БУЙРААС ЭХЛЭН БАЙГАЛИА ХАМГААЛЦГААЯ


8-р сарын 15
13 цаг 08 минут
Д.Улаанаа 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сар гаруйхны өмнө шинэ удирдлагатай болсныг салбарынхан маань сайн мэдэж байгаа.
Шинэ удирдлагын баг саяхан Дорнод аймагт Орон нутгийн сэтгүүлчдийн 4-р форумыг зохион байгуулав. Орон нутагт хийдэг сэтгүүлчдийн цугларалтыг тухайн аймгийн салбар зөвлөл нь хариуцдаг нь манай салбарт тогтсон уламжлал. Дорнод аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн залуус мэргэжил нэгтүүдээ нутагтаа хүлээж авах бэлтгэлийг чамбай хангасан нь замд гарсан эхний өдрөөс л анзаарагдсан юм. Дээр нь МСНЭ-ийн ерөнхийлөгч болон ажлын албаныхан, багш нарын баг нийслэл хотоос Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг дамжин эх орны зүүн хязгаар Дорнод аймгийг зорилоо.
Энэ удаагийн сэтгүүлчдийн цугларалт “Бид эх дэлхийн сэтгүүлчид” уриатайгаар алдарт Буйр нуур, Халх гол, Тамсагийн цэнхэр хязгаарт болсноороо өвөрмөц. Тиймдээ ч “Буйр 2022”нэртэй форумд оролцогчид хол замыг хамтдаа туулж, зүүн хязгаарын байгалийн сайханд нүд сэтгэлээ баясган, байгаль орчноо хамгаалахад ямар үүрэгтэй, хэрхэн оролцох тухай мэдлэгээ гүнзгийрүүлсэн юм.
8 дугаар сарын 8-ны өдөр нийслэлээс гарсан баг Өндөрхаан хотод үдлээд, цааш хөдөлж, Дорнод аймгийн төвд оройхон ирэв. Форумыг гардан зохион байгуулж буй тус аймгийн Д.Дэлгэрмаа даргатай салбар зөвлөлийн баг угтан авч, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлын хүлээн авалт эхлэв. Дорнод аймаг бусад аймгуудыг харьцангуй эрт зах зээлд орсон тул үйлчилгээний газрууд олонтой, үйлчилгээ нь ч боловсон, шуурхай аж. Биднийг Ольхон ресторанд оройн зоог хүлээж байлаа. Энэ үеэр Засаг даргын орлогч Ш.Ёл: Бид өөрсдийгөө сурталчлах биш, хийсэн ажлаа олон нийтэд хүргэхийн тулд орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа таатай байдаг тухайгаа онцолсон нь аймгуудын сэтгүүлчдэд содон сонсогдоно. Дорнод аймгийн Алтан гадас одонт хөгжимт драмын театрын хамт олон зоогийн амт, ханамжийг нэмж, ая дуугаа өргөсний дараа буудалдаа байрлав. Зарим аймагт олдоц муу гэгддэг буудлын хүрэлцээ, орчин нөхцөл, үйлчилгээ саак.
Том хотод буудалласан мэт сэтгэгдэл төрснөө онцолъё.
Маргааш өглөө нь Чойбалсан хотоос хөдөлж, алдарт Мэнэнгийн талыг туулсан юм. Анх удаа зүүн хязгаарт ирж буй зарим сэтгүүлчдэд Дорнод Монголын их талын хязгааргүй уудам алс гайхамшиг мэт санагдаж буйгаа ярьж байлаа. Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Эркинбек: Яг л гадаад оронд ирсэн мэт гайхалтай санагдаж байна... хэмээн сэтгэл хөдлөлөө индэр дээрээс илэрхийлсэн гээч.
Голдуу заал танхимд болдог сургалт семинарын хайрцгийг эвдэж, байгалийн үзэсгэлэнт газраар аялж, далай мэт цэнгэг үзэсгэлэнт Буйр нуурын эрэгт болсон форумын илтгэлүүдээс өлгөж, авах, сурталчлах хэрэгжүүлэх зүйлс их. Өдөржин аялсан талын замыг туулж Буйр нуурт ирлээ.
Буйр нуур зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр оршино. Зэргэлдээ орших Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагддаг, 40 км урттай Монголын цэнгэг уст нуур.
