М.Эрдэнэтуяа: Тамхи татдаг эмэгтэйчүүдийн биед хүний хөхөнцөр вирус удаан хугацаагаар эдгэрэхгүй, хадгалагдаж байдаг


10-р сарын 28
18 цаг 25 минут

Энэ удаагийн ярилцлагын зочноор Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн хавдар, дотоод шүүрэл судлалын их эмч Ш.Эрдэнэтуяа оролцлоо. Тэрбээр сүүлийн үед харьцангуй залуу эмэгтэйчүүдэд их төлөв илрээд буй хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирус болон умайн хүзүүний хорт хавдрын талаар уншигчдадаа мэдээлэл хүргэхээр зорьсон юм.

Л.Мажиггарав

- Ярилцлагаа умайн хүзүүний хорт хавдар, түүнийг үүсгэгчийн тухай яриагаар эхлүүлэхийг хүсч байна.

- Умайн хүзүүний хорт хавдар болон умайн хүзүүний хорт хавдрын урьтал эмгэгүүд манай монгол эмэгтэйчүүдийн дунд түгээмэл болчхоод байна. Хорт хавдар үүсэх шалтгаан нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусээр халварласантай холбоотойгоор урт удаан хугацааны турш үүсэн бий болдог. Мөн тамхи татдаг болон  бэлгийн олон хавьтагчтай эмэгтэйчүүд илүү ихээр умайн хүзүүний хорт хавдраар өвдөх эрсдэл өндөртэй байдаг.

-Тамхи татдаг эмэгтэйчүүд яагаад умайн хүзүүний хорт хавдраар их өвчилдөг вэ?

- Тамхи татдаг эмэгтэйчүүдийн биед хүний хөхөнцөр вирус удаан хугацаагаар эдгэрэхгүй, хадгалагдаж байдаг. Тийм болохоор умайн хүзүүний хорт хавдраар өвдөх тохиолдол, тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс илүү их байдаг. Эмчилгээ хийж байхад хүртэл тамхиа багасгаж, бүр гарахгүй л бол эмчилгээ үр дүнгүй болдог.

- Хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирус ямар замаар хүнд халдварладаг бол?

- Энэхүү халдварт вирусний шинжлэх ухаанаар батлагдсан нь 100 гаруй төрөл байдаг. 17 төрөл нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 75 хувь нь амьдралынхаа туршид хүний хөхөнцөр вирусний халдварын аль нэг төрлөөр өвчилдөг. Гэхдээ хүн болгон, ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд тайлбарлавал, хүний хөхөнцөр вирусээр халдварлалаа гэхэд дархлаа нь сайн бол тэрхүү халдвар нь заавал тэр хүнийг умайн хүзүүний хорт хавдартай болгодоггүй. Нэг ёсондоо эмийн эмчилгээ шаардлагагүйгээр дархлаа сайтай, эрүүл амьдралын хэв маягтай хүмүүсийн хүний хөхөнцөр вирусний халдварт өвчин аяндаа үгүй болдог тохиолдол олон. Зөвхөн бэлгийн замаар халдварладаг л даа. Бэлгийн хавьталд эрт орох, бэлгийн замбараагүй амьдрал буюу нэгээс олон хавьтагчтай байх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

- Хүний хөхөнцөр вирусын энэ халдвар ямар шинж тэмдгээр илэрч, тухайн хүн эмнэлгийн байгууллагад хэзээд нь хандах ёстой вэ?

-Зовуурь эхэн үедээ ер нь илэрдэггүй. Шинжилгээ авсны үр дүнд онош тодорхойлогддог. Гэхдээ эхэн үедээ байгаа халдвар бол тухайн хүний дархлаа, биеийн онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалан өөрөө устаж үгүй болох магадлалтай. Тэгэхээр бэлгийн хавьталд орсон эмэгтэй, эрэгтэй хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт заавал орох ёстой. Мөн өсвөр насны буюу бэлгийн харьцаанд ороогүй охид хөвгүүдэд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийлгэх нь эрсдэлийг бууруулна.

-Та сая вакцин гэж хэллээ. Вакцины талаар тайлбарлаж болох уу?

- Умайн хүзүүний хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа юм л даа. Гэвч вакцин хийлгэсэн хүн бүр умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй гэсэн үг бол биш. Гэхдээ вакцин нь хүндрэх эрсдэлээс бол бүрэн сэргийлж чадна. Манай улсад одоогоор Халдвар Судлалын Үндэсний төв дээр вакцин хийж байгаа. Хүмүүс өөрсдийн хүсэлтээр вакцинд хамрагдах ёстой. Вакцин сайн боловч вакцинжуулалтад заавал хамрагдах ёстой гэсэн албадлага байхгүй. Дэлхий нийтээрээ 2030 он гэхэд “Умайн хүзүүний хавдаргүй болъё” гэсэн уриалга гаргасан байгаа.

