Энхийн цагт цэргийн алба хааж байгаа цэрэг эрс амь насаа алдаж байгаа харамсалтай тохиолдол шил шилээ даран гарч байгаатай холбоотойгоор өчигдөр орой 19.00 цагаас "АРМИД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ вэ?" сэдвийн хүрээнд Clubhouse-ын "Иргэний цахим танхим” өрөөнд боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын арми дэлхий нийтийн хөгжлөөс хоцрогдсон, орчин үетэйгээ хөл нийлүүлж чаддаггүй, цэргүүдээ шоронд байгаа мэт хорьж, дарамталдаг, зодож бэртээдэг, цаашлаад цэргүүд амь насаараа хохирох олон тохиолдол гарч байгааг зохион байгуулагчид онцлоод дэлхийн улс орнуудад тэгвэл цэрэг армийн хөгжил ямар шатанд хүрч, хэрхэн алба хаадаг талаар сонирхолтой баримтуудын талаар ярилцсан юм. Зочин илтгэгч болох Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар найман жил ажилласан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг цэрэг, армийн шинэчлэлийн талаарх бодол, сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр ах дүү наймуулаа бүгд цэргийн алба хаасан. Тиймээс цэрэг, армийн сэдэв өөрт нь ойр байдаг болохыг хэлээд "цэргийн алба хаана гэдэг нэр төрийн хэрэг байсан учраас аравдугаар ангиа төгсөөд цэргийн албанд татагдсан" болохоо дурслаа. Түүнчлэн ЗХУ-д Цэргийн дээд сургуульд тухайн үеийн олон шалгуур үзүүлэлтийг хангаж таван жил суралцаж төгссөн учраас цэргийн амьдралын жаргал, зовлонг биеэрээ туулснаа ярьсан юм.
Тус хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцлоо. Бид хэлэлцүүлгээс онцлох ишлэл, санааг тоймлон хүргэж байна.
-Цэргийн үзэл баримтлалын хувьд Монгол Улс цэргийн бие бүрэлдэхүүн, тоон дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, Жуков жанжны хүний хэрэм босгож, байлддаг тактикаар Монгол явж ирсэн.
Түүнчлэн тухайн армид цэргийн амь нас гэдэг хүний эрх талаасаа чухал үзүүлэлт. Тиймээс сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудын зэвсэг нь зэвсэгтэйгээ тулалддаг болчихсон байна. Энэ нь Орос-Укрианы дайнаас тод харагдаж байна. Укрианчууд ОХУ-ын танкыг жавлин гэдэг системээр устгаж байна. Харин Зөвлөлт холбоот улсын үед танкыг цэрэг эр амь насаа золин байж, цээжээрээ хамгаалахыг баатарлаг үйл гэж үздэг байсан.
Гэтэл орчин үед зэвсэг нь зэвсэгтэйгээ байлддаг болсон энэ үед зэвсэг, техникээ сайжруулах үзэл баримтлал руу дэлхий даяараа явж байна. Тиймээс бид бүгдээрээ ч бас өөрчлөгдье.
Цэргийн тухай ойлголтоо эхлээд өөрчлөх хэрэгтэй. Хамгийн хэцүү нь сэтгэлгээний өөрчлөлт. Улс орноо улс төрийн, эдийн засгийн, соёл, нийгмийн хувьд өөрчилж болно. Гэтэл өнөөх уламжлал болсон социалист сэтгэлгээ, социалист цэрэг гэх ойлголт биднээс огтхон ч салаагүй байна. 1980-1990 оны үед цэргийн дүрэм журам, цэргийн дэг гэдэг зүйлээр солигдчихсон байсан. Хамгийн бүдүүлэг, бусдыг дарангуйлж, сахилга, журмыг хэрэгжүүлдэг хүй нэгдлийн үеийн сэтгэлгээн дээрээ үлдсэн байсан. Бидний эмоц хүй нэгдлийн, сэтгэлгээ нь дундаж зууны үе шиг байна. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээрээ технологийн эрин зуунд амьдарч байна. Энэ асуудал ганцхан бидэнд тулгарсан бэрхшээл биш. Олон улс оронд тулгамдаж байна. Тиймээс гурван жил, таван жил байсан цэргийн албын хугацааг өөрчилж байсан. Аливаа зүйлийн өөрчлөлт хэлэлцүүлэг дээр үндэслэж байх учиртай. Ялзарсан, удсан, дарагдсан асуудлууд удах тусмаа үрэвсдэг. Тиймээс асуудал байвал түүнийгээ ярьж байгаа нь маш чухал. Хугацаат цэргийн алба гурван жил байсныг нэг жил болгож, энгийн хүн Батлан хамгаалахын сайдаар ажиллах боломжийг бүрдүүлсэн. Цаашилбал, Батлан хагаалах, Зэвсэгт хүчнийг хуулиар ялгаж өгсөн.
