М.Энхбадрал: Сөрөг хүчнүүдэд хийх “амь тариа” нь сонгуулийн тогтолцоог пропорционал давамгайлсан холимог болгох


3-р сарын 27
14 цаг 06 минут

Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 онд болно.

Сонгуулийн өмнөх жил учир энэ онд улс төрийн амьдрал “халуун” өрнөх нь дамжиггүй. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгох зэрэг өөрчлөлтийг 2023 онд хийхээр ярьж байна. Дээрх сэдвийн хүрээнд “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа. 

- Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ойрын үед ид хөндөж байна. Манай улсын өнөөгийн сонгуулийн тогтолцооны давуу болон сул талын талаар ярилцлагаа эхлүүлье?

- Иргэдийн санал хэрхэн хуваарилагдаж, УИХ-д суудал болох вэ гэдгийг сонгуулийн систем шийддэг. Дэмжиж, саналаа өгсөн нэр дэвшигч нь сонгогдсонгүй гэж иргэд гомдоллодог. Гэтэл үүний цаана сонгуулийн тогтолцоо буюу “тоглоомын дүрэм”-ийн хувилбарыг хэрхэн өөрчлөхөөс шалтгаалж УИХ дахь суудлыг хуваарилж байдаг. Тиймээс улс төрийн намууд, тэр дундаа эрх баригчид дараагийн сонгуулийн дүрмийг сонгохдоо өөрсдөдөө ашигтай, өрсөлдөгч нартаа хамгийн ашиггүй байх хувилбарыг тооцож сонгосоор ирсэн.

Энд онцлоход зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь хангалтгүй. Үр дүн гаргая гэвэл хэд хэдэн өөрчлөлтийг хамт хийх шаардлагатай. Үүнд, Сонгуулийн тогтолцоог пропорционал давамгайлсан холимог болгох, сонгуулийн зардлыг эрс бууруулах, сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгах, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал зарцуулалтын хяналтыг онцгой сайжруулах, улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилтийг ил тод хяналттай болгох зэрэг өөрчлөлт орно.

Манай улсын одоогийн сонгуулийн тогтолцоо буюу 2020 онд хэрэглэсэн тогтолцоо нь блок сонголт буюу томсгосон тойрогтой мажоритар систем. Бидний нэрлэж дадсанаар “томсгосон тойрог”-той олонхын системийг 1992, 2008, 2020 онуудад хэрэглэсэн. Намуудын нэр дэвшүүлсэн хүмүүсээс мандатын тоогоор сонгодог ийм хувилбар. Томсгосон тойрогтой авторитар систем нь нэр дэвшигчдээс их хэмжээний сонгуулийн зардал шаарддаг, шинэ хүн сонгогдох магадлал бага, улс төрийн шинэ хүчин гарч ирэх боломжийг хумьдаг.

Мажоритар системийн хамгийн хортой тал нь сонгогчдын санал маш ихээр гээгддэг. Ийм тогтолцоонд ялагч нь бүгдийг авдаг бөгөөд хоёр намын систем бүрдэх нөхцөл болдог гэдэг. Сонгуулийн энэ тогтолцооны үр дүнд Монголд нэг намын систем тогтож байна.

- Энэ онд багтааж сонгууль зохион байгуулах хуулийг өөрчлөх төлөвтэй байна. Ямар хувилбарыг сонгосноор иргэдийн төлөөлөл бүрэн хангагдах бол?

- Иргэдийн 45 орчим хувийн саналыг авсан нам парламентын 80 гаруй хувь буюу үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байна. Сонгогчдын үлдсэн санал нь хуваагдчихсан учраас тэр. 

Монголын сонгуулийн онцлог нь “бүтцийн сонгууль” болж хувирсан. Тодруулбал, том намууд нь олон гишүүн, дэмжигчтэй буюу сүлжээтэй. Үүн дээр нэмээд төрийн албан хаагчид, халамжаар бий болгосон сүлжээ, намын дэргэдэх байгууллага, клуб, сан зэргээр бүрдүүлсэн олон хүний сүлжээ бий. Ийм том сүлжээтэй өрсөлдөж ялах боломжгүй. Тэр бүтцээрээ дамжуулж сонгогчдын 30-40 хувийг баталгаатай “баздаг”.

Хожсон нь бүгдийг авдаг тогтолцоог хэрэглэж ирсэн учраас хоёр сонгууль дараалан нэг тал руу гаа хэт хазайлаа

Сүлжээгээрээ барьчихдаг учраас суурь дэмжлэггүй хүмүүс том намтай өрсөлдөхөд 30-аас дээш хувийн санал авахгүй. Мөн бие даагчид, сөрөг хүчний олон нам зэрэгцэн нэр дэвшихэд үлдсэн 60-70 хувийн санал нь хуваагдаж, том намын суурь сүлжээний 30 хувийн саналыг давж чаддаггүй. Тиймээс иргэдийн 60 хувь нь УИХ-д төлөөлөлгүй байна гэж шүүмжлэх нь ойлгомжтой.

