“Зураг төсөвгүй төслийг төсөвт тусгадгаас захиалагч хохирч байна”


9-р сарын 15
13 цаг 06 минут

УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн хуулийг батлахдаа зураг төсөл хийгдээгүй төсөл арга хэмжээнүүдийг баталснаас болж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга чанарын шаардлага хангахгүй болох, эсвэл ашиглалтад орохгүй олон жилээр удаашрах зэрэг зөрчлүүд гарсаар байна. Энэ асуудлыг Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын ахлах аудитор Ю.Энхтуяагаас дараах тодрууллаа.


-Өнгөрсөн 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн 502 төсөл арга хэмжээнээс 406 нь магадлалгүйгээр батлагдсан байна гэдэг дүгнэлтийг та бүхэн гаргажээ. Ийм асуудал үүсэхэд нөлөөлж буй гол шалтгаан нь юу вэ?

-УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн хуулийг хэлэлцэх үед төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулж баталснаас болсон байгаа. Төсөвлөлтийн шаардлага хангадаггүй гэдэг нь газаргүй, зураггүй төсөл арга хэмжээг төсөвт суулгаж төлөвлөдөг гэсэн үг.

Жишээ татвал, нэг цэцэрлэгийг 3.5 тэрбум төгрөг гэж төсөвлөн төсөвт тусгатал дараа нь зураг төсөл нь хийгдээд гараад ирэхээр 5 тэрбум төгрөг болж нэмэгдэнгүүт тендерт шалгарсан компани нь тухайн батлагдсан төсөвт багтаан барилгыг барьж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Эсвэл барилга байгууламж ашиглалтад орохгүй удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх асуудал гарч байна. Зарим барилга байгууламж олон жил дамнан баригддаг ч асуудал үүсч байна.

Бас нэг шалтгаан нь санхүүжигдэх дүнг хэт бага төлөвлөдөг. Тухайлбал, УИХ-аар 2022 онд төсвийг тодотгох үеэрээ зарим барилга байгууламжийн төсөвт өртгийнх санхүүжих дүнг 3-5 хувиар төлөвлөснөөс болоод гүйцэтгэгч нар зөвхөн газар шорооны ажил буюу суурийн ажлаа хийгээд зогсоох, тэрнээс болоод тухайн барилга дараа жил нь ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүсдэг асуудал бас бий.

Монгол Улсад барилга байгууламж барих хугацаа нь богино учраас санхүүжих дүн, төлөвлөлтийг маш сайн уялдуулж хийх ёстой.

Зарим тохиолдолд барилга байгууламжийг зураг төсөлгүй төлөвлөснөөс болоод гүйцэтгэгч гэрээ байгуулсны дараа зураг төслөө хийлгэж, магадлалаар баталгаажуулдаг. Түүнээс болж, зарим гүйцэтгэгч зураг төсөлгүй төлөвлөсөн төсөвт өртөг дотор нь багтаах зорилгоор ажлын тоон хэмжээг хасах, барилгын материалын үнийг хэт бага үнээр үнэлэн, тендерт орж ирэх, энэнээс болоод чанаргүй материалаар шаардлага хангахгүй барилга байгууламж барьдаг асуудал үүсдэг. Эцэстээ  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга чанаргүй болж, захилагч хохирох асуудал гарч байна.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд илэрсэн бас нэг асуудал нь яамд болон Сангийн яамны дотоод аудит ажлаа маш хангалтгүй хийж байна. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийхгүй байна. Дотоод аудит бол тухайн яаманд хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнд хяналтаа тавиад юунаас болж манай төсөл хэрэгжихгүй байна вэ гэдэг дээр Үндэсний аудитын газраас аудит хийхээс өмнө гол эрсдэлтэй асуудлаа гаргаж ирээд шийдвэрлээд явах ёстой. Гэтэл дотоод аудит нь ажлаа хийдэггүйгээс болоод төсөл арга хэмжээ нь олон жил дамнан удааширч байна. Тиймээс дотоод аудитыг сайжруулах шаардлагатай.

Дээр нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй байна.

Яагаад гэхээр нэг төсөл арга хэмжээ хэрэгжиж эхлээд явж байтал нэг эрсдэл үүсэхэд асуудал гарна. Өнгөрсөн жилүүдэд ковидоос болоод барилгын материалын үнэ өссөн. Мөн барилга байгууламжийг барих явцад нэмэлт ажил гарч ирдэг. Тухайлбал, үерийн далан барих, гадна шугам сүлжээ өөрчлөгдөх. Техникийн нөхцөл өөрчлөгдсөнөөс нэмэлт ажил гарахад төрийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, ажлыг үргэлжлүүлээд явах нөхцөл боломжоор хангах уялдаа холбоо нь маш хангалтгүй байгаа. Тийм учраас яамдуудад энэ ажил дээр ингэж ажил гэдэг албан шаардлагыг Үндэсний аудитын газраас өгсөн.

-Газар нь шийдэгдэхгүйгээс барилгын ажлыг эхлүүлж чадахгүй асуудал үүсч байна гэдэг зүйл нийслэл дээр их яригддаг. 2022 оны төсвөөс санхүүжилт авч хийгдсэн төсөл арга хэмжээнүүд дээр ийм зөрчил гарсан уу?

-2022 оны хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1369 төсөл арга хэмжээ хэрэгжсэнээс 430 нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд хэрэгжсэн. Энэнээс 40 төсөл арга хэмжээ нь төсөвлөлтийн шаардлага хангахгүйгээр эхэлж төлөвлөгдсөн байна гэдэг дүгнэлт гарсан. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 2022 онд ашиглалтад орох байсан ч чадаагүй. Гаднах шугам сүлжээний асуудлыг шийдээгүй орхисноос хойшилсон. Юу болсон бэ гэхээр шугам сүлжээнийх нь ажил хувийн компанийн эзэмшдэг газар дээгүүр төлөвлөгдсөнөөс тухайн компани нь зөвшөөрөхгүй асуудал үүссэн. Дахин газар шороон ажил хийх, нэмэлт зураг төсөл хийх, нийслэлээс хөрөнгө шийдвэрлэх шаардлага үүссэнээс цогцолбор хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж, сурагчид хохирох асуудал гарч байна.

Мөн Эрчим хүчний яаманд харьяалагдах ёстой дулааны шугам сүлжээний ажлуудыг Барилга хот байгуулалтын сайдын багцад оруулснаас болоод хэрэгжилт удааширсан асуудал ч бий. Тийм учраас гол чиг үүргийн яаманд нь ажлыг шилжүүлээд тухай бүрт нь шийдээд явах ёстой гэдэг зөвлөмж өгсөн.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.