М.Оюунтулга: Юань улсын монгол хатны дээлийг 99 хувийн шижир алтан утсаар оёсон байсан


5-р сарын 2
12 цаг 08 минут

Юань улсын монгол хатны 56, монгол баатрын 53 дугаар булшийг амжилттай малтсан талаар МУИС-ийн профессор Ц.Төрбаттай ярилцсан билээ. 

Монгол хатны 56 дугаар булш нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн дурсгалт газраас анх удаа огт хөндөгдөөгүй малтагдаж буй оршуулга юм. 

Соёлын Үндэсний Төвийн мэргэжилтнүүд тус хоёр булшнаас олдсон эд өлгийн зүйлийн материалын судалгаа болон хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах ажлыг хийж байгаа аж.

Ажлын явц, булшнаас гарсан олдворуудын талаар  Соёлын Үндэсний Төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулгатай ярилцлаа. 

- Сайн байна уу. Юань улсын монгол хатны 56 дугаар булшнаас ямар олдворууд гарсан бэ? 

- 56 дугаар булш нь анхан шатны байдлаараа огт хөндөгдөөгүй олдсон. Талийгаачийг хувцас, эдлэл хэрэглэгдэхүүнтэй нь оршуулсан байсан. Археологийн малтлагаар модон авс, бөс даавуу, торго, хүрэл, алт мөнгөн эдлэл, яс гэх мэт органик, органик бус материал эд хэрэглэгдэхүүний зүйл гарсан. 

Үүнээс онцлох олдворын хувьд талийгаачийн хажуу хэсэгт бүрэн тоногтой адуу тавьсан байсан. Энэхүү адууны тоног хэрэгсэл дунд зэс хөөмлийг алтан ялтсаар бүрсэн гоёмсог чимэглэл бүхий эмээл олдсон. 

Тус булшийг 13 дугаар зууны Монголын эзэнт гүрэнд хамаарах язгууртан эмэгтэй хүний оршуулга хэмээн судлаачид дүгнэсэн.

Нийтдээ 50 гаруй олдвор дээр хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын ажил хийгдэж байна. Зэс хөөмөл, алт мөнгөн эдлэл, торго бөс даавуу, эсгий, үр тариа зэрэг эдлэл хэрэглэгдэхүүнд материалын төрөл зүйг судалж байна. 
 
- Материалын төрөл зүйн судалгаанаас танилцуулна уу? 

- Археологийн матлагаас илэрч буй эд өлгийн зүйлийг судлаачид анхан шатны байдлаар материалыг тодорхойлох нь элбэг. Гэвч энэхүү судалгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийвчлан хийгддэг.

Мэргэжилтнүүдийн хувьд лабораторийн судалгааны үр дүнгээс хамаарч тухайн олдворын хийц загвар, бэхжүүлэлт хийж гэмтлийг зогсоож, сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын арга зүйг боловсруулдаг. 

56 дугаар булшны хувьд шилмүүст төрлийн хар мод илэрсэн. Эмээл нь хус модоор хийгдсэн бөгөөд бүүрэг хэсгээс илэрсэн эсгий нь цэвэр хонины ноос байсан.

Эмээлийн бүүргийн алтан чимэглэл бүхий металл хэсгүүд зэвэрч ногоорон хатуулаг чанар нь багассан, дүрслэлийг нарийн харах боломжгүй, эмээлийн модны хувьд хэт хаталтаас үүдэлтэй өгөршил явагдаж өмхөрсөн эмзэг байдалтай олдсон.

Одоогоор дээрх олдворуудыг бэхжүүлэх, зэврэлийг арилгаж зогсоох, нөхөлт болон сэргээн засварлалт хийсэн. Мөн анхан шатны хэлбэрээр дахин угсрах боломжтой байдлаар хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын ажил хийгдэж байгаа. 

Үр тариа, алт мөнгөн эдлэл, хүрэл, төмөр, эсгий, мод зэрэг органик болон органик бус олдворуудын материалын төрөл зүйн судалгааг элемент болон эсийн түвшинд тогтоогоод байна.