Ингэж гээгдэж буй 60 хувийн саналыг парламентад төлөөлөл болгох боломж нь пропорционал систем. Намын нэрийг дугуйлдаг хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу нам нь нэр дэвшигчийнхээ жагсаалтыг гаргана гэсэн үг. Жишээ нь, аль нэг нам сонгогчдын 30 хувийн дэмжлэг авсан бол тэр нам парламентын суудлын 30 хувийг авна. Ийм тохиолдолд сарниад байгаа саналууд нэгтгэгдэж парламентад төлөөлөлтэй болно.

Гэхдээ онцолж хэлэхэд, сонгуулийн аль нэг систем туйлын зөв, бид бурууг нь сонгочхож гэж ярих нь утгагүй. Учир нь сонгуулийн систем нь нийгмийн нөхцөл байдалтай уялддаг. Аль, аль сонгуулийн системд давуу болон сул тал бий. Эмчийн жортой л адил зүйл. Нэг эмийг бүх өвчинд ууж хэрэглэж болдоггүйтэй адил манай нийгэмд ямар асуудал байгааг тодорхойлж, шийдэл нь юу болохыг харгалзах ёстой. 

Өнөөгийн нөхцөл байдлын хувьд гарцаагүй шаардлагатай өөрчлөлт бол парламентад олон талын төлөөллийг оруулж ирэх. Учир нь ардчилал тэнцвэр дээр оршдог. Гэтэл энэ тэнцвэр нэг тал руугаа хэт хазайсан. Хожсон нь бүгдийг авдаг тогтолцоог хэрэглэж ирсэн учраас хоёр сонгууль дараалан нэг тал руу гаа хэт хазайлаа. Сөрөг хүчин алга болсон.

Пропорционал гэсэн ерөнхий нэг нэрийн дор өөр олон хувилбар сонгох боломжтой. Жишээ нь, улс бүхлээрээ нэг тойрог болох хувилбар байхад бүсчилсэн хэлбэрээр сонгуулийн тойргуудад хуваасан пропорционал байдаг жишиг ч байна. Тухайлбал, Баянхонгор аймаг гурван мандаттай бол намууд гурван хүний нэрийг дэвшүүлсэн жагсаалтаа зарлана гэсэн үг. Хүмүүс намын нэр дугуйлаад, сонгогчдын 40 хувь нь Монгол Ардын Намыг, 30 хувь нь Ардчилсан Нам, 20 хувь нь Хүн намыг сонгосон байлаа гэж үзэхэд пропорционалаараа 1-2 суудал нь МАН-ынх, нэг суудал нь АН-ынх болно гэх зэргээр тэнцвэрийг хангах боломжтой. 

"Гарцаагүй шаардлагатай өөрчлөлт бол парламентад олон талын төлөөллийг оруулж ирэх"

- Та эрх баригчид өөрсдөдөө ашигтай, өрсөлдөгч нартаа хамгийн ашиггүй хувилбарыг сонгодог гэлээ. Үүнийг өөрчлөхгүй байх нь ямар хор уршигтай вэ?

- Ардчиллын хамгийн чухал зүйл бол олон талын оролцоо. Парламент олон талын төлөөлөл, оролцоотой байснаар легитм шинж нь бүрдэж үйл ажиллагаа явуулах боломжтой болно. 30,000 хүн нэг дор цуглаад асуудлаа шийдэх боломжгүй учраас нэг хүнийг өөрсдийнхөө төлөөлөл болгож сонгодог буюу тэр хүн хамгийн төлөөлөх чадвартай хүн байх ёстой. Парламент төлөөллийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа цагт гишүүдийн тоо хэд байх, чадварлаг хүмүүс сонгогдох, эсэхээс үл шалтгаалж ажиллах боломжгүй болно.

Хэрэв сонгуулийн тогтолцоо энэ хэвээр үргэлжилбэл тэнцвэр улам алдагдана, хэт хазайна. Хараат бус хэвлэл мэдээлэл, сөрөг хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд бүр мөсөн үгүй болох эрсдэлтэй. Дээрээс нь төрөөс хараат бус бизнес ч байхгүй болдог. Байхгүй болдог гэдэг нь байх боломжгүй болдог гэдэг утгаараа. Энэ бол хувь хүний хүсэл зоригоос үл шалтгаалах нийгмийн үзэгдэл. Тиймээс тогтолцооны өөрчлөлтийг хувь хүний хүсэл, эр зоригт найдаж, даатгаж болохгүй. 

- Тойргийн хуваарилалтын тухайд юу хэлэх вэ. УИХ-ын гишүүдийн авсан саналын тоо нь хоорондоо хэт зөрүүтэй байна. Зарим хүн хэдэн мянган санал авч сонгогдож байхад нөгөө нь түүнээс хэд дахин бага саналаар УИХ-ын гишүүн болсон шүү дээ. 

- Улс төрийн намууд аль хэсэгт илүү дэмжлэг авах боломжтой вэ гэдгээ тооцоолж, тэр тойрогтоо олон суудал хуваарилж ирсэн. Хот хөдөөгийн суудлын хуваарилалт үүний гол жишээ болдог. 76 суудлыг 48:28, 52:24 гэх мэтээр орон нутагт илүү хуваарилдаг. Гэтэл хүн амын тал хувь нь Улаанбаатарт төвлөрсөн. Нийслэлийн тойргууд цөөн мандаттай, хэт нүсэр болж хувирсан. Харин орон нутагт цөөн сонгогчтой. Тиймээс тойргийн хуваарилалтыг шийдэх л ёстой. 

