ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт Д.Отгонжаргал дэлхийн энтэй бөх


9-р сарын 22
12 цаг 42 минут

"Белград 2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Долгоржавын Отгонжаргал энэ удаагийн ДАШТ-д Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпийн хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж аваргын төлөө барилдах эрхээ авсан билээ.

 Харин алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдсанаар ДАШТ-ээс 2 жил дараалан мөнгөн медаль хүртсэн амжилтыг тогтоож, Парисын олимпод зодоглох эрхээ авсан юм.

Тэрбээр чөлөөт бөхийн ДАШТ-ий 3 дахь медалиа хүртэж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, МУГТ Д.Отгонжаргал 2021 онд Ослод хүрэл, 2022 онд Белградад мөнгө, 2023 онд мөн Белградад ийнхүү мөнгөн медаль хүртлээ.

Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчдын түүхэнд ДАШТ-ээс гурван медаль хүртсэн анхны бөх нь 20 дугаар зууны шилдэг тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУГТ З.Ойдов байсан юм. Тэр агуу бөх ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальтай хүн.

Хоёр дахь нь МУГТ Б.Шоовдор. Түүнд ДАШТ-ий гурван хүрэл медаль бий.

Харин 3 дахь нь 50-ын жинд хүч үзэж, өчигдөр мөнгөн медаль хүртсэн Д.Отгонжаргал болж байна. Энэ удаагийн ДАШТ-ий медалийн салхийг хагалж, араасаа 2 ч нядханыг аваргын төлөө барилдах замыг засч, урмыг сэргээж, гүүр болж өгсөн гавьяа яах аргагүй түүнийх.

Тэрбээр энэ удаагийн дэлхийн аваргад баруун хөлөндөө бэртэлтэй явсан. Тэр бүү хэл, дэлхийн дэвжээнд зодоглохын өмнө хагалгаанд орж, таягтай явж байсныг нь чөлөөтийнхөн хэлж байна. Үүнийг Японы өрсөлдөгч нь тун сайн судалж, дэвжээн дээр зөвхөн хөлд орох мэх хийж байсныг, тэмцээнийг үзсэн бүх хүмүүс харсан.

 Тэгвэл Д.Отгонжаргал гэж хэн бэ? 

Д.Отгонжаргал 2001 оны аравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ.

Тэр эцэг эхээс долуулаа, гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй.

Д.Отгонжаргал 2020 онд “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсч, “Идэр” дээд сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр суралцжээ.

Түүний анхны багш нь Б.Оюунсүрэн юм.

Харин 12 настайгаасаа одоог хүртэл гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор “Женко” клубт чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

Д.Отгонжаргалын анхны медаль бол 2016 оны өсвөрийн УАШТ-ий хүрэл медаль.

Тухайн жилдээ Саори Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, “Асашёорюү кап” тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Дараа жил нь буюу 2017 оны өсвөрийн УАШТ-д медалийн өнгөө хувиргаж, мөнгөн медальтан болсон байна.

Тэр жил Монгол туургатан хүүхдийн наадамд түрүүлж, Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Өсвөрийн УАШТ-д түрүүлснийхээ дараа буюу 2018 онд залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль авч, Ч.Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлэн Өсвөрийн Азийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Түүний амжилт үүгээр зогсоогүй ахисаар л байв.

Үүний нотолгоо нь 2018 онд өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн явдал юм. Аваргын төлөөх шигшээ барилдаанд Японы бөхөд дийлджээ. 

2019 оноос насанд хүрэгчдийн ангилалд шилжиж, УАШТ-ээс хүрэл медаль зүүсэн төдийгүй УАШТ-ий өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд медаль хүртсэн түүний амжилт ирээдүйтэй бөх болохыг илтгэсээр. 

Дараа жил нь насанд хүрэгчдийн УАШТ-ээс дахин хүрэл медаль хүртэж, Залуучуудын УАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа зүүлээ. 

2021 онд Норвегийн Осло хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 50 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.Дэлхийн медальтан болж ирээд Монгол Улсын залуучуудын УАШТ-д түрүүлсэн юм.

2022 онд домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнээс хүрэл, Ясир Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. 

Тухайн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д аваргалж, Алматыгийн “Ranking Series” тэмцээний хүрэл медальтан болов. 

2022 онд Сербийн нийслэл Белград хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бөгөөд шигшээ барилдаанд Японы алдарт бөх Юи Сүсакид ялагдсан юм. 

Энэ удаа ч түүний учраа нь Японы Юи Сүсаки байсан юм. Тэд дэлхийн дэвжээнд түрүү булаалдахаар хоёронтоо таарсан нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10Шатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров4 сар 16. 16:07МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална4 сар 16. 16:06Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ4 сар 16. 16:05М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа4 сар 16. 15:57"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"4 сар 16. 15:55УИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов4 сар 16. 15:44Хятадын эдийн засаг тооцооллыг давжээ4 сар 16. 15:41"Хаан шалдан байна"4 сар 16. 15:40Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.