Г.Оюун: Д.Батгэрэлийг UFC өөрөө дурлаж авсан


4-р сарын 10
11 цаг 56 минут

No description available.

Дэлхийн мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д Монголоос тулалдаж буй анхны бөгөөд одоогоор цорын ганц тамирчин бол “Талын шуурга” хочит Данаагийн Батгэрэл билээ. Дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаж буй тэрбээр UFC-ийн Bantamweight Champion буюу анхны Монгол /Ази/ аварга болох зорилготой. Монголын холимог тулааны урлагийг дэлхийн хэмжээнд хүргэн хөгжүүлэх, монгол тамирчдыг дэлхийд таниулж амжилтад хүргэхийн төлөө яваа нэгэн билээ. Бид түүний менежер Г.Оюуныг “Өглөөний зочин”-оор урилаа. Түүний хувьд UFC-д тамирчнаа төлөөлж буй Монголоос гарсан анхны менежер юм.


-UFC-д тулалдаж буй “Талын шуурга” Д.Батгэрэл маань энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ. Энэ удаагийн тулаан болоод өрсөлдөгчийнх нь онцлог юу вэ?

-Д.Батгэрэл өнөөдрийг хүртэл нийт 16 тулаан хийснээс 12-т нь ялж, үүнээс найман удаа нокаут буюу хүнд цохилтоор эхний үе дээр ялалт байгуулсан. UFC-д орсноос хойш нийтдээ зургаан тулаан хийсэн, энэ удаагийнх долоо дахь тулаан нь юм. Өмнөх зургаан тулаанд гурван удаа мөн хүнд цохилтоор ялж, үүнээс “Үдшийн шилдэг тулаан” болон “Үдшийн шилдэг үзүүлбэр” гэх 50 мянган ам.долларын шагналуудыг тус тус хүртэж байлаа.

Монголын цагаар энэ сарын 23-нд, АНУ-ын цагаар 22-нд болох энэ тулаанаа Америкийн Лас Вегас хотод Brady Hiestand гэж америк тамирчинтай хийнэ. Манай өрсөлдөгч барилдаан суурьтай, UFC-гийн зохион байгуулдаг “Ultimate Fighter” шоуны дэд байр буюу финалист, насаар манай тамирчнаас бараг 10 дүү тулаач бий. Нэлээн хурц хөдөлгөөнтэй, зоригтой залуу байна лээ. АНУ-д гал унтраагч хийдэг, мөрөөдөл нь UFC-д орох байсан, одоо тус холбооны үндсэн тамирчин.

-Тулааны саналыг хаанаас тавьсан бэ?

-UFC-д ихэвчлэн бүх тамирчдыг төлөөлдөг менежер, агентын байгууллагууд байдаг. Тэд талуудтай ярилцаж, хэнтэй тулаан хийх, хэзээ товлох вэ гэхчлэн хэлэлцээр хийдэг. Д.Батгэрэл саяхныг хүртэл менежертэй байсан, оны өмнө тус менежерийн компани нь одоо бэлтгэлээ хийж байгаа Fight Ready MMA бэлтгэлийн төвтэй асуудал үүсэж аль нэгийг нь сонго гэдэг шаардлага тавьсан. Д.Батгэрэлийн бэлтгэл хийж байгаа шинэ баг нь дэлхийн шилдэг багуудын нэг учир уг багаа солилгүй эсрэгээрээ менежерийнхээ багтай гэрээгээ цуцалсан. Энэ тулааны дараа шинэ менежерийн компанитай хамтрах бодолтой байгаа. Менежергүй байгаа тохиолдолд холбооноос шууд өөрт нь тулааны санал ирүүлдэг. Яагаад гэвэл тамирчид UFC-д гэрээтэй. Түүнд жилд хэдэн тулаан байх ёстой гэхчлэн заасан байдаг. Тэр дагуу ирүүлсэн саналыг хүлээж авснаар энэ сарын сүүлчээр тулалдахаар болсон.

-Гэхдээ бэлтгэл, биеийн байдал зэргээс шалтгаалж тулааны саналыг хүлээж авах, авахгүй байх  эрх нь тамирчинд нээлттэй байдаг уу?