Жишээ нь, Дундговь аймгаас Г.Мөнхцэцэг гишүүн 10,175 хүний саналаар сонгогдсон байхад, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт Х.Булгантуяа гишүүн 35,472 саналаар буюу 3.5 дахин олон хүний саналаар гишүүн болсон байна. Хүн амын тоогоор иргэдийн төлөөллийг жигд хангах нь зүйтэй. 

- Пропорционал системийн сөрөг тал нь юу вэ?

- Хэт олон сул нам парламентад орох, тогтворгүй засгийн газар, бие даан нэр дэвшигчдэд өрсөлдөх боломж бага, сонгогчдоос гишүүнд тавих хяналт сул, орон нутгийн төлөөлөл ашиг сонирхлыг төлөөлөх чадвар сул байдаг зэрэг сул талуудтай. Гэхдээ уг сул талууд нэг удаагийн сонгуулиар бүгд илрэхгүй. Учир нь сонгуулийн системийн үр дүн 3-4 удаа тасралтгүй хэрэглэж байж бүрэн гардаг гэсэн тооцоо бий. Энэ нь эерэг сөрөг аль алинд хамаатай.

Маш том газар нутагт цөөхүүлээ тархаж амьдардаг монголчуудын хувьд 100 хувь пропорционал системийг хэрэглэж улсаараа нэг тойрог болсон тохиолдолд зарим орон нутаг парламентад төлөөлөлгүй үлдэх магадлал бий. Ийм нөхцөлд төлөөллийг нь хангахын тулд пропорционал давамгайлсан холимог буюу зэрэгцээ холимог систем ашиглаж хослуулж болно. Ингэж явуулсан цорын ганц удаагийн сонгууль нь 2012 оны УИХ-ын сонгууль. Гэвч уг сонгууль мажоритар нь 48:28 харьцаатай давамгай байсан.

“Нүүрсний хулгай”-н асуудалд хэдэн их наяд төгрөг яригдаж байна. Тэр их мөнгө сонгуулиар зарцуулагдах өндөр эрсдэлтэй

Пропорционал системийн бас нэг сөрөг тал нь намуудын дотоод ардчилал бэхжээгүй тохиолдолд намыг задлах эрсдэлтэй. Тухайлбал, нам бүр жагсаалтаа гаргахад тухайн намын рейтингээс шалтгаалан жагсаалтын эхний цөөн байрууд парламентад сонгогдох магадлалтай байдаг. Мөн намууд сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлэх зорилгоор жагсаалтын суудлуудаа мөнгөөр үнэлж зарах, худалдах зэрэг.

Товчхондоо мөнгөтэй хүн иргэдтэй огт харьцахгүйгээр гишүүн болох боломжтой болно. Томоохон бизнес эрхэлдэг, эсвэл хууль бус мөнгөний эх үүсвэртэй хүмүүс жагсаалтыг худалдаж авах эрсдэл бий. Саяхан л гэхэд “Нүүрсний хулгай”-н асуудалд хэдэн их наяд төгрөг яригдаж байна. Тэр их мөнгө сонгуулиар зарцуулагдах өндөр эрсдэлтэй. Мажоритар тогтолцооны үед ард түмний шийддэг байсан сонголт пропорционал сонгуульд намын жагсаалтыг “ханцуйндаа наймаалцах” болж хувирах талтай. 

Иймд ярилцлагын эхэнд дурдсанчлан сонгуулийн зардлыг бууруулах, сонгуулийн санхүүжилт түүний зарцуулалтын ил тод байдлыг сонгуулийн тухай хуульд маш тодорхой зохицуулах шаардлагатай. Үүнд технологийн боломжуудыг ашиглах нь зүйтэй. 

Хэдий эрсдэлүүд байгаа ч намууд нэрсийн жагсаалтаа хэрхэн бүрдүүлж зарлахаас тухайн намын бүхэл ирээдүй хамаарах учраас энэ эрсдэл харьцангуй хяналтад байх боломжтой. Үүнд улс төрийн намын дотоод зохион байгуулалт үлэмж нөлөөтэй.

Сонгуулийн аль ч тогтолцоо сул болон давуу талтай. Пропорционал систем нь одоогийн нөхцөлд сөрөг хүчнүүдийг УИХ-д оруулж ирэх боломжийг нээх учир гарцаагүй хийх ёстой өөрчлөлт мөн. Гэхдээ өнөөдрийн шийдэл нь маргаашийн асуудлаа дагуулдаг. Өнөөдөр пропорционал систем зөв гэж ярьж байгаа ч маргааш асуудал дагуулах л болно. Гарцаагүй 100 хувь зөв гэж үзэх үндэсгүй. 

Гэхдээ сонгуулийн системээ өөрчлөхгүй байвал ардчиллаа алдах эрсдэлтэй. Тиймээс үүнээс сэргийлэх боломж нь парламентад олон талын төлөөлөл оруулж ирэх явдал. Том эрсдэл хүлээхгүйн тулд бага эрсдэлийг сонгох нь эрүүл зүйл. Мөн зохицуулалтаа сайжруулах замаар эрсдэлийг бууруулах боломжтой.

