Бид энэ удаа Эрдэнэцагаан сумын бизнес эрхлэгч “Гэгээн арвижих” компанийн менежер: СҮХБААТАРЫН ЭРДЭНЭТУЯА-тай ярилцлаа.
Урлагийн менежер мэргэжилтэй бүсгүй яагаад орон нутагт бизнес эрхлэх болсон юм бэ?
Энэ мэргэжлийг их түүхтэй эзэмшсээн. 2004 онд КУДС-ийн Урлагийн менежментийн ангид тэнцээд явах болоход аав дургүйцсэн. Тэр үед Дорнод аймагт Хүнсний дэлгүүр ажиллуулж байсан юм. Тэр ажлаа хаяад шалгалт өгөөд тэнцчихсэн. Гэтэл аав: Чи халуунд халж, хүйтэнд хөрж ингэж зүтгэчхээд, хамаг юмаа хаяад сургуульд явж хэрэггүй гэж хориглолоо. Би гурван өдөр, шөнө сургуульдаа явна гэж уйлаад, аавыг зөвшөөрүүлсэн. Сургуульд явахдаа аавдаа болзол тавилаа. Эхний жилийн төлбөрийг л та төлчих. Үлдсэн гурван жилийн төлбөрөө би өөрөө даая гэж тохиролцсон. Намар сургуульд явахад нэг хонины мах, тулсан зардалтай хот руу ганцаараа явлаа. Очоод эхний шалгалтдаа тэнцсэнгүй. Гэтэл сургуулийн захиргаанаас төлбөр төлсөн ч сурах боломжгүй, гэдэг юм байна. Үгүй би заавал сурна. Дахиад шалгалт өгнө гэж зүтгээд, 14 хоног бэлдээд дахиж шалгалт өгөөд тэнцлээ. Ингээд сурч байтал эхний улиралд төлбөр төлөгдөөгүй учраас гэсэн шалтгаанаар дахиад хасагдлаа. Аав руу утасдаад: Та чадахгүй бол яах гэж төлбөр хийнэ гэсэн юм гэж уурлаад, сургуулиас хасагдсанаа ч хэлэлгүй утсаа тасалсан. Ингээд 7 хоног ресторанд угаагч хийлээ. Тэгтэл аав утасдаад төлбөрийг чинь хийсэн шүү... гэхэд нь бөөн баяр болж билээ. Маргааш нь сургуульдаа очтол төлбөр чинь орсон. Одоо сургуульдаа сурч болно. Хичээлээ нөхөж аваарай гэсэн. Тэгээд л КУДС-ийг дөрвөн жил сурч Шилдэг оюутны нэг нь болж төгссөн дөө. Хамгийн гол нь аав бид хоёрын тохиролцоо миний талд эргэж, сургалтын төлбөрийг аав маань дөрвөн жил төлсөн. Охиноо өрөвдсөн байх л даа.
Төгсөх жил оюутнуудтайгаа хамтарч хийсэн “ Хүлээлт” гэдэг кино маань Олон улсын кино наадамд Шилдэг найруулга, Шилдэг менежменттэй киногоор шалгарч би Шилдэг төгсөгч болсон юм. Аавдаа хэлсэн амлалтдаа хүрсэндээ баяртай байдаг. Цаашдаа ч ачийг нь хариулж, сайн явж, сайн охин нь байхыг хүсдэг.
Сургуулиа төгсөөд тэгж их хүсэж дурласан мэргэжлээрээ ажилласан биз дээ?
