"Мөрийтэй тоглоомд нэр холбогдсон алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаа"


11-р сарын 16
14 цаг 57 минут

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2023.11.16/ цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, цахим сүлжээнд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт холбогдсон талаар мэдээлэл хийлээ.


Цагдаагийн байгууллагаас 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэрэгт мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар 204 хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа аж. Мөн "Хяналт-1" болон "Хяналт-2" гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, арилжааны банкны төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан ажлын хэсгийг байгуулж, олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

Ингэснээр нийт 3508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхээ хязгаарлуулсан, 2715 дансыг царцаасан, тэнд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг бас царцаасан, мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан 102 фэйсбүүк пэйжийг устгуулах хүсэлтийг Харилцаа, холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.

Мөн цагдаагийн байгууллагаас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран долоо хоног бүр шалгалт хийж, 1-2 гэмт бүлгийг эрүүгийн хариуцлагад татаж байна. Тухайлбал, 2023 оны арав, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилжээ. Тэд хууль бус орлогоороо их хэмжээний эд хөрөнгө худалдан авч, цагдаагийн байгууллагын алба хаагчдад нөлөөлөхийг оролдсон тохиолдол гарч байгааг цагдаагийн албаныхан онцолсон юм.

Учир нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа иргэд хууль бус аргаар олсон их хэмжээний мөнгөтэй, орлоготой. Энэ мөнгөөрөө хэрхэн урт хугацаанд мөрийтэй тоглоомыг зохион байгуулах вэ гэдэгт анхаарч, ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөтгөж, газар болгосон. Газрын бүтэц бүрэлдэхүүнд “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийг байгуулжээ. Энэ төв 24 цаг, 365 хоног цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гомдол мэдээлэл, дансны мэдээлэл, домэйн хаягийн мэдээллийг авч, таслан зогсоох арга хэмжээг авна. Энэ төвийг шинээр байгуулаад 10 гаруй хонож байгаа бөгөөд иргэд 102 тусгай дугаар руу залгах юм уу, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв гэж фэйсбүүк хаяг руу мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Хамгийн том хамтын ажиллагааны дэмжлэг бол ард иргэдийн оролцоо юм. Цахим мөрийтэй тоглоом тоглож, мөнгөө алдсан иргэдийн тоо өсч байна. Админ эрхтэй хүмүүс иргэдийн мэдээллийг харж байдаг. Хэрэглэгч байгаа тохиолдол энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй. Та хэзээ ч мөнгө хожихгүй, цэвэр залилан гэсэн үг гэдгийг анхаарууллаа.

Таны хэдэн төгрөгөөр ямар мөнгөөр тоглож байгааг тогтмол дүн шинжилгээ хийж, байр, машинаа барьцаанд тавих эрсдэлд оруулж байна. Монгол Улсын санхүүгийн аюулгүй байдалд оруулж, мөнгө угаах гэмт хэргийг үйлдэж байгаа ноцтой гэмт хэрэг юм гэдгийг албаныхан онцолсон юм. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулбал 1-3 жилийн хорих ялаар шийтгэдэг бол цахим мөрийтэй тоглоомын газар байгуулсан бол тав хүртэлх жилийн хорих ялтай. Иргэн та цахим мөрийтэй тоглоом тоглосон бол Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулж, хожсон мөнгө, тоглосон хэрэгслээ хураалгах хариуцлага хүлээнэ. Энэ төрлийн гэмт хэргээр шүүхээс ял авсан нэг л хүн байгааг албаныхан хэлсэн юм.

"АХМАД АЛБАН ХААГЧ ШАН ХАРАМЖ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭСЭН ҮЙЛДЭЛ ИЛЭРЧ,  АТГ-РУУ ШИЛЖҮҮЛСЭН"

Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:

-Манай Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг алба хаагчид цахим мөрийтэй тоглоомд нэр холбогдсон талаар зарласан. Цахим мөрийтэй тоглоомын үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр ус холбогдсон. Бид хуулийн хүрээнд эрх бүхий Мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийг албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Шалгах ажиллагаа гэм буруутай, гэм буруугүй эсэх материалыг бүрдүүлж, дүгнэдэг учраас цахим сүлжээгээр тодорхойлох боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явц гэдэг маань тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоох ёстой. Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн ард гэр бүл, амьдрал, нийгмийн харилцаанд оролцох эрх байгааг тооцож, мэдээллийг олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.

Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан. Тусдаа асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад ахмад албан хаагчийн нэр дурдагдсан. Цагдаагийн алба хаагчид хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөлд автагдаж, шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аравдугаар сард шилжүүлсэн. Үндсэн хуульд заасан шүүхийн байгууллагын эцэслэн шийдвэрлэх тогтоолгүйгээр хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн албанд мянга мянган алба хаагчид ажилладаг гэдгийг ойлгох нь чухал гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.