатгалын компаниуд сайтар ажиллаж, бүтээгдэхүүнээ малчдад зориулж хялбаршуулах хэрэгтэй. Учир нь байгалийн гамшиг болсны дараа хамгийн их хохирч үлддэг нь орлого багатай иргэд, айл өрхүүд байдаг. Түүнээс гадна хот хөдөөгийн ялгаатай болон хүйсийн ялгаатай байдал нь нийгмийн эрсдэл болоод байна. Боловсролын тэгш бус байдлын үнэлгээнээс харахад, ахлах анги руу дэвшин сурч буй эрэгтэй хүүхдүүдийн тоо хөдөөд цөөн. Эмэгтэйчүүдийнх нь илүү байгаа бол хотод эрэгтэй, эмэгтэй аль аль нь 80-иас дээш хувьтай байна. Их дээд сургуульд сурч буй оюутнуудын гуравны хоёр нь эмэгтэйчүүд байна. Энэ нь гэр бүлийн тогтвортой байдалд эрсдэл дагуулж буй явдал юм. Цаашлаад хөдөөд залуу малчдын залгамж халаа алдагдаж, эрэгтэй хүүхдүүд хөдөөд үлдэх болоод байна. Түүнчлэн хөдөөгийн болон хотын өрхийн орлого хоорондоо 30 хувийн зөрүүтэй байна. Хөдөөгийн өрхийн орлого 1,6 сая төгрөг бол хотын өрхийнх 2,3 сая төгрөг байна. Гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулж 305 мянган малчны амьжиргааны асуудал хүндрэх төлөвтэй байгаа ба Улаанбаатар хот руу чиглэх шилжилт хөдөлгөөнийг бууруулсанаар нэг хот улс болох эрсдэл багасна" гэв.  

                                      Монгол Улс эрсдэлийн индексээр 151 дүгээрт жагсаж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт” илтгэлийг тус форумын үеэр танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн хэмжээнд нийт 193 улсын гамшгийн эрсдэлийн индексийг 2023 онд тодорхойлоход эрсдэлийн индекс хамгийн өндөр улсад Филиппин, Индонез, Энэтхэг, Мексик зэрэг улс багтаж байгаа бол Монгол Улс эрсдэлийн индексээр 151 дүгээрт жагсаж байна. Монгол Улсын сүүлийн 20 жилийн гамшиг, аюулт үзэгдэл ослын статистик мэдээг харьцуулан харахад, өмнө нь 3102 гамшиг аюулт үзэгдэл, осол тохиолдож байсан бол энэ тоо 2014-2023 оны 10 жилд 30.2 хувиар нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоог мөн онуудтай харьцуулахад 9.9 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 10.9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 54 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ган зудын эрсдэлийн хувьд баруун аймгууд маш өндөр, үерийн эрсдэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл аймагт өндөр байгаа бол ой, хээрийн түймрийн эрсдэл зүүн бүсийн аймгуудад өндөр дүнтэй гарсан. 2001-2022 онд цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 565 хүн амь насаа алдаж, 29.763 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт 802.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тэр дундаа сүүлийн жилүүдэд тохиолдох зудын давтамж нэмэгдэж, өнгөрсөн таван жилийн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Завхан аймаг зудын эрсдэл маш өндөрт тооцогдож байна. 2000-2001, 2009-2010 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан зудын гамшигт 19 аймаг өртсөн. Өнгөрсөн зуунд магнитуд нь 8 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 4 удаа, 7 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 20 орчим удаа болж байсан. Хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт сүүлийн арван жилд нийт 684 удаа тохиолдсоны 254 нь зөвхөн 2021 онд тохиолдсон нь өнгөрсөн арван жилийн хугацаанд болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 6 дахин өссөн. Ой, хээрийн түймэр, хүчтэй салхи шуурга, үер усны гамшгийн тоо нэмэгдсээр буй. Төмөр зам, авто замын дэд бүтцэд үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхэд, эрсдэлт байдал өндөрт тооцогдож байна” гэв.

 

Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхыг бүрдүүлэх, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж гамшгаас бий болох эдийн засгийн болзошгүй хохирлыг бууруулах, “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох, хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.