Хорин жилийн өмнө бивээр анх удаа Буйр нуурт очихдоо тэнгэр газар нийлсэн мэт их усыг хараад дуу алдаж билээ. Энэ цугларалтаар гурав дахь удаагаа Буйрын хөвөөнд хөл тавьсан юм.
Очих сон... хэмээн хүсэж байсан нуурынхаа хөвөөнд ирсэн орон нутгийн сэтгүүлчид автобуснаас буумагцаа гайхамшигт Буйр нуурын үдшийн зураглалыг гар утас, аппаратдаа үлдээх ажлаа эхлүүлэв. Нуурын шаргал эрэгт тосож авахаар зэхсэн Дорнодын сэтгүүлчид аягтай сүүгээ барин биднийг удаан хүлээсэн шүү. Байгалийн үзэсгэлэн гэдэг тийм л дуу алдмаар, гайхан биширмээр, хажуудахаа умартмаар хүчтэй соронз ажээ.
Буйр нуур нь бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан бөгөөд Монгол Улс хятадтай усан хилээр заагладаггүй байжээ. Гэтэл удаа дараа хийсэн хилийн зохицуулалтаар Буйр нуурын хойд талын хэсэг хятадын талд шилжсэн тухай баримт бий.
Сүүлийн жилүүдэд нуурын эргээр жуулчны баазууд олноор баригдаж, аялагчид ийш ирэх нь олширчээ. Өнгөрсөн онд гэхэд 20 мянга гаруй дотоодын жуулчид Буйр нуурт ирснийг Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга мэдээлэв.
Талын үзэсгэлэнт нуурын хөвөөнд ирж амрах хүсэлтэй хүмүүсийг хорьж болохгүйтэй адил, ирсэн явсан газраа бохирдуулахгүй байх, хайрлаж хамгаалах, нутгийн ёс заншлыг мэдэх зэрэг хувь хүмүүсээс шууд хамааралтай зарчмыг аялагчдын ухамсарт гүн гүнзгий суулгамаар. Тэгж гэмээ нь Буйр нуур шиг үзэсгэлэнт газрууддаа бид олон жил амарч, бие сэтгэлийн алжаалаа тайлах нөхцөл бүрдэх юм. Учир нь тийм тансаг, цэнгэг нуурын ус ийм хэвээрээ байгаасай... гэж бодсоных.
Биднийг очсон орой нуурын долгио ширүүн, хөөсрөн шуугих нь улам эрхэмсэг, улам уянга төгс болгох шиг санагдуулна. Эргийн элсэн дээр нь гишгэхэд хөл амарч, хөвөх шиг таатай.
Тэр орой “Буйр 2022” форумын албан ёсны нээлт гадаа зассан тайзны дэргэд, агаарт, усны чимээ, сарны туяан доор эхэлсэн. Байгал эхийн тансаг үнэрт уусан нэгдэх боломжийг олгосон Дорнод аймгийн Салбар зөвлөл, тус аймгийн ЗДТГ болон МСНЭ-ийн удирдах зөвлөлийн багт баярлалаа.
Дорнод аймгийн сэтгүүлчдийн төлөөллүүд салбарын “Ган үзэг”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав. Олуулаа ч юм. Дандаа л эрч хүчтэй сайхан залуусаар эгнээгээ тэлсэн нь бахадмаар. Тэд маань ч хариуцлагатай, чадвартай, тууштай ажилладаг нь зүүн хязгаарт өнгөрүүлсэн гурав хоногт мэдрэгдсэн. Сэтгүүлчдийг нягт нямбай, хариуцлагатай байхыг хэвлэл мэдээллийн салбар үргэлж шаарддаг, сорьдог. Тэр хэрээр бид суралцсаар байдаг билээ.
Форумын хоёр дахь өдөр Халх гол суманд үргэлжлэв. 1945 оны Чөлөөлөх дайны гал дүрэлзэж асан түүхт газар өдгөө шинэ сум бий болж, Монгол Улсын Шилдэг сумаар өргөмжлөгджээ.