-Манай тамирчны хувьд өнөөдрийг хүртэл зургаан удаа тулалдахад нэг ч удаа тулааны саналыг буцаагаагүй. Тамирчин бол нэг талаас UFC холбооны ажилтан, тэгэхээр тулааны саналаас татгалзахгүй байна гэдэг эерэг талтай. Зарим тамирчин таны асуусан шиг “Би энэ тамирчинтай тулалдахгүй” гэх юм уу, эсвэл тэдэн сард тулалдахгүй, тэгэхгүй, ингэхгүй гэх нь бий. Гэхдээ ирсэн саналыг шууд хүлээж авахын сөрөг тал нь өнгөрсөн жилийн зургаадугаар сард Сингапурт буюу Азид болох тулааны тухайд ганцхан сарын дотор санал тавихад нь манай тамирчин шууд хүлээгээд авсан. Ингэснээр тэмцээнд дор хаяж 2-3 сарын өмнөөс бэлддэг байтал бэлтгэлээ бүрэн базааж чадаагүй. Нөгөөтэйгөөр, өмнө авсан бэртлүүд сайн эдгээгүй, тулаанч хүний хувьд хамгийн гол зэвсэг болох гар бүтэн атгахгүй байхад дараагийн тулаанд орсон. Нэг үгээр хэлбэл, дутуу “зэвсэг”-тэйгээр тулаанд орсон тул ялагдсан. 

 -UFC-гийн октагонд гарна гэдэг бараг олимпын эрх авах дайны юм болно биз. Холимог тулаан гэхээр зодолддог бол барилдаж сурах, барилддаг бол зодолдож сурах гээд бүгдийг чаддаг байх ёстой юү. Д.Батгэрэл юугаараа UFC-ийн анхаарлыг татсан бол?

-UFC-д тулалдана гэдэг бол маш чансаа өндөртэй, мэргэжлийн тамирчин байх ёстой гэсэн үг. Олимп өөрөө мэргэжлийн спорт биш, харин сонирхогчийн спорт юм. Монголчууд бид буруу ойлголттой байдаг. Сонирхогчийнх нь жишээлбэл, олимп дөрвөн жилд нэг л зохион байгуулагддаг бол мэргэжлийн спорт жилийн турш тогтмол зохион байгуулагдана. UFC л гэхэд 2022 онд 500 гаруй эвент зохион байгуулсан бол NBA-гийн сагсыг бид жил тойрон үздэг. Мөн таныг АНУ эсвэл өөр аль нэг улсын олимпын тамирчин тавыг нэрлэ гэвэл бараг бид бүгд мэдэхгүй, харин мэргэжлийн спортоос сагс, холимог тулаан, хөл бөмбөгөөс таваар тогтолгүй олон тамирчдыг бид нэрлэж чадна.  Харин манай монголчууд мэргэжлийн спортын тамирчдаа бараг мэддэггүй.

Мөн таны асууж байгааг холимог тулаанд стайль гэж ярьдаг. Монголоор тухайн тамирчны арга барил гэж хэлэх юм уу даа. Бокс суурьтай, кикбокс суурьтай, эсвэл барилдааны суурьтай гэхчлэн бүх тамирчинд өөр өөрийн онцлог шинж, арга барил бий. Манай тамирчны анхны арга барил нь босоо тулаан буюу кикбокс. Мөн урагш довтолж тулалддаг нь UFC-ийн анхаарлыг татсан гэж болно. Яагаад гэвэл түүний бүх тулаан нь сонирхолтой. Шоу бизнес учраас гал гарсан тулаанд үзэгчид дурладаг. Үзэгчдийг татахгүй бол UFC-д мөн сонирхолгүй. Ер нь тулааны уялдаа холбоо, зарчим нь ийм.

-Тэгэхээр Brady Hiestand-той хийх энэ тулаан ч бас сонирхолтой болох нь?

-Өрсөлдөгч бол барилдаанч бас босоо тулаанч. Тэгэхээр Д.Батгэрэлийг довтолж байхад гэнэт барилдаан уруу шилжүүлэх гэж гэнэтийн зүйлүүд үзүүлж магадгүй. Тиймээс мэдээж, түүний эсрэг ямар хариу барих вэ гэдгийг хэдүүлээ 23-ны өдөр үзэцгээе.

-Сонирхолтой, үзүүштэй тулаан үзүүлж байна гэдэг араасаа гарч ирэх монгол тамирчдыг UFC-д оруулахад ч гэсэн сайн нөлөө үзүүлж байна гэсэн үг биз?

-Тэгэлгүй яах вэ.

-UFC-д хүссэн болгон орчихгүй. Д.Батгэрэл маань уригдсан гэж ойлгосон?

-Д.Батгэрэлийг UFC өөрөө дурлаж авсан. Бусад газрууд манай тамирчныг аваач гэж хүсэлт гаргаж, UFC рүү э-мэйл бичиж, бичлэгийг нь илгээж ахин дахин ханддаг бол тэд өөрсдөө Азиас манай тамирчныг онцолж холбоондоо авсан. 

 -Тулаан болгонд баг болж хамт явсан менежерийн хувьд та түүний тулаануудыг юу гэж дүгнэдэг вэ?