Харин 53 дугаар булшны хувьд бүтэн хэлбэрээрээ угсармал авс олдсон бөгөөд бүх хэсгийг хус модоор хийсэн байсан.
"ДЭЭЛИЙН АЛТАН ЯЛТАСНЫ УТАС ДЭЭРХ ЭЛЕМЕНТИЙН НАЙРЛАГА ТОГТООХОД 99 ХУВИЙН ШИЖИР АЛТ ИЛЭРСЭН"
- Монгол хатны дээлийн өнгө нь харагдаж байгаа юу? 

- Дээлийн өнгө яг сайн мэдэгдэхгүй. Гэхдээ одоо харагдаж байгаа өнгө нь шаргал хүрэн, алтан утастай, нэхмэлийн аргаар хээ урласан загвартай дээл байсан. Дээлийн алтан ялтасны утас дээр химийн элементийн найрлага хийхэд 99 хувийн алт илэрсэн нь талийгаач язгууртан өндөр албан тушаалтан байсныг илэрхийлж байгаа. 

- 53 дугаар булшны талаар? 

- Тус булш нь нэлээд томоохон австай, хүний яснууд авсны дээд хэсэгт бөөгнөрсөн, таг нь цөмөрч тонуулсан байдалтай байсан. Эд өлгийн зүйл төдийлөн илрээгүй. 56 дугаар булштай адил хажууд нь адуу тавьсан байсан.

56 дугаар булштай адил хажууд нь адуу байсан

Авсны баруун талд ясан хяртай даавуун эмээлийн хэсэг илэрсэн. Хэт хуурай хөрсний нөлөөллөөс үүдэн өгөршил явагдаж шороотойгоо наалдан үйрсэн бөгөөд хадгалалт маш муу байсан. 

- Тэр үеийн авснууд ямар хэлбэртэй байсан бол? 

- Хүрлийн үед зөвхөн чулуугаар хийсэн австай. Ер нь үе болгон өөрийн онцлог хийц загвартай байдаг. Монголын эзэнт гүрний үеийн авснууд том гуалин модыг ухаж, банз маягаар угсарсан, торлож хашаалсан, агуйд оршуулсан гэх мэт хэлбэр дүрслэл хийцтэй байдаг. 

Тавантолгойн булш нь модыг зузаан хавтгай банз хэлбэрт оруулан угсарсан залгаа хийцтэй байсан. 53 дугаар булшнаас илэрсэн авс нь харьцангуй том хэмжээтэй байсан бол 56 дугаар булшны хувьд жижиг бөгөөд шалны хэсэг нь хадгалалтын хувьд маш муу байсан.

Авсны гадарга хэсэгт чимэглэл болон сийлбэр байгаагүй энгийн модон авс байсан.
"56 ДУГААР БУЛШНААС НАМАЙН ТАХИЛТАЙ, ОЧИР ХҮРЭЭТЭЙ ХҮРЭЛ ТОЛЬ ОЛДСОН"
зураг
 

- Тавантолгойн булшнаас бичгийн дурсгал олдсон уу? 

- Дээрх хоёр булшнаас ямар нэгэн бичгийн дурсгал олдоогүй. Харин 56 дугаар булшнаас намайн тахил, очир хүрээтэй хүрэл толь олдсон. Энэхүү олдвор нь Монгол улсын хэмжээнд ховорт тооцогдох үнэ цэнэ бүхий хэмээн судлаачид онцолж байгаа. 

56 дугаар булшнаас гавлын ясны дагзны хэсгээс бөгж олдсон. Зүүлтийн төрлийн гоёл чимэглэлийн зүйл олдоогүй бөгөөд хаш чулууны ганц нэг хэлтэрхий байсан.

Талийгаач бүрэн хувцастайгаа олдсон. Мөн хадгалалтын хувьд маш муу арьсан гутал илэрснийг анх олдсон эх төрхөөр нь бэхжүүлэлт хийсэн. Гутлын арьс хэсэг нь нимгэрсэн утсан сүлжмэлээр хээ маягийн зүйлийг урлаж өгсөн байсан. Талийгаачийн өмсөж байсан хувцасны нэхмэлийн төрөл зүй болон материалын судалгааг хийх ажлыг эхлээд байгаа.  