-Тухайн хүн хүний хөхөнцөр вирусээр халдварласнаа мэдэхгүй удаан явснаас үүдэж умайн хүзүүний хорт хавдартай боллоо гэхэд энэхүү өвчин бүрэн эдгэрэх боломж хэр байдаг вэ?

- Умайн хүзүүний хорт хавдар нь эхэн үедээ бол маш хурдан эдгэрдэг. Эмчилгээний тухайд бол эмчлүүлж буй хүний нас, биеийн онцлог, цаашлаад нөхөн үржихүй зэрэг олон талын асуудлыг харгалзаж эмчилгээний арга техник, үе шат, хугацаа өөр өөр  байдаг. Эхэн үед оношлогдон, эдгэрсэн хавдар дахин сэдрэх, өвдөх тийм тохиолдол байхгүй. Харин хавдрын сүүлийн үе шатандаа орчихсон хүмүүс их ирдэг бөгөөд үүнийг эмчлэх хүндрэлтэй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдах ёстой. 

-Танай эмнэлэг болон улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдож буй эмэгтэй хүмүүс их төлөв хэдээс хэдэн настай байдаг бол?

- Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл 25 наснаас дээш эмэгтэйчүүд дийлэнхдээ умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг. Мөн зарим судалгаан дээр 18 наснаас дээш бол умайн хүзүүний хорт хавдартай болох эрсдэлтэй гэж үздэг. Энэ нь бэлгийн хавьталд анх орж буй эмэгтэйчүүдэд хамааралтай гэсэн үг. Тухайн эмэгтэй бэлгийн хавьталд орсон л бол умайн хүзүүний хорт хавдраар өвдөх магадлалтай гэсэн үг юм. Тиймээс бэлгийн олон хавьтагчгүй байхыг эрэгтэй эмэгтэй бүх насны хүмүүст сануулдаг шүү дээ. Умайн хүзүүний хавдартай эсэхийг эхлээд эсийн шинжилгээ өгч, умайн хүзүүгээ дурандуулахад асуудалтай байвал эдийн шинжилгээгээр нарийвчлан оношилдог. Энэ өвчин сүүлийн жилүүдэд харьцангуй залуу эмэгтэйчүүдэд ихээхэн тохиолдож байна. Мөн нэг зүйлийг анхааруулан хэлэхэд тухайн хүн хүний хөхөнцөр вирусээр халдварласан бол 5-10 жилийн хугацаанд хавдар үүсдэг. Тийм учраас хүний хөхөнцөр вирусийг эрт үед нь эмчилбэл умайн хүзүүний хавдар үүсэхгүй гэсэн үг.

-Умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүд эмчлэгдсэнийхээ дараа нөхөн үржихүй буюу жирэмслэх, үр хүүхэдтэй болох боломжтой юу?

- Би дээр дурдсан шүү дээ. Эрт үед оношлогдож эдгэрвэл цаашдаа тэр хүн нөхөн үржих боломжтой. Гэхдээ тухайн хүний нас, биеийн онцлогт тохирсон эмчилгээг хийж үр дүнг нь үзнэ. Бас умайн хүзүүг тайрах, өөлөх, зүсэх, бүхлээр нь авах зэрэг эмчилгээний арга ч мөн яригддаг.

- Олон төрлийн бэлгийн замын халдварт өвчин байдаг шүү дээ. Эдгээр халдварт өвчнүүдийн нэг нь нөгөөдөө нөлөөлөх үү? Жишээлбэл, хүний хөхөнцөр вирусээр халдварлалаа гэхэд дахин өөр нэг бэлгийн замын халдварыг зэрэг авсан байх тохиолдол байх уу?

- Тийм, бэлгийн замын халдварт өвчнүүд ихэвчлэн нэг дор хамт илэрдэг.

- Та манай уншигчдад хүний хөхөнцөр вирус болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөч?

- Бэлгийн хавьталд орсон эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, олон бэлгийн хавьтагчгүй байх, тамхи татахгүй, хорт зуршлаас хол байж, амьдралын зөв маягийг мөрдөж, биеийн ерөнхий дархлаагаа дэмжиж байх ёстой.

Заа баярлалаа, бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.