УГЗ Н.Лутбаяр: Адуутай хамт өвчин, хэрүүл тэмцэл импортолж байна


6-р сарын 16
14 цаг 29 минут

Үндэснийхээ баяр наадамд зөвхөн монгол адуугаараа уралдаж наадах шаардлага тавиад, шаардлагынхаа хариуг нэхэж, Д.Сүхбаатарын талбай дээр 10 хоног суусан уяачдын нэг, УГЗ сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяртай ярилцлаа.

No photo description available.

 

Үндэсний баяр наадамд эрлийз адууг уралдуулахгүйн тулд адууны импортыг хориглох хэрэгтэй гэсэн шийдэл дээр та ихээхэн ач холбогдол өгч байх шиг. Гэтэл аль хэдийнэ оруулаад ирсэн гадны адуунууд, тэдний үр төл хаа сайгүй тархсан байгаа шүү дээ...

Тийм ээ, аль хэдийнэ оруулаад ирсэн гадны үүлдрийн адуунуудыг хаана, хэнд зарж, хэний гүүтэй үржилд оруулж, үр төл нь хэрхэн тархаад байгаа талаар өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл байхгүй, дэндүү замбараагүй байгаа нь үнэн. Чухам тийм учраас л энэ замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд нэмж адуу импортлохыг түр хугацаагаар ч болов зогсоох шаардлагатай байгаа юм.  Адууны импортыг хориглох хэд хэдэн шалтгаан байна. 2012 оноос хойш орж ирсэн адууны 85 хувь нь Гаалийн бүртгэл дээр 600$ буюу зааз адууны бүртгэлтэй байна. Манайд импортоор орж ирсэн хамгийн өндөр үнэтэй англи азраганы 60-аас дээш хувь нь 2 жилийн дотор үхсэн байдаг. Монголын эрс тэрс уур амьсгалд дасан зохицох чадамжгүй байгаа хэрэг. Улс орны эдийн засаг, өрхийн эдийн засаг, хувь хүний эдийн засаг энэ шамраганд өртөж байна. Жилд 20 сая доллар гарч байна гэсэн тооцоо гарсан байсан. Өөрсдийнхөө бий болгосон дархлааг үгүй хийхийн төлөө олж цуглуулсан мөнгөө үрж энэ импортыг хиймээргүй байна.  Тиймээс адууны импортыг зогсоож өгөөч гэж хүсч байгаа юм.

Хоёрдугаарт, аль ч улс үндэстэн өвчин импортолдоггүй. Харин Монгол улс ийм гутамшигтай түүхийг бичиж байна. Адууны импортыг дагаж Монгол улсад урд өмнө нь үзэгдэж, сонсогдоогүй адууны 7 төрлийн цусны өвчин бүртгэгдлээ. Бэлгийн замын өвчин ч бүртгэгдсэн. Ерөнхийлөгчид бэлэглэсэн адууг бэлгийн замын өвчинтэй байхад нь мэдсээр байж авчирсан тухай бид хангалттай хэлж, ярьсан. Ийм учраас импортыг зогсоож өгөөч гэж хүсч байна. Аливаа юманд дам утга гэж байдаг.

Гуравдугаарт бид хэрүүл тэмцэл импортолж байна. Эрлийз адуу орж ирснээр баяр наадам, үндэсний дархлаа, амин дэм аль аль нь устаж алга болж байна. Дээрээс нь хэт ялгаварлах үзэл явагдаж байна. Үндэсний баяр наадам маань ард түмний наадам биш, баян тарган цөөн хэдэн хүний зугаа цэнгэл болж хувирлаа. Мөн алдар хүнд, ашиг сонирхол цуг орж ирж байна.