Төгсөөд дуу бичлэгийн студид продюссероор хэсэг ажилласан. Аав Эрдэнэцагаан суманд байсан болохоор аавыгаа асаръя гээд нутагтаа ирсэн. Сумандаа ирэхэд ажлын санал төрийн байгууллагуудаас их ирсэн. Аавыгаа асарч байгаа учраас цагт баригдсан бүртгэдэг ажил тохирохгүй, хувийн хэвшил рүү орсон. Дүү маань сумандаа бизнес эрхэлдэг байсан юм. Дүүдээ туслаад дэлгүүрт нь суух, ачаа барааг нь зөөлцөх зэргээр анх бизнесийн А үсэг сурсан. Манай дүү: Та бизнес хийвэл чадна гэхэд нь, ийм ажил хийхгүй гэдэг байлаа. Хүнсний дэлгүүрийн бараа байнга л татна. Шуудайтай гурил үүрээд гуйвж дайвж зөөдөг байхдаа, ийм бизнесийг бол эрхэлж чадахгүй л гэж боддог байлаа. Гэтэл амьдрал хүний чадахгүй гэдэг зүйлийг сургадаг юм уу даа. Дунд сургуулийн сурагч байхдаа ангидаа жижиг сажиг зүйл зарж мөнгө олдог байлаа. Бас 7,8-р ангид байхдаа шөнийн 3 цагт босож 20 гаруй үнээ сааж, сүү цагаан идээгээ өөрөө боловсруулдаг байсан юм. Тийм болохоор л дүү маань та бизнес эрхэлж чадна гээд байгаа нь тэр л дээ.
За тэгээд сумандаа ирээд зүгээр сууж чадахгүй 2013 онд аавтайгаа нийлээд одоо энэ дэлгүүр байгаа байшингаа 16 сая төгрөгөөр худалдаж аваад, засаж тохижуулаад “Хүнсний дэлгүүр”-ийн үйл ажиллуулъя гэж ярилцаад ажлаа эхэллээ.
Анх дэлгүүр нээж байгаа учир бэлэн мөнгөгүй. Бараа бүрээс ширхгээр авч борлуулдаг байлаа. Нэгээс эхлээд 5-6 ширхэг ч юм уу. Найман нэрийн дэлгүүрээ нээчхээд бөөний төвөөс архи ширхгээр авсан чинь худалдагч нь танайх дэлгүүр байж ширхгээр авч байгаа юм уу гэхэд нь удахгүй сагс сагсаар нь авнаа гэж хэлж байсан юм. Одоо би сагс сагсаар нь авдаг болсон.
Дэлгүүрээ яаж дүүрэн бараатай болгох вэ гэж аавтайгаа ярилцдаг байлаа. Хүнсний дэлгүүрийн ажил маш их ачаалалтай хүнд хөдөлмөр. Шантраад 2-3 ч удаа дэлгүүрээ хаяад, хот руу явж ажиллаж байлаа. Тэгэхэд аав намайг огт хориглоогүй. Миний сонголтыг хүндэтгэж, ингэж шийдэж байгаа бол өөрөө мэд. Удахгүй ухаараад буцаад ирэх байх аа гэж байсан. Хотод 3 сар орчим болохдоо таксинд хүртэл явдаг байлаа. Тэгээд л үнэнд гүйцэгдээд буцаж ирээд одоо хүртэл эргэж буцалтгүй бизнесээ үргэлжлүүлж байна даа.
Эхлээд зургаан нэрийн дэлгүүр нээгээд, хэсэг хугацааны дараа 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрлөө авсан. Анх аавтайгаа хамт хоёулхнаа эхэлж байсан бол одоо 10 орчим хүнийг ажлын байраар хангаад явж байна.
Сумын дэлгүүрт үйлчилгээний олон төрөл байх ёстой юм байна гэж ойлгоод, дэргэдээ утас засвар, авто засвар, үсчин, хөгжмийн сургалтын төвийг хүртэл байгуулсан. Гар утас засварын сургалтад сууж, утас засаж сурсан. Сүүлдээ гар утас борлуулж эхэлсэн. Анх “Тренд” гэдэг андройд гар утаснаас нэг ширхгийг авчраад зарж байлаа. Сумандаа гар утас зардаг дэлгүүр нь манайх байв. Андройд утас дөнгөж гарч ирж байхад тийм утас зарахаар хүмүүс их сонирхож авна. Хоёр утас зараад, нэг утас авах мөнгөтэй болдог болдог байлаа. Тэгж байхдаа лангуу дүүрэн утас зардаг болчих юм сан гэж мөрөөддөг байв. Өнөөдөр тэр мөрөөдөл маань биелж, лангуу дүүрэн утас зарж байна. Мөрөөдөлдөө хүрэхээр дараагийн мөрөөдөл бий болдог юм байна. Одоо лангуу дүүрэн Iphone утас зардаг болох сон гэдэг мөрөөдлөөр солигдсон.