Залуусын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, эмэгтэйчүүдийн, ахмадуудын гээд нийгмийн төрөл бүрийн төлөөлөл парламентад сонгогдох боломжтой байх ёстой. Парламент бол ариун дагшин, оройн дээд шүтээн л орох ёстой газар биш шүү дээ. Гол нь ард түмний төлөөлөл орж ирэх ёстой.

- Гишүүдийн тоог нэмж, хамгийн багадаа 100 гаруй байх нь зөв талаар сонсогдох болсон. Яагаад гишүүдийн тоог нэмэх ёстой вэ?

- Гишүүдийн тоог нэмэх нь парламентыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Парламент нь нийгмийн асуудлуудаа хариуцсан нэгж буюу байнгын хороодтой байдаг. Эдгээр нь тухайн салбарын бодлого, хууль тогтоомжийг УИХ-аар хэлэлцүүлэхэд боловсруулах ёстой хамгийн чухал нэгж. Гэтэл 76 гишүүнтэй байгаа өнөөгийн нөхцөлд нэг гишүүн дунджаар 2-3 байнгын хороонд давхар харьяалагдаж байна. Нэг байнгын хороо дунджаар 19 гишүүнтэй.

Бид УИХ-ыг 76 гишүүнтэйгээр төсөөлдөг. Гэтэл байнгын хороогоор нэг хуулийн төслийг 10 гаруйхан хүн хэлэлцэнэ. Ийм үед тухайн салбарын 2-3 мэргэшсэн гишүүнтэй бол бараг аз болж байна. 

Хүний эрхэд халтай, тухайн салбарын хөгжилд тушаа болох, эсвэл нийтийн эрх ашиг бус, тодорхой нэг бүлэгт зориулсан хуулийн төслийг байнгын хороо дэмждэггүй байх ёстой. Саяхан Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд маш цэрэгжсэн, дотоодын цэрэгт их эрх мэдэл олгож, халдашгүй дархан байлгах төдийгүй дурын хүнээ шалгах аюулыг дагуулж болох хуулийн төслийг байнгын хороо дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж байгаа нь байнгын хороо ажиллахгүй байгаагийн нэг л жишээ. 

Шинэ залуус улс төрд ороход тулгардаг хамгийн гол бэрхшээл нь  сонгуулийн зардал. Одоо бол мөнгөтэй хүн өрсөлдөөд мөнгөөрөө “зодож” гарч ирдэг, мөнгөөрөө сүлжээ үүсгэж санал багцалж сонгогддог. Үүнтэй өрсөлдөж ялах нь хэцүү

УИХ-ын гишүүн болох хүнд чадварын шалгуур тавихаас гадна ажлын алба нь мэргэшсэн байх ёстой. Гишүүдийн тоо нэмэгдвэл эрх мэдэл задарна. Мөн шинэ хүмүүс УИХ-д сонгогдох нь гарцаагүй.

Түүнчлэн гишүүдийн тоог нэмснээр парламент бие даасан байдлаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Нэг гишүүн гурван байнгын хороонд ажиллаж байсан бол ядаж хоёр болсноор тухайн мэргэшсэн салбартаа ажиллах боломжтой болно. Тэгж байж салбарын бодлого сайжирна.

УИХ-ын гишүүний гурван үндсэн үүрэг бий. Нэгдүгээрт, иргэдээ төлөөлөх, хоёрдугаарт, хууль тогтоох, гуравдугаарт, хуулийн хэрэгжилт болоод гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих. Сүүлийн чиг үүрэг манайд маш доогуур хэрэгжиж ирсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд парламент бэхжих ёстой. Парламент сул байгаа үед сонгуулийн тогтолцоогоо солих нь хийх ёстой өөрчлөлтийн ердөө нэг л хэсэг нь. Бид олон чухал хэсгийн нийлбэрээс бүрддэг тогтолцоогоор явж байгаагаа ойлгох хэрэгтэй. Гишүүдийн тоог нэмэх ёстой, сонгуулийн тогтолцоогоо ч өөрчлөх ёстой.

- “Нүүрсний хулгай”-г эсэргүүцсэн жагсаалын үеэр Ерөнхийлөгчийн засаглалтай улсууд өндөр хөгжсөн байна гэж зарим иргэн хэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

- Хүмүүс ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаад хоёр л үндэслэл байна гэж судлаачийн хувьд харж байна.

Нэгдүгээрт, иргэдийн хувьд парламентын засаглалыг сонгоод 30 жил болсон ч манай улсын нөхцөл байдал яагаад ийм дорой байна вэ гэх бодол. Өөрөөр хэлбэл, бүх бурууг парламентын засаглалд наагаад, энэ нь буруу бол нөгөөх нь зөв гэх өнцөг.

Хоёрдугаарт, ерөнхийлөгчийн засаглалыг ил болон далд дэмждэг улстөрчдийн хувьд нэг л шалтгаантай. Тэр нь Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Ерөнхийлөгч нь би байж болно гэх бодол. Өөрийн улс төрийн өрсөлдөгчийг хэт эрх мэдэлтэй мөнхийн ерөнхийлөгч болгохыг хүсэх улс төрч байхгүй гэж бодож байна.