Тийш явах замд Өвдөг Баянхошууны боомтоор дамжин хилийн ...р баганын дэргэд буудаллав. Ердөө цаана нь БНХАУ-ын хил харагдана. Хилийн 0198-р анги буюу Халх голын отрядын Баянхошуу боомтын заставын дарга Б.Мэргэнбаатар бидэнд эх орныхоо хил тайван буйг илтгэв. Тэрээр Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүүхэд ажээ. Тус отрядад ирээд гурван жил болж байгаа. Ээлжийн амралтаараа нутагтаа очиж, элгэн садантайгаа уулздаг тухайгаа яриад, Сүхбаатар нутгийн сонин сайхныг сонирхов. Хилийн зурваст удах боломжгүй тул тэндээс хөдөлж, Халх гол сумын нутагт байх Чөлөөлөх дайны дараа босгосон 40 гаруй хөшөө дурсгалуудтай танилцсаар шинэ сумын төвд ирлээ.
Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг 2019 онд ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлснээр өдгөө тус сум Шинэ сум болон өргөжөөд буй.
Төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалтууд бий болжээ. Зам талбай, зохион байгуулалт нь эмх цэгцтэй, цэвэрхэн. Ийм сумын төвүүд олширбол нийслэл хотынхны тэр их нягтрал амархаан шийдэгдэхээр.
Халх голын хөвөөнд бий болсон шинэ сум томоохон аймгийн төв шиг тохилог. Ус, мод элбэг суурин газрын зуны үзэмж гайхамшигтай аж. Биднийг очиход төвийн хатуу хучилттай замын ажил ид хийгдэж байлаа. Сумын төвд байх Ялалт музейн танхимд форумын гол илтгэлүүд тавигдав.
МУБИС-ийн нийгэм хүмүүнлэгийн их сургуулийн захирал Ж.Батбаатар, БОАЖЯ-ын мэргэжилтэн, Экологийн албаны ЭЦХ-ийн ахлах мөрдөгч Д.Сүхбаяр, “Майнинг Инсайт” уул уурхайн сэтгүүлийн тоймч Э.Оджаргал болон бусад багш нар оролцогчдод мэдээлэл хүргэснээр албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсөн. Хаалтын үйл ажиллагаа Буйр нуурын эрэгт үргэлжилж, ойрд ингэж олноороо хол яваагүй салбарынхан шөнөжин дуулж бүжиглэсэн. Бидний дунд авьяастай залуус цөөнгүй явсан юм. Эрдэнэт хотоос ирсэн Д.Мөнх-Эрдэнэ, А.Батбаяр нар хамтлагийнхаа дуунуудын дуулахад нь бид даган доргиостой. Тэд багаасаа хамтлаг байгуулж, уран бүтээлээ хийж байгаа андууд. Мөн Дорноговь аймгаас оролцсон яруу найрагч, “Өнөөдрийн ялалт” сонины эрхлэгч Б.Лхагвадорж өөрийн шүлгээсээ уншиж, Буйр нуурын үдшийн тэнгэр доор бид өглөө болтол дуулж бүжиглэхдээ ядарснаа автобусандаа суухдаа л мэдэв.
Орон нутгийн сэтгүүлчдийн форум зүүн хязгаарт ийн амжилттай болж өндөрлөв. Замын турш биднийг тухтай зорчих бүхий л нөхцөл байдлыг хангасан автобусны жолооч, МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Э.Болортулга, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Батчимэг, сургалтын багш нарт болон Дорнод аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн залуустаа оролцогчдын өмнөөс талархал илэрхийлье. Манайхан хувь хувьдаа талархал дэвшүүлж буй ч тэмдэглэлээрээ дамжуулан дахин илэрхийлж буйг аймгийнхаа удирдлагуудад дамжуулаарай. Хэвлэл мэдээллийн салбараа онцгойлон дэмждэг Дорнод аймгийн удирдлагуудад алга ташъя.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын дардан биш замыг дурдан болтол туулж, үүрч, тууштай яваа журмын нөхдөдөө ч амжилт хүсье. Форумаас гаргасан уриалгыг аймаг бүрдээ хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж байна.
Олон нийтийг соён гэгээрүүлэх их ажил маань биднийг дурсамж дүүрэн цугларалтаар уулзуулдаг болохоор дараагийн цугларалтаар дахин уулзахын ерөөл талбия.May be an image of 6 people, people standing and outdoorsMay be an image of 15 people, people standing and outdoorsMay be an image of ocean, twilight and natureMay be an image of 1 person, standing, military uniform and outdoors
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.