-Би түрүүнд хэлсэн, өнөөдрийг хүртэл UFC-д зургаан тулаан хийсэн гэж. Анхны тулаанд Өвөрмонголын тамирчин, өөрийн сайн найз Алтанхилтэй гурван үе ширүүн тулалдаад шүүгчдийн саналаар ялагдсан. Гэсэн ч тэр тулаан тухайн үдшийн шилдэг тулаанаар тодорч, хоёр тамирчин хоёулаа 50, 50 мянган ам.долларын бонус авч байсан. Дараагийн гурван тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор эхний үе дээр унагаасан. Гурав дахь тулаанд өрсөлдөгчөө унагаахдаа тэр үдшийн шилдэг үзүүлбэрийг үзүүлсэн гэж мөн 50 мянган ам.доллароор шагнуулж байсан. Өөрөөр хэлбэл, манай тамирчин UFC-д тулалдахдаа хоёр удаа бонус авсан. Түүгээрээ UFC–гийн бусад тамирчидтай харьцуулахад өндөр үзүүлэлттэйд тооцогддог.

-UFC бол тамирчдынхаа сошиал хандалт, дагагчдын тоо энэ тэрийг анхаарч, үзэгчид хаанаас хэрхэн дэмжиж байгаагаар судалгаа гаргадаг юм байна лээ. Миний анзаарснаар монголчууд UFC-д тулалдаж буй цор ганц тамирчнаа төдийлөн мэдэхгүй, сайн дэмждэггүй санагдсан. Би л лав өмнөөс нь гомдож, уур хүрмээр бодогдсон шүү?

-Д.Батгэрэлийн фээсбүүк, инстаграм дахь дагагчдыг харахад 50 хувь нь Монголоос, үлдсэн 50 хувь нь гадаадаас байгаа. Тэгэхээр америкчууд, солонгосчууд, бусад улс орнуудын фенүүд монголчуудаас бараг илүүтэй дагадаг, дэмждэг. Үүнд магадгүй өөрөө их даруухан, тулаандаа анхаарахаас бусад зүйлд ач холбогдол өгөөд байдаггүй нь нөлөөлдөг байж болох юм. Мөн бидний зүгээс ч сурталчилгаа энэ тэрд хангалттай анхаардаггүйтэй холбоотой байх гэж бодож байна. Энэ дашрамд монголчууддаа хандаж хэлэхэд, та бүхэн минь энэ сарын 23-нд болох тулаанд Д.Батгэрэлийгээ дэмжин фээсбүүк хуудас болон инстаграм хаягийг дагаж, бие биеэ уриалж давлагаалаарай. Мөн цаашид ч хамт байж, Д.Батгэрэлийнхээ UFC-д гаргасан жимийг нь зам болгохын төлөө нэгдэцгээе. Тэгж чадвал дэлхийн мэргэжлийн том холбоонд түүний араас олон сайн монгол тулаанч гарч ирэх нь дамжиггүй.

-Д.Батгэрэл одоо хаана бэлтгэлээ базааж байгаа вэ?

-Манай тамирчин өнгөрсөн жилийн есөн сард Монголоос АНУ руу явж, Аризона мужийн мэргэжлийн холимог тулааны хамгийн топ гэгддэг “Figth Ready MMA”-д бэлтгэлээ базааж байгаа. Тус газар юугаараа алдартай вэ гэвэл, UFC-гийн 12 жин байдаг. Үүнээс Д.Батгэрэл бол 61 кг-ийн жинд тулалддаг. Тэгвэл тэнд 61 болон 57 кг-ын жингийн аварга, UFC-ийн домогт тулаанч Хэнри Сэхүдо-той хамт, түүний бэлтгэл хийдэг зааланд нь хамт бэлтгэлээ базааж байгаа. Мөн найз Алтанхил нь хамт явсан. Ер нь бол манай тамирчин хамгийн сайн гэсэн газарт бэлтгэлээ хийе, хамгийн зөв гэсэн бэлтгэлийн программ болоод системийг нь хэрэглэе. Дэлхийн том холбоонд орон орны шилдгүүдтэй өрсөлдөж байгаа болохоор тэр хэмжээний бүх зүйлийг нь хэрэглэх ёстой юм байна гэсэн байр суурьтай байгаа.

 

 -Хувь хүн болоод тамирчны төлөвшил, замналыг харахад залууст дандаа зөв үлгэр дуурайл үзүүлж яваа нь харагддаг. Тэр нь өөрийн эрхгүй бахархал, талархал төрүүлж байдаг даа. Эх орондоо хийж бүтээх ямар хүсэл мөрөөдөл тээж яваа бол...?