Гар утас засна, зарна. Авто засвар ажиллуулах, хөгжмийн сургалт гээд олон чиглэлийн үйлчилгээг яаж амжуулдаг юм бэ?
Амьдрал бол тэмцэл гэдэг. Үнэн юм байна лээ. Хүн амьдралын төлөө тэмцээд, тэгээс эхлээд зүтгэхээр аяндаа бүх зүйлийг сурах шаардлагатай болдог юм байна.
Бүх зүйлд өөрөө гар биеэр оролцож байж, бүгдийг бий болгодог юм байна. Хална, хөрнө, уйлна, дуулна, инээнэ...бүх зүйлийг даван туулсан даа. Жишээ нь Портер машинтай мах ачаад Улаанбаатар хот руу явж байхад дугуй хагараад бүтэн хоёр хонож байсан тохиолдол ч бий. Туслах хүн олдохгүй үе гарна. Тэр үед би энэ амьдралыг авч явж чадахгүй юм байна... гэж бодоод уйлах үе олон тохиолдож байсан. Манай гэрээс хамгийн залхуу хүн нь би. Энэ хүртэл яг эрэгтэй хүн шиг зориг гаргаж, хөдөлмөрлөж ирснээ бодохоор заримдаа гайхдаг. Гэхдээ л нэг удаа ч эрэгтэй хүн хийх ажлыг яагаад хийгээд байна гэж бодож байгаагүй. Ямар чадвартай гэдгээ хүн чадсаныхаа дараа л ойлгодог юм байна лээ.
Бизнес эрхлэхээс илүү хүний ая эвийг олно гэдэг хамгийн хэцүү зүйл гэдгийг л өнөөдөр маш сайн ойлгож байна. Миний хувьд хүний арга эвийг олохдоо сайн биш ч гэсэн тодорхой хэмжээгээр олдог гэж боддог. Нэг удаа надад манай нэг ажилтан: Та огт уурладаггүй байх аа... гэж билээ. Дотроо уйлдаг ч гаднаа гаргадаггүй л байхгүй юу. Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болохгүй.
Суманд бизнес эрхлэхэд хамгийн их тулгамддаг ямар асуудал байдаг вэ?
Ажиллах хүч. Ажилд орохоор ирж байгаа хүмүүс хамгийн түрүүнд цалин асуудаг. Харин бид хийж чадах хэмжээгээр нь цалинжуулахыг хүсдэг. Тэр нь шударга шүү дээ. Тухайн хүн ямар чадвартай. Хэр сэтгэл гаргаж ажилладаг нь эхний өдөр л мэдэгдэнэ. Гэтэл 7 хоног ажиллаад, хүнд байна хэцүү байна гээд больдог тохиолдол олон. Дээрээс нь сум орон нутгийн дэмжлэг маш муу. Ганц жишээ хэлье.
Манайх хөгжмийн сургалт хичээллүүлээд олон хүүхэд хөгжим тоглох чадварт суралцсан. Сургалтад хамрагдсан хүүхдүүд Улсын уралдаанд явах эрхтэй болоход нь би Эрдэнэцагаан сумын удирдлагуудад хандаад, ирж очих зардал гэх мэт зүйл дээр дэмжээч гэхэд огт дэмжээгүй. Мөн багшлах хүн олдохгүй зэрэг хүндрэлүүд гарсан учраас хөгжмийн сургалтаа зогсоосон. Суманд анх удаа хүүхдийн оюунд томоохон хөрөнгө оруулалт хийсэн ажил байсан юм.