Зэвсэгт хүчний Жанжин штабыг мэргэжлийн цэргийн хүн удирддаг. Харин батлан хамгаалах гэдэг улс орны бодлогын асуудал учраас улс төрийн албан тушаалтан байж болох томоохон өөрчлөлтүүдийг хуульд тусгасан. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажиллаж байхдаа 10 гаруй хуулийг шинэчлэн баталсан.
"ЦЭРЭГ УДАА ДАРАА АМЬ НАСАА АЛДАЖ БАЙГАА НЬ АРМИЙГ ШИНЭЧЛЭХ ДОХИО"
-Монголын армийг нээлттэй болгоё. Зөвлөлтийн загвараас дэвшилттэй яваа, авч ашиглаж болох нээлттэй боломжуудыг оруулж ирэх үүд хаалгыг нээж өгсөн. Хууль нь батлагдсан ч түүнийг барьж хэрэгжүүлэх хүмүүс өнөөгийн Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбар, анги нэгтгэлийг удирдаж байгаа хүмүүсийн сэтгэлгээнд Зөвлөлт Орос улсын сэтгэлгээ гүн бат үлдчихсэн бол явахгүй. Тиймээс гадны аль нэг улстай солилцоонд ороод ирвэл харах өнцөг нь өөрчлөгдөх байх. Гэтэл байрнаасаа, буйрнаасаа хөдлөхгүй байгаа хүмүүс бүхнийг удирдаж анги нэгтгэл, ажилчдын хувь заяанд нөлөөлж байна. Цэрэг, арми гэдэг аль ч улс орны хүсэл, эрмэлзэлийг тээдэг. Хүн гэдэг өөрийн өсөх, урам зориг авдаг газар руугаа тэмүүлдэг. Ингээд бодохоор Монголын арми залуусын тэмүүлдэг газар байна уу, зугтдаг газар байна уу гэдгийг одоо дүгнэх ёстой цаг.
Монгол Улс армитай байх ёстой гэдгийг Үндсэн хуулиараа шийдчихсэн. Газарзүйн байрлал болоод хоёр том хөрштэйн хувьд Монгол Улс зэвсэгт хүчинтэй байхаас өөр сонголтгүй. Тиймээс армитай байх гэдэг дээр маргахаас илүү одоо байгаа арми, зэвсэгт хүчиндээ ямар өөрчлөлтийг ямар байдлаар хийх вэ гэдгийг хаана хаанаа бодох, хэлэлцүүлэг, шинэчлэл хийх ёстой.
Өнөө үед мэдлэг, мэдээллийг олж авах хуваалцах боломж хамгийн өндөр түвшинд байна. Орчин үеийн армид очиж байгаа залуус өөр болох ёстой. Энэ түвшинд бид армиа шинэчлэхгүй бол цаашид ямар ч өөрчлөлт ярих шаардлагагүй. Өөрчлөлт өмнө нь явж байсан. Одоо ч явж байгаа. Цэрэг удаа дараа амь насаа алдаж байгаа нь өөрчлөх цаг болсны дохио. Хэрэв Монголын арми Укрианы арми шиг шалгалтад, туршилтад орвол яах вэ. Улс оронд нэг өглөө бөмбөгдөлтөд өртвөл яах вэ. Харийн цэрэг ороод ирвэл хэдэн танк, цэрэг хаана байх вэ, гүзээтэй генералууд байлдаж чадах уу. Ингээд асуудал үүснэ. Тиймээс хаалттай, муу байгаад дотроо бүр ялзрах уу, эсвэл агаар оруулж, салхи сэвэлзүүлж хууль, дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах уу гэдэг асуудал Монголын армийн өмнө тулаад ирчихсэн байна, ярих цаг ч болсон байна.