Олон улсын нөхцөл байдал талаас харвал, энэ чиглэлийн судлаачдын үздэгээр бол хоёр их гүрний дунд  оршдог Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал зохимжгүй гэдэг. Учир нь Ерөнхийлөгч хэмээх нэг хүнд ирэх дарамт шахалтаас тойрч гарах хэцүү. Олон гишүүнтэй парламент нь гаднаас ирэх нөлөө, шахалтыг тархаан займчуулдаг онцлогтой. Энэ үүргээ ч өнгөрсөн хугацаанд муугүй гүйцэтгэж ирсэн.

- Парламентын нэр хүнд иргэдийн дунд нэлээд тааруу байх шиг. Үүний шалтгаан нь юу вэ?

- Иргэдэд бухимдах зүй ёсны шалтгаан хангалтай олон бий. Шийдвэр гаргах эрх мэдэлтэн иргэдийн хооронд хэтэрхий хол орон зай үүссэн. Сонгуулийн үеэр л иргэддээ худлаа ойртож, бусад үед холддог нь бодит үнэн. Иргэд гишүүдийг өөрийн төлөөлөл гэж итгэх итгэл байхгүй болсон. 

- Парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог болох нь зөв гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?

- Судалгаанаас харахад иргэд сонголт хийх боломжоо алдахыг хүсэхгүй байгаа. Манай байгууллагаас 2022 онд хийсэн “Сонгогчийн зан, төлөв”-ийн судалгаанд оролцогчдын 89.2 хувь нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг эсэргүүцсэн. Олон нийтийн санал бодол, иргэдийн хүсэл сонирхлыг шийдвэр гаргахад харгалзах нь ардчиллын чухал зарчим. Тиймээс Ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлийг хязгаарлаад, ард түмнээс сонгох хувилбар байж болно.

Одоо бол Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэйгээс гадна гүйцэтгэх чиг үүргүүд рүү оролцож байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” зэрэг гурван хөтөлбөр дэвшүүлсэн. Уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын 2023 оны төсөв 26.6 тэрбум төгрөг болж өссөн. Энэ нь 4 жилийн өмнөх төсөвтэй нь харьцуулбал зургаа дахин өссөн дүн. Эдгээр хөтөлбөрүүд нь үндсэндээ засгийн газрын хүрээ, чиг үүргийн ажлууд.

Мөн Ерөнхийлөгчид шүүгч, прокурор, үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоонд оролцох, санал болгох зэрэг маш их эрх мэдэл бий. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих нь зүйтэй. Өнөөгийн нөхцөлд Төрийн тэргүүнийг ард түмэн сонгодог байх нь зөв.

Хэрэв Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болбол бүх зүйл намын аппаратад төвлөрөх бодит эрсдэл үүснэ. Нэг нам парламентад олонх боллоо гэхэд Засгийн газраа байгуулна, үүн дээр нэмээд Ерөнхийлөгчөө сонгодог болчихвол бүх эрх мэдлийг нэг сонгуулиар нэг намд төвлөрүүлэх аюултай.

"Сэтгэл хөдлөлд тулгуурлаж, хөөргөж олноор нь санал өгүүлэх нь ардчилсан тогтолцооныхоо эсрэг хийж байгаа үйлдэл"

- УИХ-д ард иргэдийн төлөөлөл байх хэрэгтэйг та дурдсан. Онцолж асуухад, эмэгтэй нэр дэвшигчийн квот тогтоох нь тэдэнд хэр дэмжлэг болж чадах вэ?

- Нэр дэвшигчийн квот нь дэмжлэг болох уу гэвэл мэдээж тийм. Гэхдээ эмэгтэйчүүд, залуус, шинэ улстөрчдөд квот өгч буй нь тэмцээнээр бол мандатыг нь л олгож байна гэсэн үг. Түүнээс биш эмэгтэйчүүдэд тулгамдаж буй олон бэрхшээлийг шууд арилгаж байгаа юу гэвэл үгүй.

Шинэ залуус улс төрд ороход тулгардаг хамгийн гол бэрхшээл нь  сонгуулийн зардал. Тиймээс сонгуулийн зардлыг бууруулах ёстой. Одоо бол мөнгөтэй хүн өрсөлдөөд мөнгөөрөө “зодож” гарч ирдэг, мөнгөөрөө сүлжээ үүсгэж санал багцалж сонгогддог. Үүнтэй өрсөлдөж ялах нь хэцүү. Шинэ намууд урт хугацаандаа улс төрд тэсэж үлдэхийн тулд ялгаагүй бүтэц үүсгэхээс өөр аргагүй байдалд орж байна. 

Судалгаагаар сонгуулийн голлох зардлуудад ухуулагчдын цалин, унаа тээвэр, хоол зэрэг хүний нөөцийн зардал; удаад нь самбар сонин сэтгүүл, танилцуулга брошур сурталчилгааны материал зэрэг хэвлэлийн зардал; сурталчилгааны контент бэлтгэх болон нэвтрүүлэх хэвлэл мэдээллийн зардал, сошиал багийн зардал, албан уулзалт арга хэмжээнүүдийн зардал зэрэг албан ёсны зардлууд гарч ирж байгаа. 

Үүн дээр судалгаагаар илрүүлэх боломжгүй албан бус зардлууд нэмэгдэнэ. Ингээд харахаар сонгууль нь олон тэрбумын зардалтай асар их мөнгөний өрсөлдөөн болсон нь илэрхий. Иймээс сонгууль өөрөө хууль бус мөнгөний сав болоод хувирчихсан.