-Д.Батгэрэл сүүлийн 4-5 жил дэлхийн хамгийн бэст гэсэн бүхнийг судалж, бэлтгэл сургуулилтдаа ашиглаж байна. Өөрийн биеэр туулж үзсэний үндсэнд тэдгээр зүйлүүдийг Монголдоо оруулж ирье. Монголынхоо тамирчдыг дэлхийд гаргая гэсэн үзэл бодол нь улам хүчтэй болж, 2020 онд “UFC GYM”-г Монголдоо нэвтрүүлмээр байна” гээд намайг тийшээ емайл бичээдэх, холбогдоодох, судлаадах гэсэн. Олон удаа ч емэйл бичсэн дээ. Гэтэл 2020 оны гуравдугаар сарын 8-ны тулаанд Д.Батгэрэл маань ялалт байгуулсны дараа “UFC жем”-ээс нааштай хариу ирүүлэх болсон. 2021 онд дараах тулаандаа мөн ялалт байгуулснаар “Маями дахь салбарт хүрээд ир” гэв, ингээд бид очиж захиралтай нь уулзаж байлаа. Манай тамирчин тэнд гол нь мөрөөдлөө л ярьсан. Монголчуудынхаа эрүүл мэнд, ирээдүйн залуус, тамирчдад гарц боломж нээх гэж хүсэж явдгаа хэлж UFC жимийн эрх авах саналаа тавьсан. Гэтэл “Танайхаас гадна монголоос нэр бүхий гурван компани өрсөлдөж байгаа. Тэдэнд өөрсдийн байр, мөнгө төгрөг нь байна, чамд юу байна” гэсэн. Д.Батгэрэлд юу байна гэхээр цэвэр мөрөөдөл, зорилго нь байгаад байдаг. Үүнийгээ л хэлсэн.

-Тэгээд юу болов?

-Ингэж нэг ёсондоо тендер маягийн юм явуулдаг юм билээ, тэнд. Энэ бүхний эцэст бид UFC жимийн франчайзын онцгой эрхийг авахаар болж, гэрээ контрактаа байгуулсан. Тэд монголчуудаа эрүүл байлгах сан, Монголын мэргэжлийн спортыг хөгжүүлэх сэн гэсэн Д.Батгэрэлийн хүслийг ойлгосон. Түүгээр дамжуулан брэндээ Монголд нэвтрүүлэх юм байна гэдгээ бас олж харсан. Ингээд Д.Батгэрэл маань тулалдаж олсон бүхнээ тэр эрхийг авч, хэрэгжүүлэхийн төлөө зориулаад явж байгаа.

 -Энэ эрхийг Монголд оруулж ирсний ач холбогдол нь юу вэ?

-Монголын эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулалт болно. Нөгөө талаас мэргэжлийн спортын хөгжлийг 30, 40 жилийн урт замыг товчилно. Яагаад гэвэл Д.Батгэрэл өөрөө энэ замыг тэгээс нь эхлээд явсан. Тэр урт замаар явж, өөрийн биеэр үзэж туулахад Монголын нөхцөл байдал Дэлхийн түвшинд очиход хангалтгүй байгааг ойлгов. Энгийн жишээ хэлэхэд, бид жемд 3-4 цаг орчоод жемийн төхөөрөмж дээр ядартлаа дасгал хийж цуцаад явдаг бол АНУ-д тэгэхээ аль эрт больчихож. Жемд ороод 30-40 минутад маш чанартай бэлтгэл сургуулилт хийдэг, тэр нь илүү үр дүнтэй, ядралт багатай байхаар шинжлэх ухааны нотолгоотой, системтэй, тодорхой программын дагуу ажилладаг болсон байна. Мөн мэдээж эрүүл хооллолт ямар чухал гэдгийг ойлгоц авсан.

Түүний хэлж байгаагаар, яагаад монголчууд тэр хөнжил өндөртэй бүхнийг  хийж болохгүй гэж, дээр нь мэргэжлийн спортыг хөгжүүлэхэд, тухайлбал ганц холимог тулаан ч биш сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа хүүхдүүд хүртэл хэрхэн тухайн спортдоо сайжрах вэ, энэ шинжлэх ухааныг хослуулсан системийг оруулж ирье гээд байгаа юм. Гэтэл манайд өнөөдрийг хүртэл хуучин социализмын үеийнхээрээ сэтгээд, хөлсөө дуслуулж, өөрийгөө зовоогоод дайраад байдаг. Энэ чинь гадаадын улс орнуудад шинжлэх ухааныг хослуулсан байдлаар хөгжчихөөд байна шүү дээ. Тэр системийг бид өнөөдөр Монголдоо оруулаад ирвэл Монголоос олон мэргэжлийн тамирчид төрөн гарахад дөхөм болно.Дэлхий хөгжөөд байхад бид хоцрогдсон байдалдаа байгаад баймааргүй. Хөгжил дагаж дөтөлмөөр байна шүү дээ. Монголд нийтдээ 10 жем барина. Улаанбаатарт эхнийхийг нь барилаа гэхэд, түүний чин хүсэл дараагийнхыг нь төрсөн нутаг Сүхбаатартаа барихыг хүсэж, үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.