Удирдлагууд ийм байдаг байж. Ажлын ачаалал даахгүй байгаа хүмүүсийн тухайд. Ажил олгогчдоос шалтгаалах зүйл байна уу?
Хамгийн гол нь ажиллах орчин нөхцөл, уур амьсгалыг маш сайн бүрдүүлэх, дээрээс нь ачаалалд нь тохирсон цалин өгөх ёстой. Уур амьсгал онцгүй, нөхцөл муу, цалин сайн биш газарт хэн ч ажиллахыг хүсэхгүй шүү дээ.
Банкнаас зээл авахад хэр хүндрэл гардаг вэ?
Гарааны бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн нөхцөлийг хөнгөрүүлэх хэрэгтэй санагддаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр би нэг удаа 50 сая төгрөгийн зээл хүсэхэд 4 жил болж байж 20 сая төгрөгийн зээлийн боломж олгосон. Банкны зээлийн нөхцөл бидэнд маш хатуу шаардлага тавьдаг. 100 саяын зээл авахад 200 сая төгрөгийн хөрөнгийн зээлийн барьцаа хүрэлцдэггүй. Зарим үед танайх боломжтой байна гээд зээлээс хасдаг. Яагаад гэхээр танайх олон жил үйл ажиллагаа явуулсан учир гарааны бизнес эрхлэгчдэд л зээл олгоно гэдэг хариу өгнө. Өгсөн зээлийг нь харахаар яг гарааны бизнес эрхлэгчид биш танил талдаа өгчихсөн л байдаг. Энэ мэт зээлийн асуудлаас гадна, ажлын байр, хүний нөөц гэсэн гурван асуудал сумдад тулгамдаж байгаа хамгийн том асуудал байна даа.
Сумандаа дутагдаад байгаа зүйлийг хийх гээд төсөл бариад очихоор огт дэмждэггүй. Нэг жишээ хэлье. Эрдэнэцагаан суманд хамгийн хэрэгцээтэй зүйл хүүхдийн өдөр өнжүүлэх анги. Үүнийг хийе гээд удирдлагууддаа хандсаан. Харамсалтай нь дэмжигдээгүй. Төрийн байгууллагын дэмжлэг авч чадахгүй байгаа юм чинь өөрийн чадах чинээгээр олон тустай ажил хийе гэж шийдээд уламжлал болсон ажлууд хийж байна.
Тухайлбал?
“Ааваараа бахархая” цэнгүүнийг гурван жил дараалан зохион байгуулж, 54 аавыг алдаршуулсан. Мөн ээжүүдийн баярыг гурван жил дараалал зохион байгуулж, нийт 27 ээжийг алдаршуулж, 20 зорилтот бүлгийн айлд тусламж үзүүлсэн. Хөгжмийн сургалтын төвын маань хүүхдүүд “Хорвоод ганцхан ээждээ” , “Үүрд хамт байгаач ээжээ” нэртэй явцын тайлан тоглолтууд хийсэн. Насаараа мал малласан, насаараа төр нийгмийн төлөө зүтгэсэн, үр хүүхдээ сайн сайхан явуулж буй ч гавьяа шагналгүй үлдсэн олон хүнийг баярлуулах зорилготой энэ ажлыг иргэд маш сайхан хүлээж авдаг. Ийм хүмүүсийг эрж хайж олж алдаршуулах бүхий л үйл явцын санхүүжилтийг өөрөөсөө гаргадаг.
Хэдэн жил сумандаа бизнес эрхэлсэн болохоор олон нийт рүү чиглэсэн ажил хийе гэж бодсоны үндсэн дээр хийж байгаа. Дээр хэлсэн зорилтот бүлгийн нэг өрхөд 600 орчим мянган төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүлдэг. Сайн дурын ажил учраас ашиг хардаггүй. Эдгээр ажлуудаасаа сэтгэл ханамж авдаг даа.