Иймд дээр дурдагдсан албан зардлуудыг хамгийн бага байхуйц ямар зохион байгуулалт байж болох вэ? Түүнд технологийн дэвшлийг хэрхэн ашиглах, тухайн зохицуулалтуудыг сонгуулийн тухай хуульд хэрхэн тусгах дээр намууд бодитой бодлого гаргаж дэвшүүлэх хэрэгтэй. Тэр дундаа жижиг намууд өөрт байгаа хязгаарлагдмал нөөцөө ийм чухал шийдвэрүүдэд зарцуулах хэрэгтэй. 

Сонгуулийн зардлыг бууруулаад, эх үүсвэрийг нь сайтар хянах ёстой. Тэгэхгүй бол Х.Нямбаатар сайд шиг үеэлээсээ 100,000,000 төгрөг авсан гэх зэргээр санхүүжилт нь хяналтгүй байвал ямар ч сайхан хууль өөрчлөлт авчрахгүй. Үүнд улс төрийн намууд манлайлж оролцож, нөлөөлөхийг уриалж байна.

Улс төр судлаачид болон улс төрчид сонгуулийн системийг эерэг сөрөг талыг олон талаас нь дүгнэх байх. Харин социологичдын хувьд эдгээр өөрчлөлтийг хийснээр нийгэмд дам гарах нөлөө нь юу вэ гэдэгт илүүтэй анхаарч байна. 

Тэр нь ардчилсан системээ авч үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал. Иргэдийн саналыг гээдэггүй хувилбарыг сонгож засаглалд итгэх иргэдийн итгэлийг сэргээх нь бидний харж байгаа өнгөц өөрчлөлтийн цаадах нийгмийн итгэлцлийг дээшлүүлэх чухал эффектийг үүсгэнэ. 

МАН дотоод ардчиллаа сайжруулж хариуцлагаа дээшлүүлэх, АН эв нэгдлээ хангаж, сонгуульд өрсөлдөх чадамжтай болох ёстой, Хүн нам чадавхжиж бэхжих хэрэгтэй. Бусад жижиг нам ч бэхжиж гарч ирэх ёстой. Түүнийг бий болгох ганц боломж нь сонгуулийн тогтолцоонд пропорционалыг давамгайлуулах. 

- Гэвч улс төрийн томоохон нам болох АН хуваагдаад эвээ олоогүй хэвээр. Ирэх оны сонгуульд хэрхэн оролцох нь ч тодорхой бус байх шиг?

- Өөрсдөө арчаатай байж, эмхрэхийг нь хүлээнэ гэвэл тийм боломж тун бага харагдаж байна. Гэвч уг намыг дэмждэг олон мянган дэмжигч, иргэд бий. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг нь механикаар уг дэмжлэгийг нь багцалж квот өгч байна гэсэн үг. Тэгж байж сөрөг хүчнүүд орж ирж, засаглалын хувьд сайжрах боломжтой. Үүнийг өргөн хүрээгээр нь харж чадвал өнөөгийн эрх баригчдад ч ашигтай.

Сөрөг хүчнүүдэд яагаад “амь тариа” хийх ёстой вэ гэхээр өнөөдөр сөрөг хүчнүүд санхүүгийн нөөцгүй болсон, хүний нөөцгүй болсон. Хамгийн аюултай нь засаглалын чадамжгүй болж байна. Жишээлбэл сөрөг хүчнээс сонгуульд нэр дэвшүүлэх шинэ, үндэсний хэмжээнд танигдсан улс төрийн залуу лидерүүд хэд байна вэ?

Сүүлийн жилүүдийг анзаарвал нийгэмд танигдаж тодорхой хэмжээнд амжилт олсон салбартаа тэргүүлэгч залуус улс төрийн сонголт хийхдээ эрх баригч нам руу орж байна. Энэ нь улс төрийн ухамсарт сонголт гэхээсээ аргагүй сонголт, тэнцвэр алдагдаж хүний нөөцийн гулсалт явагдаж байгаа үзэгдэл.

Санхүүгийн нөөцгүй гэдэг нь сонгуульд эн тэнцүү өрсөлдөх чадамжгүй гэсэн үг. Энэ нь цааш дахиад дөрвөн жил үргэлжилбэл амь тасарна. 

Хүмүүс ёроолдоо тулъя гэдэг. Гэхдээ үүнд ёроол гэж байхгүй. Та бид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг байхыг хүсвэл, эрх чөлөөтэй амьдармаар байгаа л бол сөрөг хүчнүүд устаж үгүй болох нь баярлаад байх зүйл огтхон ч биш. Сөрөг хүчнүүдэд хийх “Амь тариа” нь пропорционал давамгайлсан холимог тогтолцоо.

Иймээс сонгуулийн системээ пропорционал давамгайлсан холимог болгож өөрчлөх нь уг цаанаа бидний эрх чөлөө, ардчилал байх эсэхийг шийдэх шийдвэр болоод байна. 

- Ярилцлагаа сонгогчдын боловсрол руу хандуулъя. Залуус сонгуульдаа идэвхтэй оролцсоноор олон асуудал шийдэгдэнэ гэх хүлээлт бий? 

