ЭХЭМҮТ-ийн их эмч Н.Алгирмаа: Үргүйдлийн эмчилгээний үр дүн олон зүйлээс хамаардаг


9-р сарын 1
16 цаг 38 минут

Л.Мажиггарав 

“Түс Тас” ярилцлагын ээлжит зочин Н.Алгирмаа эмч. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн Эх барих, Эмэгтэйчүүдийн эмнэлгийн Үргүйдэл нөхөн үржихүйн тасагт их эмчээр ажилладаг түүнтэй эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог өвчин эмгэг болон үргүйдэх шалтгаан, үргүйдлийг эмчлэх арга замын талаар ярилцлаа.

  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжлээр хэр олон жил ажиллаж байна вэ?
  • Би 2005 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, улмаар 2005-2007 онд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлээр суралцаж мэргэжлээрээ 16 дахь жилдээ ажиллаж байна.  
  • Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
  • Анх СХД-ийн Эрүүл мэндийн төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад 2007 оноос ЭХЭМҮТ-д ажиллаж эхэлсэн.
  • Эмч болох мөрөөдөл, хүсэл сонирхол хаанаас эхлэв?
  • 10 жилийн сургуульд байхаасаа л хими, биологийн хичээлдээ дуртай, эмч мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан.
  • Яагаад заавал эмэгтэйчүүдийн эмч болохоор шийдсэн бэ?
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар зан араншин, хандлагаараа бусад мэргэжлээс арай өвөрмөц ялгаатай санагддаг байсан. Тэр зан араншин, хандлага надад байсан юм шиг санагдаад. /инээв/
  • Ямар зан араншин, хандлага вэ?
  • Энэ мэргэжлийн эмч нар шулуун шударга, үр дүнг эрэлхийлсэн, аливааг төгс хийхийг эрмэлздэг, дайчин хандлагатай.
  • Та нарийн мэргэжлийн эмч болохдоо үргүйдлийн тухай ихээхэн судалж энэ чиглэлд мэргэшжээ. Манай улс орны үргүйдлийн түвшин дэлхийн улс орнуудтай харьцуулахад хэр байгаа вэ?
  • Үргүйдлийн тархалт, түвшингийн тухай ярихаасаа өмнө үргүйдэл гэж юу болох талаар тодорхойлж хэлэх нь зүйтэй байх. Үргүйдэл гэдэг нь хосууд 12 сар ба түүнээс дээш хугацаанд тогтмол бэлгийн харьцаанд ямар нэг жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл хэрэглэхгүйгээр ороход жирэмслэхгүй байгаа тохиолдол юм. Нэмж тодруулан хэлэхэд 35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд зургаан сарын турш дээрх нөхцөлд жирэмслэхгүй байх, 40-өөс дээш насны эмэгтэйчүүд гурван сарын дотор жирэмслэхгүй байгаа бол үргүйдлийн оношилгоо, шинжилгээнд орох шаардлагатай гэж зөвлөдөг. Мөн жирэмсэлж байгаа боловч хоёр ба түүнээс олон удаа жирэмсний эрт хугацаанд дутуу төрөх эмэгтэйчүүдийг үргүйдлийн мэргэжилтэнд хандахыг зөвлөдөг.
  • Үргүйдэл ер нь хэр их байдаг вэ? Үргүйдэл үүсдэг шалтгаан нь юу билээ?
  • Дэлхий дахинаа хүний нөхөн үржихүйн асуудалтай холбоотой анхаарал татахуйц асуудалд үргүйдэл ордог. 2020 оны байдлаар Олон улсын эрүүл мэндийн судалгаагаар нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 15 хувь нь үргүйдлийн шалтгаанаар эмнэлэгт тусламж үйлчилгээ авсан гэсэн тоон мэдээлэл байна. Улс орон бүрийн үргүйдлийн түвшин харилцан адилгүй байдаг ба энэ нь үргүйдлийн тухай бүртгэл мэдээлэл хэр сайн байгаагаас хамаардаг, дунджаар 8-10 хувь. Манай оронд хийгдсэн судалгааны тайлан мэдээнд гэр бүлийн хосуудын 7-9 хувь нь үргүйдэлтэй байна. Хэдийгээр үргүйдэл нь хүний бие махбодид хэт зовиур шаналгаатай эмгэг биш хэдий ч хосуудад сэтгэл зүйн дарамт, гэр бүл салалт, улмаар хүчирхийлэл зэрэг нийгмийн эрсдэлт хүчин зүйлсийг дагуулдаг эрсдэлтэй өвчин юм.