- Монгол хатан шүдэндээ бөгжтэй байсан гэсэн? 

- Талийгаачийн толгойг даавуугаар ороосон бөгөөд нийт гадарга хэсэг гэмтэл ихтэй учир хаана юу байгааг мэдэх боломжгүй байсан. Тиймээс рентген туяагаар нийт талбайн хэсэгчилсэн зураглалыг нарийвчлан авхуулсны дараа хэлбэр дүрслэлт, эд өлгийн зүйлийн байршлыг тогтоож анхан шатны цэвэрлэгээ хийж авснаас салгаж ажилласан.

Рентген туяаны зураглалаас харахад зүүн далны доод хэсэгт хүрэл толь, дагзны хэсэгт бөгж тавьж , доод шүдэнд алтан цагариг бүхий бөгж зүүлгэсэн байсан. 

"ЭМЭЭЛИЙН БҮҮРГИЙН ЧИМЭГЛЭЛД ЭЛЕМЕНТИЙН СУДАЛГАА ХИЙХЭД 95 ХУВИАС ДЭЭШ АЛТНЫ НАЙРЛАГА ИЛЭРСЭН"
- Эртний Монголын бусад булшнаас монгол хатны оршуулга нь хэр онцлог байсан бэ? 

- Хувь судлаачийн зүгээс үзэхэд дагалдуулсан эд өлгийн зүйлээс ховор хийц бүхий олдворууд илэрсэн. Жишээлбэл, Алтан шармал чимэглэлтэй эмээл, 8 тахилтай хүрэл толь юм. 

Найман тахил, очир хүрээтэй хүрэл толь өмнө нь монголын нутаг дэвсгэрээс бараг олдож байгаагүй. Мөн эмээлийн бүүрэг нь 95 хувиас дээш шижир алт гэж гарсан. 

Толгойн доор бөгж дэрлүүлж, шүдэнд нь алтан цагариг бүхий бөгж байсан.

Дээрх хоёр булшны авсыг хийхэд ашигласан модыг ажиглавал тухайн үед навчит төрлийн хус, шилмүүст төрлийн шинэс модыг ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэдэг байсан аж.

Морины чимэглэлүүд нь бүрэн тоногтойгоо олдсон бөгөөд эмээл, хазаар, хударгын товруу хэсгийн чимэглэлүүд алтан шармал байсан. 

"МУЗЕЙД ДЭГЛЭЖ ҮЗМЭР БОЛГОХ БОЛОМЖТОЙ ТҮВШИНД СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА"
зураг
 

- Олдворууд нь музейд тавигдах шаардлага хангасан болов уу? 

- Бид хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааг Соёлын өвийн үндэсний төвийн лаборатори болон  ШУА-ийн харьяа хүрээлэн, их дээд сургуулийн мэргэжлийн лабораторитой хамтран хийж байна. Судалгааны үр дүнд суурилсан олдворын хадгалалт хамгаалалт, бэхжүүлэлт, гэмтлийг зогсоож багасгах, сэргээн засварлалт хийхийг зорин ажилладаг.  

Археологийн олдвор илэрч буй бүс нутгийн газрын хөрсний хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамаарч хими физик, биологийн болон механик гэмтэлд орж материалын чанарт нөлөөлдөг. 

Гэвч материалын төрөл зүй, гэмтлийн онцлогт таарсан хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын арга зүйн дарааллаар олон улсын жишигт нийцсэн байдлаар хийнэ. Мөн эцсийн байдлаар музейд тавигдах боломжтой бат бөх байдлыг хангасан сэргээн засварлалт хийхээр ажиллаж байна. 

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа

Сэтгүүлч: Н.Эрхэмбаяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!8 цаг 2 минутын өмнөДаваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно8 цаг 8 минутын өмнөП.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав8 цаг 9 минутын өмнөСонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов8 цаг 11 минутын өмнөТөмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ8 цаг 13 минутын өмнөУлаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ8 цаг 14 минутын өмнөҮндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай8 цаг 15 минутын өмнөХятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа8 цаг 23 минутын өмнөРичард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай8 цаг 31 минутын өмнөУлаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.