- Олуулаа саналаа өглөө гээд зөв болчхож байгаа юм биш. Ирц өсгөхийг шүүмжилж байгаа хэрэг биш шүү. Би хувьдаа 10,000 залууг хөөргөж байгаад сонгууль өгүүлснээс хариуцлагатай, ардчиллын ажиллах дүрмийг ойлгосон 1,000 хүн саналаа өгөх нь зөв гэж хардаг. Сэтгэл хөдлөлд тулгуурлаж, хөөргөж олноор нь санал өгүүлэх нь ардчилсан тогтолцооныхоо эсрэг хийж байгаа үйлдэл.

- Яагаад?

- Бид асуудлын шалтгаанаа ч шийдлээ ч буруу газраас эрээд байна. Төөрөлдсөн гэвэл илүү зохимжтой байх. Ер нь олон нийтэд таалагдахгүй ч бодит байгаа байдлыг хэлж, сөрж залруулах нь судлаачдын хүлээх ёстой нэг үүрэг.

Саналаа өгөх нь сонгуулийн процессын нэг л хэсэг. Сонгуулийн маргаашаас сонгосон төлөөлөгчөө хянадаг, харилцдаг, хариуцлага нэхдэг, хуулийн төслийг ойлгодог, өөрт ямар эрх бийг болон төлөөлөгч юу хийх ёстойг мэддэг байх хэрэгтэй. Хамгийн чухал нь хэнээс юу шаардахаа мэддэг байх нь чухал.

Судалгаагаар “сонгогчдын боловсрол” маш доогуур түвшинд байна. 

Энэ байдалд иргэд ч, намууд ч буруутай. Намууд цаг ямагт сонгогчийн боловсролын эсрэг ажиллаж ирсэн. Сонгуулиар зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тараадаг, худлаа ярьдаг, мунхруулдаг, хөөсрүүлж амладаг, сонгуулийг энтертайнмэнт болгож хувиргадаг. Сэтгүүлчдийн нээлттэй асуулт, шууд нэвтрүүлэг, ил тод мэтгэлцээн зэрэг “эрүүл” бүхнээс зугтаадаг.

Судалгаанаас харагдаж буй нэг үр дүн нь хүмүүс хаанаас, юу шаардахаа мэддэггүй тухайд. УИХ-ын гишүүн хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд, гүйцэтгэх засаглалд хяналт тавьдаг гэдгийг ч сонгогчид мэдэхгүй байна.

Эсрэгээрээ иргэдийн юу хүсэж байгааг нь шийдэж чадвал тэр улс төрчийг сайн гэж үзэж байна. Гэтэл энэ нь ардчиллаа хорлож буй үйлдэл. Улстөрчид сонгогдохын тулд иргэдэд юу хүсэж байгааг нь өгдөг хүний дүр бүтээхэд хангалттай болсон. Эцэстээ иргэдийн хүслийг өчүүхэн ядруу байлгах технологитой болсон. 

Гурил, будаа тараах, ахмадуудыг нь сувилалд явуулах, гэрийн бүрээсийг нь солих, шинэ дайсан гаргаж ирээд түүнийгээ намнах тэмцлийн жүжиг үзүүлэх гэх мэт. Өнөөдөр улс төрд амжилт үзүүлье гэвэл ямар ч боловсролтой, эсвэл зөв шударга залуу байх эсэхээс үл хамааран амжилттай улс төрч болохын тулд дээрхийг хийхээс өөр аргагүй болсон. Үгүй бол сонгогдохгүй. 

Иргэд нэг талаасаа улстөрчдийг хэлбэржүүлж, улстөрчид нь сонгогчдод таалагдахын тулд популизм хийдэг. Үүнд хэн нэг субъектийг шууд буруутгахад хэцүү. Аль аль талаасаа сайжрах ёстой. Институт болохын хувьд үүнд улс төрийн намууд манлайлал үзүүлэх нь зөв.

Намууд цаг ямагт сонгогчийн боловсролын эсрэг ажиллаж ирсэн. Сонгуулиар зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тараадаг, худлаа ярьдаг, мунхруулдаг, хөөсрүүлж амладаг, сонгуулийг энтертайнмэнт болгож хувиргадаг

Залуус олноороо санал өглөө гээд үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй. Харин олуулаа улс төр, иргэний боловсролоо дээшлүүлж чадвал бидний төсөөлөөгүй эерэг өөрчлөлтүүд гарна. Тоо биш чанар. Иргэдийн ардчиллын талаарх мэдлэгийг өсгөх нь чухал. Ардчиллын тухай мэдүүлэх гэдэг нь ардчилал Грект үүссэн, 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн тухай зүйл огт биш. Ер нь боловсрол гэхээр сургалт, хөтөлбөр боддогоо болих хэрэгтэй.

Иргэний боловсрол бол процесс. Ил тод байдлаа сайжруулж, иргэдийн оролцоог хангаж, түүнд тулгуурласан хяналт, үр дүнгээр бий болдог тасралтгүй процессын үр дүн юм. Иргэний боловсрол сайжрах, төлөвшихөд иргэний оролцооны соёл бүрдэх нь суурь нөлөөтэй. Мөн иргэдийн оролцоо, хяналтыг дэмжих технологиуд бий болгох нь зүйтэй. Жишээлбэл “Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс парламентын ил тод байдал, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой uih.mn талбарыг нээж ажиллуулаад хоёр жил болж байна. 