Сүүлийн хоёр жил “Цэцэгт мэндчилгээ” сэтгэлийн бэлгийг иргэдэг хүргэдэг болосн маань
Эдгээр ажлын хариуд хамтаръя гэсэн саналууд ирдэг үү?
Дараа нь хамтран ажиллах саналууд ирж байгаа. Нэг малчин өвөө баяр хүргээд, ийм үйл ажиллагааг зохиоход зардал их орно гээд хонь, бэлэн мөнгө өгсөн. Сумын Ахмадын хороо, Эрдэнэцагаан сум дахь Гал унтраах 47 дугаар анги, хилийн цэргийн 0146-р анги зэрэг олон байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Санаачилсан ажлууд маань цаашдаа үргэлжилж тасрахгүй явж байвал миний зорилго биелнэ. Надаас их зардал гарлаа гэж бодолж байгаагүй юм байна. Өнгөрсөн хугацаанд бусдад өгсөн зүйлийн маань өртөг хэдэн ч байрны үнэ хүрсэн юм бүү мэд. Тооцож үзээгүй л байна. Орон нутаг дэмжихгүй ч гэсэн тусалж дэмждэг хувь хүн, ААН олон гарч ирж байгаа нь намайг үнэлдгийн илрэл юм уу даа.
Эрдэнэцагаан сум хот, аймгаас хамгийн хол оршдог. Бараа татахад хэр хүндрэлтэй байдаг бол. Холоос татдаг учраас үнийн нэмэгдэл иргэдэд нөлөөлдөг байх?
Хотоос бүх бараагаа татдаг. Одоо машин унаа элбэгшсэн болохоор бараа татахад хүндрэлтэй биш. Өргөн хэрэглээний бараагаа өртөг өндөр зарахыг чухалчилдаггүй. Аль болохоор худалдан авагчдадаа боломжийн үнээр зардаг. Хэт их ашиг харвал онцгүй шүү дээ. Гэвч НӨАТ-ийн төлбөр нэлээд дарамттай байдаг нь үнэн. Дөнгөж нээгдсэн дэлгүүрийн ашиг сайнгүй байдаг. Гэтэл манайх шиг жижигхэн 8 нэрийн дэлгүүрээс НӨАТ авна гээд шахаад байдаг. Гэтэл хотын Нарантуул захад байдаг хэдэн зуун саяар эргэлддэг дэлгүүрээс НӨАТ авдаггүй тохиолдол байдаг. Энэ мэт утга учиргүй татвар хураамж нэхдэг асуудлыг л цэгцэлмээр санагддаг. ЖДҮ эрхэлдэг олон ААН татвараа төлж чадахгүй хаалгаа барьдаг тохиолдол олон бий.
Мөн боловсон хүчний асуудал суманд маш дутагдалтай байсаар л байгаа. Үүнтэй уялдуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах бодлого барьж байгаа. Хийж чадах хэмжээний ажлыг хийлгээд тохирсон цалинг нь өгөхөд бэлэн байгаа гэдгийг энэ ярилцлагаар дамжуулан хэлье.
Суманд олон жил бизнес эрхэлж. Олон ажил санаачилж хийж хэрэгжүүлсэн байна. Үр өгөөж нь ч өөрийн тань өмнөөс “ярьж” байна. Нутагтаа сайхан амьдарч байна уу гэвэл, юу гэж хариулах вэ?
