Мазаалай баавгайн тоо толгой тогтвортой өсөж байна


9-р сарын 18
19 цаг 26 минут

 БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийг 2018-2023 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд генетикийн дээж, автомат камерын дата мэдээлэл ашиглан 52 бодгаль байгааг Монгол Улс, БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны үр дүнд тогтоожээ. Үүний өмнө, 2019 онд 25 бодгаль, 2020 онд 36 бодгаль, 2021 онд 34 бодгаль, 2022 онд 52 бодгаль гэж урьдчилсан судалгаагаар тогтоосон байв. Хоёр орны судлаачид энэ оны 7 дугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хооронд хийсэн судалгаагаар 9 цэгийн автомат камераас 10976 ширхэг зураг, бичлэг мэдээлэл цуглуулж, 4 хөдөлгөөн мэдрэгч автомат камерыг нэмж байршуулжээ.  

Мазаалай баавгайг өсгөн, үржүүлэх чиглэлээр судалж, 2017 онд автомат камер болон генотипийн судалгаагаар 22-31 бодгаль байна гэж доктор Л.Амгалан, доктор Т.Одбаяр нар тогтоосон байдаг.  Харин 2009, 2013, 2017 онд нийт 2660 ширхэг генетикийн дээж цуглуулснаас 2009 онд 23 бодгаль, 2013 онд 28 бодгаль, 2017 онд 31 бодгаль байсан аж.

Мазаалайн амьдрах нутгууд болох Мазаалай, Хөшөөт, Шар Хулстай, Хатансуудал, Цагаан Богдын нуруудад 16 талбайд 186 зүйл ургамлын нийт 883 ажиглалтын гэрэл зургуудыг координат цэгийн хамт бүрдүүлжээ. Мөн Алтайн өвөр говийн тойргийн ургамлын аймгаас 30 гаруй зүйл болон нэн ховор, ховор 6 зүйлийн биет цуглуулгыг хийж, эталон загвар бэлтгэв. Сэгс Цагаан Богд ууланд 20 ширхэг бажууны үндсэнд хэмжилтүүд хийж, дүн мэдээллийг нэгтгэхээр ажиллаж байна. Мөн, 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжилт хийдэг 54 цэгт 124 автомат камер байрлуулан, Алтайн Өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэх зорилгоор 30 тн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худаг дээр нарны өргүүр суурилуулсан байна.

БНХАУ-ын судлаачидтай хамтран хийсэн судалгааны хугацаанд 902833 мэдээлэл цуглуулснаас 361133 мазаалай баавгайн фото зураг, видео бичлэг, бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216679 зургийг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн онд зохион байгуулж, ажлын хэсэг байгуулаад байгаа. Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж, “Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлах, “Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан” болгох, жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгай”-н өдөр болгох зэрэг ажлыг хэрэгжүүлэхийг БОАЖЯ мэдээллээ.

Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар байршин нутаглаж байна. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан мазаалай баавгайг 1967 оноос судалж эхлэх үед тоо толгой нь 20-35 орчим байлаа.

Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж буй ангилалд ордог мазаалай баавгайг хамгаалах хүрээнд 1953 онд хуулиар агнахыг хориглон, 1975 онд Говийн их дархан цаазат газар байгуулан хамгаалалтад авч, 1987, 1997, 2013 онд Монгол Улсын улаан номд бүртгэжээ. Түүнчлэн, 1991 онд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ -ийн хавсралтад бүртгэн, 2005 онд БОЯ, НҮБХХ хамтран “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд мазаалай баавгайн шилжилт хөдөлгөөн, генетикийн судалгааг хийж эхэлсэн юм.

Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан Харри Рейнолдс “Мазаалай судалгааны төсөл” хэрэгжүүлж, монгол судлаачдыг 2007 оноос сурган, 2013 онд Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг эхлүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.Үнэнчимэг: Энэ онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 18 тохиолдол оношлогдсон9 сар 29. 20:01Монгол орны байгаль, соёл, уламжлалыг сурталчилсан үзэсгэлэн Сингапурт нээгдлээ9 сар 29. 20:00Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9 сар 29. 19:59Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9 сар 29. 19:57МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав9 сар 29. 19:55Г.Буяндоржийг гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ9 сар 29. 19:55Б.Дөлгөөн: Энэ жил томуугийн А болон В хүрээний 4 цэнт вакцин хийгдэнэ. ХӨСҮТ аравдугаар сарын эхний долоо хоногоос хийж эхэлдэг9 сар 29. 19:54М.Тулгат: Нүүрсний хулгай гэдэг шиг автобусны хулгай гарлаа9 сар 29. 19:53Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөвдүгээр багц ажлын гэрээ байгуулав9 сар 29. 19:522024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно9 сар 29. 19:51Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!9 сар 28. 21:18ЦЕГ: Рэппэр Roockie гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа9 сар 28. 21:17
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.