  • Эмэгтэй хүн төрөлхийн үргүйдэлтэй байх тийм тохиолдол хэр байдаг вэ?
  • Үргүйдэл нь анхдагч ба хоёрдогч хэлбэрээр явагддаг. Тухайлбал амьдралдаа огт жирэмслэж байгаагүй эмэгтэй болон жирэмслүүлж байгаагүй эрэгтэй үргүйдэлтэй байвал анхдагч үргүйдэлтэй, харин өмнө нь жирэмсэлж байсан бол хоёрдогч үргүйдэлтэй гэж үзнэ. Төрөлхийн үргүйдэлд хүргэдэг шалтгаанууд ховор боловч тохиолддог. Ялангуяа манай эмнэлэг улсын хэмжээнд үргүйдлийн цогц тусламж үйлчилгээ явуулдаг учраас ховор, хүнд тохиолдлууд ирэх нь элбэг. Үргүйдэлтэй болоход зөвхөн эмэгтэй хүний асуудал нөлөөлөхгүй бөгөөд эрэгтэйгээс хамаарсан эмэгтэйгээс хамаарсан, эсвэл хоёулангаас нь хамаарсан шалтгаанууд нөлөөлдөг. Эмэгтэйн шалтгаануудад дийлэнхдээ үрийн сувгийн битүүрэл, наалданги, эрэгтэйд мөн үрийн сувгийн битүүрэл, төмсөгний гэмтэл зэрэг шалтгаанууд зонхилдог. Тиймээс үргүйдэлтэй хосууд хамтдаа эмчийн үзлэг оношилгоонд орох шаардлагатай. Үрийн сувгийн битүүрэл наалданги үүсэх шалтгаанд БЗДХ, бага аарцгийн архаг үрэвсэлт өвчнүүд, хэвлийн хөндийн эрхтний мэс заслын хүндрэлүүд ордог дийлэнхдээ ордог. Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маяг ялангуяа буруу зуршил, хөдөлгөөний хомсдол, шөнийн цагийн ажил эрхлэх, таргалалт, бодисын солилцоо алдагдсантай холбоотой дааврын зохицуулга алдагдаж үргүйдэлд хүргэж байгаа нь их оношлогдож байна.
  • Сарын тэмдгийн алдагдал үргүйдэлд хүргэх үү?
  • Эмэгтэй хүний сарын тэмдэг тогтмол бус буюу жилдээ 8-аас цөөн үзэгдэх, эсвэл 3 сар ба түүнээс дээш хугацаагаар огт ирэхгүй байх нь тухайн эмэгтэйг жирэмслэх чадвар алдагдсаныг зааж байгаа хамгийн тод шинж юм. 40 наснаас өмнө таргалалт, бодисын солилцоо, бусад архаг хууч эмгэгтэй холбоотой сарын тэмдэг алдагдаж байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Бас нэг чухал асуудал бол бэлгийн замаар дамжих халдвараар өвдөж бүрэн гүйцэд эмчлүүлж байгаагүй, мухар олгой үрэвсэж хагарч байсан, сүрьеэгийн халдвар авч байсан зэрэг нь үрийн сувгийн битүүрэл, умайн дотор ханын архаг үрэвсэл, наалданги үүсгэдэг тул үргүйдлийн оношилгоонд цаг алдалгүй орох хэрэгтэйг анхааруулж хэлмээр байна.
  • Жирэмслэхэд тохиромжтой нас гэж байдаг байх?
  • Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн идэвхтэй нас нь 22-29 нас гэж тодорхойлдог.
  • Өсвөр насны охид санамсаргүй ч юм уу эсвэл гэнэтийн байдлаар, хүсээгүй байхдаа жирэмсэлсэн байдаг. Тэдний ихэнх нь үр хөндөлт хийлгэж буй мэдээлэл байдаг. Үр хөндөлт үргүйдэлд хэр нөлөөлдөг вэ?
  • Анхны жирэмслэлтээ үр хөндүүлэх нь дараагийн жирэмслэх чадвар, боломжид маш сөрөг нөлөөтэй. Наад зах нь залуу хүний анхны жирэмслэлтэнд оролцож байгаа өндгөн эсийн чанар сайн байдаг. Нас ахих тусам өндгөн эсийн чанар буурдаг. Мөн үр хөндөлт хийлгэх, умайн хөндийд олон удаагийн ажилбар хийлгэх нь дараагийн жирэмслэлтийн үр хөврөл бэхлэгдэх чадварыг муу болгодог. Энэ нь зулбах, өсөлтгүй жирэмслэлт, умайн гадуур жирэмслэх гэх мэт сөрөг үр дагаварыг дагуулдаг.
