Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах шийдвэр гаргалаа


3-р сарын 30
11 цаг 27 минут

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр найман цаг хаалттай хуралдаж, шийдвэрээ танилцуулав. Дэд хорооноос нүүрсний хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нүүрсний хэрэг бол УИХ-ыг ч “унагаж” мэдэх том хэрэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл эрх баригчид нүүрсчидээ явуулж, парламентын засаглалаа хамгаалж үлдэх шийдвэрийг гаргав. Хэрэв өмнөх түүхийг давтаж, гурван гишүүнийг хамгаалж үлдсэн бол өнөөдөр монголын улс төр хэрхэн “халах”-ыг тааварлах аргагүй. Учир нь нүүрсний хэрэг дээр олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Энэ нь цаашлаад төрийн тогтворгүй байдалд хүргэж, ямар ч үр дагаврыг дагуулж мэднэ. Ямартай ч эрх баригчид дэд хороо, бүлгийн хуралдаанаасаа эхлээд парламентын талд шийдвэрээ гаргаж эхлэв. Дугаар шилжих мөчид МАН-ын бүлэг хаалттай хуралдаж гурван гишүүнийг түдгэлзүүлэх шийдвэрийг мөн гаргасан. Түүнчлэн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлоод байв. Байнгын хороод нууцаар санал хураалт явуулж, шийдвэрээ өнөөдөр УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг нэгдсэн чуулганаар гаргах учиртай.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын байгууллагын үндэслэлд, Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр шалгах шаардлага үүсжээ. Тус хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татжээ. Нийт 119 хүнийг гэрчээр дуудсан байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан байна. Компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Нийт 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудан асуужээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг нь олгох нь зүйтэй. Гишүүнээс түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа явуулах нь хэргийг шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт эрсдэл үүсгэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүний хамаарал бүхий объектод орвол хууль бус ажиллагаа болдог. Яагаад гэвэл гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн гэж үздэг. Гишүүнийг албадан саатуулах, өрөөнд нь нэгжлэг хийхийг хориглох хуулийн заалттай. Мөрдөн шалгах байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан" гэлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд УИХ-д оруулж ирэх саналыг Ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагад хүргүүллээ. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрт хүрсэн” гэсэн тайлбар өгчээ. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг билээ.

Тэгвэл өчигдөр орой хуралдсан бүлгийн хуралдааны шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг бүлгийн хурлаар сонссон. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, чиглэл өглөө. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах нь зүйтэй талаар намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг бүлэг дэмжсэн" хэмээв. Бүлгийн хуралдаанд 61 гишүүнээс 46 гишүүн оролцсон байна.

 Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо6 сар 9. 17:41Б.Баярсайхан: Хүүхэд, гэр бүлийн болон Хүний хөгжлийн яамтай болох санаачилга гаргасан6 сар 9. 15:39Цахим шилжилтийг эрчимжүүлэх Монголын санаачлагыг дэмжив6 сар 9. 15:38Х.Булгантуяа: Цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг итгэлцүүрээр үржүүлэх боломжгүй тул 10% нэмнэ6 сар 9. 15:35Агаарын тээвэрт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа илэрхийллээ6 сар 9. 15:33Насанд хүрэгчдийн 36.6 хувь нь төр засгийн шийдвэрт санал нь тусдаг гэжээ6 сар 9. 15:30Л.Оюун-Эрдэнэ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох боломж бүрдлээ6 сар 9. 15:30С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 43-аас дээш, ажилчдынхыг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлнэ6 сар 9. 15:27Шатахууны хомсдол нүүрлэх эрсдэл байна6 сар 9. 15:26Монгол Улс и-засаглалын хөгжил индексээр 74-т эрэмбэлэгджээ6 сар 9. 14:42П.Дэлгэрнаран: Санал тоолох 500 төхөөрөмж зэргийг авахаар төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг тусгуулсан6 сар 8. 15:41Б.МӨНХЖАРГАЛ:БАЯЛГИЙН ХУВЬСГАЛ ХИЙХ ҮЗЭЛ САНААГ ШИНЭ НАМЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД ЭРТНЭЭС ТЭЭЖ ИРСЭН6 сар 8. 15:37
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.