Хаана амьдрах нь чухал биш, байгаа газраа тав тухтай амьдрах нь чухал. Сумандаа ирээд бүх зүйлийг өөрийн гараар босгосон. Их мөнгөтэй болчихвол, гоё байшинтай болчихвол сайхан амьдарна гэж бодвол үнэнд нийцэхгүй. Ялангуяа бизнес хийхэд их мөнгө шаардлагагүй. Байгаа зүйлээ ариглаж, додомдож өөд нь татаж бизнесээ босгосон хүний хувьд ингэж хэлээд байгаа юм. Дэлгүүр болон гэрийнхээ барилгын засварыг би өөрөө л хийсэн. Шавар зуурч, сатирк татаж, замаскдах гээд бүх ажлыг нь. Ер нь амьдрал хүнийг хүмүүжүүлж, сурах ёстой зүйлд сургадаг юм байна. Айлын эрх охин байсан үе бий. Бүх зүйл бэлэн, ажил хийдэггүй байсан ч одоо би тэс өөр хүн болчхоод байна. Энэ бүхнийг амьдралаас л сурсан. Үүнээс гадна хүн хамгийн сайн чаддаг зүйлээ хийж, гартаа оруулаад тэрийгээ бусдадаа зааж өгөх нь хүн бүхний үүрэг шүү дээ.
Бизнес эрхэлж буй хүн харилцаа хандлага дээр онцгой мэдрэмжтэй байх ёстой. Манай дэлгүүрт нэг бүсгүй орж ирээд, бид нэлээд хугацаанд ярилцаж суусны дараа тэр бүсгүй / уул уурхайд ажилладаг/ манай дэлгүүртэй олон жил хамтарч ажилласан.
Өдөр тутам намайг давсан их ажил хүлээж байдаг учраас хандсан бүрд туслах боломжтой эсэхийг шууд хэлдэг. Хүн чимээгүй хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна лээ. Би ингэсэн, тэгсэн гээд гадагшаа “хашхирах” тусам үнэ цэнээ алддаг юм шиг ээ.
Эрдэнэцагаан сумын бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн том төлөөллийн нэг таны цаашдын зорилго юу бол?
Мэргэжлийн чиглэлээр магистрт сурна. Арай өргөн зах зээлд бизнесээ үргэлжлүүлье гэж бодсон зүйл байгаа. Ойлгодог, дэмждэг хүмүүсийн дэргэд байвал илүү урам зоригтой ажиллах болов уу. Миний хамгийн том мөрөөдөл бол мэдсэн сурснаа олон хүнд зааж өгөх, мөн олон хүний оюунд чадах ядахаараа хөрөнгө оруулалт хийх сэн гэдэг хүсэл дотор маань байсаар л байгаа.
Байгаагаа тараадаг зан танайханд байх шигээ?
Аавын минь өвлүүлсэн зөв хүмүүжил өнөөдрийн намайг бүтээсэн болов уу. Хэрвээ надаас тусламж гуйвал би арай боломжгүйд нь л тусална. Энэ бол миний дотоод сэтгэлийн өгөгдөл. Үүнийг би ааваасаа өвлөсөн. Аав маань өдийг хүртэл намайг байгаагаар минь хүлээж авч, тусалж дэмжиж өдий зэрэгт хүргэсэн. Аавынхаа ачийг хариулж чадахгүй ч сэтгэл санааг нь тайван, амгалан байлгах сан гэж хичээж явдаг.
Танай сониноор дамжуулаад энэ хүртэл миний дэргэд байж, дэмжиж тусалсан тандаа хязгааргүй их талархдаг шүү гэдгээ хэлье.
Буйд нутагт бизнес эрхэлж, амьдралаа төвхнүүлсэн бүсгүйтэй хэдхэн хором ярилцахад ийм. Өөрийгөө биш бусдыг гэх сэтгэл нь С.Эрдэнэтуяа бүсгүйн хамгийн том үнэ цэн ажээ. Ааваасаа зөрсөөр байгаад дээд мэргэжил эзэмшсэн ч нутагтаа ажиллах амьдрах дуудлагаар тэр одоо хүртэл Эрдэнэцагаан сумын бизнес эрхлэгчдийн нэрийн хуудас болсоор байна.
Түүний хэлснээр хаана амьдрах чухал биш, байгаа газраа тав тухтай амьдрах боломж бүх хүний гарт бий.
Ярилцсан Д.Улаанаа
Сэтгэгдэл бичих