  • Үргүйдэх шалтгаан аливаа нэг өвчин болон амьдралын хэв маягаас үүсэлтэй юм байна. Тэгвэл энэхүү хэд хэдэн шалтгааны суурь болох өвчнүүдийг эмчилчихвэл ямар ч эмэгтэй хүүхэд тээж төрүүлэх боломжтой гэсэн үг үү?
  • Тиймээ, аливаа өвчин эмгэг үүсч хөгжих нөхцөлд амьдралын буруу хэв маяг, таргалалт, бодисын солилцоо алдагдах, удаашрах зэрэг эмгэгүүд шууд нөлөөлдөг. Зарим нь бүрэн эмчлэгдэх боломжтой байхад зарим нь боломжгүй байдаг. Бие физиологи эрүүл болоход жирэмслэх магадлал нэмэгдэнэ. Харин хоёр талын үрийн хоолой битүүрээд наалдсан үед өөрөөрөө жирэмслэх боломж бараг үгүй болдог. Дурангийн мэс заслаар наалдац битүүрлийг салгах эмчилгээ хийдэг ч маш бага хувь нь үр дүнтэй байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсад үргүйдлийн тусламж үйлчилгээнд Нөхөн үржихүйн туслах дэвшилтэт арга технологиуд их хурдацтай хөгжиж байна. Эдгээрт өндгөвч сэдээх эмчилгээний төрлүүд, үр цацах эмчилгээ, үр шилжүүлэн суулгах эмчилгээ, нээлттэй мэс заслын аргаар төмсөгнөөс эр бэлгийн эсийг ялгаж авах мэс ажилбар, бэлгийн эс, үр хөврөлийг хөлдөөж хадгалааад гэсгээж суулгах технологиуд гэх мэт эмчилгээнүүд орж байна. Эдгээр нь ЭХЭМҮТ-д бүгд хийгдэж байна.
  • Үр шилжүүлэн суулгах талаар дэлгэрүүлэн тайлбар, мэдээлэл авахыг хүсч байна?
  • Лабораторийн орчинд эр, эм бэлгийн эсийг нийлүүлэн үр тогтоон үүсгэж байгаад эмэгтэйн умайд шилжүүлэн суулгах нарийн дэс дараалалтай хийгддэг ажилбар юм.
  • Манай эмнэлгийн онцлог нь үргүйдлийн шалтгааны хүнд хөнгөнөөс үл хамааран хүлээж авч эмчлэх бөгөөд үр цацах эмчилгээ болон үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр жирэмсэлсэн эмэгтэйг жирэмсний онцгой хяналтандаа авч хянадаг бөгөөд, төрөлтийн тусламж үзүүлдэг, нярайн хяналтыг хийдгээрээ онцлогтой байгаа. Бид хөдөө орон нутаг болон хотын бүх дүүргийн үргүйдэлтэй хосуудыг харъяалал харгалзахгүй хүлээн авч үйлчилдгээрээ бас онцлогтой. Мэдээж улсын 3 дахь шатлалын тусламж үзүүлдэг эмнэлэг учраас өндөр нарийн мэргэшсэн, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч, мэргэжилтнүүд ажилладгаараа давуу талтай байгаа.
  • Танай үргүйдэл нөхөн үржихүйн тасаг өдөр тутам хэчнээн хүн үзэж оношлох хүчин чадалтай вэ?
  • Одоогийн байдлаар өдөрт нэг эмч дунджаар 20-25 хүн үздэг. Жилдээ үргүйдэлтэй 7500-8000 хосыг оношилж, эмчилдэг.
  • Тэгвэл жилдээ хэчнээн хосуудад үр шилжүүлэн суулгадаг вэ?
  • 100 гаруй хосод үр шилжүүлэн суулгадаг.
  • Хүмүүс гадаад руу, ялангуяа Солонгос руу очиж үр шилжүүлэн суулгадаг гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
  • Өмнө нь улсын эмнэлэг дээр үр шилжүүлэн суулгалт хийдэггүй байхад энэ эмчилгээний зорилгоор гадаад улс руу их явдаг байсан бол 2014 онд манай тасаг байгуулагдсанаас хойш гадаад руу явах иргэдийн тоо буурсан байх.
  • Үргүйдэлтэй ээжүүдийн сэтгэлзүй гэж чухал зүйл бий. Хүсээд ч болохгүй, байдгаа бартал эмнэлгээр явж буй эмэгтэйчүүд олон. Гэтэл манай Монголчууд “Нойтон сормуустай үр төрүүлээгүй эмэгтэй хүнтэй хэл ам бүү хий, салхин доогуур нь ч бүү өнгөр” гэх мэтээр ярих нь бий. Үргүйдэлтэй тулж ажиллаж буй эмчийн хувьд энэ асуудал дээр хэр ханддаг вэ?