Тиймээс армид хамгийн түрүүнд бүх үүд хаалгаа нээх хэрэгтэй. Цэргийн анги руу ороод харахаар заалыг нь хөгц идчихсэн, цонхны шилийг нь гялгар цаасаар битүүлчихсэн байна. Намайг 1980 онд цэргийн алба хааж байхад байсан цэргийн ангийн дүр төрх дээр гацчихсан, царцчихсан мэт дүр зураг харагдаж байна. Цэргийн ангиуд хэвлэл мэдээлэлд нээлттэй байж болж байгаа, болохгүй байгааг нь нээлттэй мэдээл.
Өөрчлөлтийг хүмүүс байгаа үнэн төрхөө мэдсэн цагт эхлүүлдэг. Харин өөрчлөлтийг мэдрэхгүй гэр дотроо хөглөрөөд навсайгаад суувал суугаад байна. Арми яах гэж байгаа юм. Монголын ард түмний сайн сайхны төлөө байгаа юм. Тийм юм бол тухайн цэргийн ангид хүүгээ мордуулсан аав, ээж, ах дүү тэр ангийн хаалгаар цэргийн ангийн хаалгаар чөлөөтэй ордог болгочих. Тухайн цэргийн ангийн биеийн тамирын талбайд иргэд орж ирээд гүйдэг байг л дээ. Хэдэн тооны хүүхдүүд авч ирээд шоронд байгаа мэт хаалттай байж болохгүй. Ийм хэлбэрээр Монголын арми явж болохгүй. Үүд хаалгаа нээгээд нийгэм рүүгээ орчихвол армийн сайн сайхан харагдана. Армийн сайн сайхныг гаднаас дайсан орж ирэхээр үзэх юм уу. Арми иргэндээ хэрэгтэй байгаа цагт миний арми гэж би итгэнэ. Армийн чадамж технологийн дэвшлээр хэмжигдэж байна. Дэлхий нийтээрээ бүх цэргүүдээ гар утастай болгож байна. Олон янзын программ суулгаж гар утсаараа удирдаж байна. Гар утсаараа үзэл сурталаа ч хангаж байна, электрон дайнд ч бэлдэж байна. Монголын арми түүн рүү явах ёстой.
Олон цэргийн хүчээр дайснаа дардаг технологиор явах юм уу, илүү технологитой нь ялдаг систем рүү явах юм уу. Манай бэлтгэл хаана явна.
Эрх чөлөөт үзэл санааг дээд зэргээр ойлгодог арми, техникийн дэвшлийн манлайлагч, эрүүл хүчтэй, иргэдийг бэлтгэдэг нийгмийн сургалтын төв нь байгаасай. Ингэж чадвал арми, цэрэгтээ ард түмэн улам хайртай болно. Эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол явахгүй нь ээ. Цоо шинэ систем суулгаж өгөх хэрэгтэй. Анги нэгтгэлүүдээ төрөлжүүлж, орчин үед шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгодог түүгээр төрөлжүүлдэг болмоор байна.
Гагнуурчин, код бичих, хэл сурах, мужаан, засварчин гэх мэт олон сонголтоос сонгоод ангидаа хуваарилагдахаас өмнө аав, ээжтэйгээ нэг удаа ч болов очоод үзчихсэн байх хэрэгтэй. Ийм ил тод нээлттэй болгомоор байна.
Угтаа оюутан цэрэг хөтөлбөрийн зорилго нь заавал бүтэн жил цэргийн алба хаах биш гурван сарын хугацаанд цэргийн анги, цэрэг хүний амьдралаас бага багаар амталж, юм юмны зах, үнэ цэнийг ойлгоод төлөвших ийм учиртай, зорилготой. Бусад газар байгаа хамгийн сайн дүрэм журам, цэргийн сургалтыг оруулаад ирэх хэрэгтэй. Бид зэвсэг, техник гаднаас авах гэхээр зарим улс орнууд дургүйлэх нь. Бидэнд ганц буу ч авах чадал байхгүй. Тиймээс цэргийн сургуулиудаа дэлхийд хамгийн өндөр түвшний сургалттай ижил хөтөлбөрөөр бэлдэх шаардлагатай байна. Зарим нэг зүйл дээр ОХУ-ын дарамтаас гарахын тулд зөрөх ёстой бол зөрөх ёстой. Монголын цэрэг, арми гэдэг бие даасан хэмжээнд оччихвол жинхэнэ тусгаар улс болно. Энэ хэмжээнд цэрэг армиа өөрчилвөл тэнд бие биеэ зодох, стресс бухимдалд орчихсон ахлагч нар тэнд бухимдлаа гаргадаг ийм хачин системийг халах цаг хаяанд ирсэн гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл бичих