Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 91 хувьтай байна


11-р сарын 23
10 цаг 54 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт таван бүлгийн 22 дэд бүлэгт хамаарах 984 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал, газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 57, газар зохион байгуулалтын чиглэлээр 591, хот байгуулалтын чиглэлээр 87, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээг тогтоох чиглэлээр 249, газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр 15 ажил тусгажээ. Өнөөдрийн байдлаар эдгээр ажлын биелэлт 91 хувьтай байна.

Харин Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 785 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Тухайлбал, газрын менежментийг хэрэгжүүлэх 74, газар зохион байгуулалтын 583, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээ тогтоох, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ болон авто замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр 127 төсөл, арга хэмжээ тусгаад байна.

Хотын дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, хууль, дүрмийн хүрээнд ажиллах хэрэгтэйг сануулсан юм. Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд зөвлөлийн гишүүдийг саналыг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.

10.2 га газрыг нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэв

Үүний дараа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн есдүгээр сарын захирамжаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшиж буй 31 га газраас 10.2 га газрыг НЗДТГ-т цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлсэн. Дээрх захирамжийн хүрээнд тус газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг боловсруулжээ. Улмаар зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.

Төвийн зургаан дүүрэг дэх автомашины зогсоолын судалгааг гаргалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын багтаамж, эзэмшлийн судалгааг гаргах, бүртгэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах” Ажлын хэсгийн тайланг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.

2011 онд Улаанбаатар хотын хүн ам 1.2 сая, бүртгэлтэй автомашин 209.7 мянга байсан бол өнгөрсөн онд хүн амын тоо 1.6 сая, бүртгэлтэй автомашин 612.3 мянга болжээ. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 1.3 дахин, тээврийн хэрэгслийн тоо гурав дахин өссөн байна. Энэ хэрээр хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй юм.

Холбогдох байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байна. Эдгээр зогсоолыг ангилбал, олон нийтийн зориулалттай 31,623, орон сууцны дундын эзэмшилд 15,380, хязгаарлагдмал буюу зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай 7277, худалдааны зориулалттай 7777 автомашины зогсоол байна. Үүнээс Их тойрууд 344 байршилд 15,181 зогсоол, Бага тойрууд 50 байршилд 1712 автомашины зогсоол байгаа судалгаа гарчээ. Зогсоолын менежментийг Ажлын хэсэг төрөл бүрээр судалж, зогсоолыг бүрэн автомат, төлбөр, бүртгэлийг цахимаар хийдэг болгох шаардлагатайг хэлж байлаа. Ингэхдээ бүртгэл, хяналтын систем хамгийн чухал байгааг онцлов.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва дарга “Хаалтгүй зогсоолд ногоон байгууламж байгуулж, автомашины зорчих хэсэг болгох, дугуйн зам, таксины зогсоол байгуулах гэх мэт ажлууд хийхээр төлөвлөжээ. Хаалттай хэрнээ гэрээгүй зогсоолууд Их тойруу, Бага тойрууд олон байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ” хэмээхэд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн “Цаашид Улаанбаатар хотод байгаа зогсоолуудтай заавал гэрээ байгуулна. Энэ нь Нэгдсэн мэдээллийн системд оруулах зорилготой” гэв.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ авто зогсоолын менежментийг шинэ шатанд гаргахад шаардлагатай байгаа зүйлсийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй гаднын компаниуд байгааг хэлж байв. Мөн Хотын дарга “Зогсоолын орлого Замын сан руу орох ёстой ч орж ирэхгүй байгаа. Үүнийг Ажлын хэсэг гарган шалгах хэрэгтэй. Мөн автомашины бүртгэл, үнэлгээ, оношилгоо, дугаар олголтыг хот өөрөө хариуцдаг байх шаардлагатай”-г онцлов.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах журам, Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолыг нэгдсэн удирдлагын системээр зохицуулах тухай захирамжийг батлуулах зэрэг ажлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна12 сар 5. 18:07“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа12 сар 5. 16:23Бүх төрлийн хоёрдогч хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна12 сар 5. 16:16БНСУ-ын Эрүүл Мэндийн Даатгалын байгууллагт ирж буй нэхэмжлэлд Хөндлөнгийн хяналт тавьдаг HIRA агентлагийн туршлагыг судаллаа12 сар 5. 15:03Менежментийн улсын XIV олимпиадын шилдгүүд тодорлоо12 сар 5. 14:42Шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөнд хоёр оюутан амьдарна12 сар 5. 14:37Сэрэмжлүүлэг: Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна12 сар 5. 14:2195 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна12 сар 5. 14:12Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ12 сар 5. 14:05Бүсчилсэн цуврал сургалт үргэлжилж байна12 сар 5. 11:10"12 САРЫН 3"-НД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА12 сар 2. 22:27Нэр дэвшигчийг шалгаруулалтад тэнцүүлэхээр ХЭЛТСИЙН ДАРГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ12 сар 2. 20:44
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.