  • Үргүйдэлтэй хосуудад эрүүл мэндийн асуудлаас гадна сэтгэлзүйн хямрал, гутрал, гэр бүлийн таагүй харилцаа, салалт, дарамт гэх мэт асуудлууд тулгардаг. Гэвч өмнө нь хүмүүс үргүйдлийг зөвхөн эмэгтэйтэй холбож үздэг ойлголттой байсан бол одоо энэ үзэл баримтлал өөрчлөгдөж эмнэлэг дээр хосууд ихэвчлэн хоёуулаа ирж үзүүлдэг болсон. Мэдээж цахим харилцаа, мэдээлэл, соёл иргэншил нөлөөлж байгаа байх. Эмч мэргэжилтнүүд бидний хувьд тухайн хүнд тохирсон эмчилгээний аргыг сонгож хэрэглэдэг. Гэсэн хэдий ч амжилтгүй болох тохиолдлууд гардаг. Гэвч хосууд маань дараагийн эмчилгээндээ шантралгүй давтан орж тууштай үр дүнгээ үзэх асуудал яалт ч үгүй чухал. Мэдээж эмчилгээний үр дүн тухайн хосуудын нас, үргүйдэлд хүргэж байгаа шалтгаанууд, бие махбодийн архаг хууч (тухайлбал манайд элэгний хатууралтай, даралт ихсэлттэй, бөөрний дутагдалтай, чихрийн шижинтэй гэх мэт хүмүүс цөөнгүй ирдэг) эмгэгүүд одоо сүүлийн жилүүдэд корона вирусын халдвар зэрэг нь эмчилгээний үр дүнд нөлөөлж байна. Эмч хүн бол хэзээ ч өвчтөнөөсөө залхдаггүй, шантардаггүй, дараагийн эмчилгээгээ үргэлжлүүлээд хийхэд бэлэн байдаг. Дөнгөж үүссэн үр хөврөл улмаар ээжийнхээ умайд ороод амжилттай бэхлэгдээд жирэмслэн, өсөж томроод, хүүхдээ төрүүлж байгаа мөчүүд бол их нандин байдаг. Энэ бол бидний мэргэжлийн бахархал юм.
  • Үр шилжүүлэн суулгасны дараа тэр ураг хэвийн өсөхгүй байх тохиолдол хэр их вэ?
  • Үр шилжүүлэн суулгасны дараа умайдаа хэвийн өсөж хөгжих чадвар нь тухайн эмэгтэйн нас, өндгөн эсийн чанар, умайн хөндийн орчин бүрдэх зэргээс хамаардаг бөгөөд жирэмслэх амжилтын хувь 50-18% хооронд хэлбэлздэг.
  • Зохиомлоор үр тогтоож төрүүлсэн хүүхдэд онцгой шинж тэмдэг, удамшлын болон генийн ялгарал байдаг уу?
  • Ээж аавынхаа удамшлын мэдээллийг хадгалж төрөх нь мэдээж. Энэ нь удамшдаг эрсдэлт өвчнүүд хүүхдэд мөн удамших тохиодол бий. Одоогоор ЗҮТ төрүүлсэн хүүхдүүдийн ялгаатай байдлын талаар том хэмжээний нотолгоотой судалгааны тоо баримт хараахан гараагүй байна. Удахгүй дэлхий нийтэд сонирхолтой судалгааны үр дүнгүүд гарах байхаа.
  • Заа баярлалаа, бидний яриа өндөрлөх гэж байна. Та манай уншигчдад үргүйдлээс сэргийлэх арга замын тухай зөвлөгөө хэлж болох уу?
  • Амьдралын буруу хэвшлүүдээс зайлсхийх, бэлгийн харьцааны давтамж, аюулгүй байдалдаа анхаарах, даарч хөрөхгүй байх, аливаа эм эмчилгээг эмчийн заасны дагуу зөв зохистой хэрэглэх, хорт зуршлаас зайлсхийх, жирэмслэх хүсэлтэй боловч үргүйдэлтэй байгаа бол эмчийн хяналтад аль болох эрт орох, сарын тэмдгийн мөчлөгөө тогтмол хөтөлдөг байх, шээс, бэлгийн замын архаг үрэвсэл, зовиур байдаг бол цаг алдалгүй зохих шинжилгээ оношилгоо, эмчилгээндээ хамрагдах гээд чухал зүйлүүдийг битгий мартаарай гэж зөвлөе дөө.

 Tustas.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.