Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа


8-р сарын 10
15 цаг 41 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд залууст сурталчлан түгээх ач холбогдолтой  юм.

Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон.

Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ:

“Юуны өмнө энд  цугласан энхийг сахиулагч эрэгтэй, эмэгтэйчүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн Та бүхний үйл хэргийг өндрөөр үнэлж байгаагаа хэлье.

Мөн энд хүрэлцэн ирсэн хүүхэд, залуусын төлөөлөлд баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог гэдгийг надад хэлсэн. Та бүхний үйл хэргийг талархан хүлээн авч, баяр хүргэе.

Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, байгалийн баялгийг хэрэглэж, хойч үедээ эх дэлхийг хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй.

Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас олон хүндрэл амсаж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Энэ бүгдийг зогсооход залуус Та бүхнийг уриалахыг хүсэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархал илэрхийлье.

Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Байгаль орчин, хүн төрөлхтний хоорондын холбоосыг тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах үйл ажиллагаа дахин сэргээх ач холбогдолтой гэж ойлгож байна” гэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан8 сар 27. 17:51Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ8 сар 27. 17:50Германы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ8 сар 27. 17:49Нэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана8 сар 27. 17:46Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа8 сар 27. 17:46Л.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо8 сар 27. 17:43Балба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ8 сар 27. 17:41Нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ8 сар 27. 17:372026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл8 сар 27. 17:34Г.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.