Саналаа өгч сонгосон учраас иргэд өөрийгөө тухайн гишүүнийхээ ажил олгогч нь болж байгаа гэдгээ мэддэг байх ёстой. Та ажил олгогч нь учраас гишүүнийхээ ирцийг нь хянана, ажлын гүйцэтгэл, санаачилга, үр дүнд нь үнэлэлт дүгнэлтээ өгөх нь зүйн хэрэг. Бид гишүүдэд зөвхөн сонгуулиар дүн тавих ёстой гэж эндүүрдэг. Иргэдийн төлөөлөл болсон хүн цаг ямагт иргэдийн хяналтад байх ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрсөн хүн л сонгуульд дэвшдэг байх нь улс төрийн том соёл.

Иргэд сонгосон гишүүнээ хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ямар санал илэрхийлснийг нь мэддэг байх хэрэгтэй. Гишүүнээс бэлэн ажлын байр нэхэхийн оронд хөдөлмөрийн тухай хуульд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ямар санаачилга гаргасан бэ гэдгийг шүүмжлэх чадамжтай байх ёстой. Тэр түвшинд 1,000 залууг хүргэж чадвал нийгмийн дархлаа болно. Сөрөг нам нь зөв юм ярьсан ч буруу, өөрийн намынх бол буруу юм хийсэн ч зөв гээд нийтээрээ “эргүү” өвчинд нэрвэгдсэн байна. 

Залуусын тал нь саналаа өгдөг учраас муу, ахмадууд 100 хувь саналаа өгдөг учраас тэд сонгуулийн дүнг шийдлээ гэдэг. Гэтэл багахан статистик боловсруулалт хийгээд үзвэл санал өгсөн хүмүүсийн ихэнх хувь нь залуус байдаг. 2016, 2020 оны сонгуулийг хэн шийдсэн бэ гэвэл олонх нь залуус.

Залуус саналаа өгөөгүй учраас нийгэм ийм байна гэж худлаа хэлж болохгүй. Залуусын өгсөн санал сонгуулийн тогтолцооноос шалтгаалж сарнидаг гэвэл илүү бодитой.

Мөн нийгмийн бүлгийг насаар нь, мэргэжил, боловсрол, хот, хөдөөгөөр нь ялгах нь илүү хортой. Нийгмийг хагаралдуулсан агуулгатай контент, мессэж нь яавч зөв үр дүнд хүргэхгүй.

- Төгсгөлд нь, УИХ-ыг тараагаад энэ онд сонгууль явуулах талаар зарим хүн яриад байгаа. Энэ нь хэр зүйтэй талаар тодруулъя?

- Энэ буруу. Ээлжит бус сонгуулиар сайн өөрчлөлтүүд гарах боломжгүй. УИХ-ыг тараалаа гээд хүмүүс нь л солигдоно. Тогтолцооны өөрчлөлт нь хийгдэж амжаагүй, өрсөлдөх хүмүүс нь бэлдэх боломжгүй болно. 

Гэнэтийн сонгуульд өрсөлдөх нөөц эрх баригчдаас бусад намд байхгүй. Иймд өнөөх тэнцвэр бүрдэх боломж гарахгүй гэж харж байна. 

Дараагийн сонгуулиас өмнө зөвхөн сонгуулийн системээ өөрчлөх бус сонгуулийн зардлаа бууруулах, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хяналтын арга замаа сайжруулах, сурталчилгааны хугацааг сунгах зэрэг сонгуулийн зохион байгуулалтаа шийдэх  хэрэгтэй. Үүнийг амжуулахгүйгээр сонгууль хийгээд иргэдийн хүсээд буй хүссэн үр дүн гарахгүй л болов уу. Энэ нь бүх нийтийн эрх ашиг гэдгийг хаа хаанаа анзаарч, эв санааны нэгдэлтэй байх нь чухал. Иймд 2024 оноосоо илүү энэ өөрчлөлтийг хийх 2023 он онцгой чухал жил болно.

ӨГҮҮЛЛҮҮД

ЗурагНИКОЛА МАС: УРАНЫ ГАРЦ ТААМАГЛАСАН ТҮВШИНД, ОЛБОРЛОЛТОД АШИГЛАХ ХИМИЙН БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ ТООЦООЛСНООС БАГА ГАРСАН НЬ САЙН ҮЗҮҮЛЭЛТ
2023/03/27
ЗурагЦ.МАНДХАЙХАТАН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭГ ЦЭГ, ТАСЛАЛЫГ ӨӨРЧЛӨХӨД Л ҮР ДАГАВАР ҮҮСГЭДЭГ
2023/02/13
ЗурагА.ДОЛГИОН: МОНГОЛЧУУДЫН ЕРӨНХИЙ СЭТГЭЛ ХАНАМЖ ӨНДӨР. ГЭВЧ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ДООШ НЬ ТАТДАГ
2023/02/06
ЗурагБАЙР СУУРЬ: СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ВЭ?
2023/01/31
ЗурагС.МӨНХНАСАН: МАНАЙ УЛСАД МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХТЭЙ 157 НИСГЭГЧ БИЙ. ХҮНИЙ НӨӨЦ ДУТАГДАЖ БАЙНА
2022/12/19
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 52 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 53 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 54 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 55 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 56 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 57 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 58 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 59 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо4 цагийн өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина4 цаг 1 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.