Түүнчлэн үржлийн адууг оруулж ирж ашиг шимийг нь хурдан хүртэхийн тулд геноцит үйлдэж байна. Хүн төрөлхтөнд, ер нь аливаа амьд амьтанд “гажиг” төрөөгүй л бол илүү эрхтэн гэж байдаггүй. Монгол азарганыхаа сэлдийг илүү болгож огтлох шаардлага байхгүй. ММСУХ 4600 адуу уралдуулсан амжилтаараа Геннист бүртгүүлсэн. Энэ гайхамшигтай сайхан амжилтыг нь ярьж дуусаагүй байхад гутамшигтай муухай амжилтыг бүртгүүлэх гээд явж байна. Энэ бол геноцит. Тиймээс адууны импортыг яаралтай зогсоох шаардлагатай. УИХ-ын 76 гишүүнээс ганцхан Н.Ганибал гишүүн бидэнтэй ирж уулзаад, дэмжиж байгаагаа илэрхийлж, гарын үсгээ зурсан. Тэр адууны импортыг түр хугацаагаар тэглэх тогтоолын төсөл санаачлаад, ЗГ болон холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоодоос санал авч байгаа юм билээ. Энэ тогтоолын төслийг дэмжээд, батлаад өгөөрэй гэж Засгийн газар болон УИХ-ын бусад 75 гишүүнээс хүсч байна.

Эрлийз, монгол адууг ялгах гол арга нь сэрвээний өндөр, түүнийг нь лазераар хэмжинэ гэдэг юм яриад байгаа шүү дээ...

Хууль зүйн сайд гэдэг нэлээд өндөр боловсролтой, бодлогын түвшинд юм ярьдаг хүн байж таарна.  Гэтэл энэ хүний өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой заалт байна. Уралдааны морийг “сэрвээний өндрөөр хэмжинэ” гэж байна. “Сэрвээ” гэдэг ямар ч хэмжигдэхүүн байхгүй. Хаана ч ийм хэмжүүр гарч ирээгүй. Байхгүй хэмжүүрээр, тэр тусмаа “лазер” гэдэг хэмжигдэхүүнээр хэмжинэ гэж ярьж байна. Байгаль бүтээгээгүй, байхгүй хэмжигдэхүүнийг лазераар хэмжих ямар ч шаардлага байхгүй. Ийм учраас энэ хуулиас “сэрвээ” гэсэн ойлголтыг авч өгнө үү. Уг хуулиа “Шилжилтийн үеийн хууль”, 2025 онд хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Өнөөдөр ард түмэнд агаар, ус шиг хэрэгтэй байгаа зүйлийг 2022 онд батлаад, 2025 онд хэрэгжүүлэх шаардлага байхгүй.

Хууль зүйн сайд гурав хоногийн өмнө хоёр холбооны төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ хорвоод байхгүй тэнэг санал тавьсан байсан. “Аймаг, улсын чанартай уралдаанд адуугаа сэрвээгээр хэмжиж уралдуулъя, сумдынхаа наадамд үйлдэрлэг байдлаар нь уралдуулъя” гэсэн санал хэлсэн байна билээ.  Үүнийг бид цэвэр улс төрийн шийдэл гэж харж байгаа. Бодит  амьдралд нийцэхгүй шийдэл. 2024 онд сонгогчдоос санал авахын тулд ийм шийдвэр гаргаж байна. Төрд ийм хүмүүс гарч суугаад, энэ мэт шийдвэр гаргаад байвал бид хэрхэн амгалан суух вэ..? Энэ ганцхан адууны асуудал биш юм. Төрийнхөө сүлдэнд адуугаа залсан хэрнээ сүншиггүй болгочихлоо. Үндсэн хуульдаа мал сүргээ хамгаална гэж хэлчихээд “очир”-ыг нь огтолчихлоо, одоо яах ёстой юм бэ..?

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ганзоригийн хүү Тэмүүлэн нар эрлийз морь уралдуулахын төлөө явж байна. Аливаа хүн анхнаасаа буруу явбал тэр замаараа л явдаг. УИХ-д эцэг нь тордоод яаж гаргаж ирсэн, эрлийз адуу яаж тарааж Архангайнхныг хулхидсан яг тэр ажлыг хийгээд явж байна. 50 хувьтай азарга нь Улсад 3 түрүүлсэн. Үнэнд гүйцэгдээд эрлийзтэй уралдсан чинь айрагт ч ороогүй. Ийм л хүмүүс улсыг удирдаж, биднийг мунхруулж байна. Одоо монголчууд мунхрахгүй болсон шүү. Бид наадамтайгаа байя, амин дэмтэйгээ байя, дархлаатайгаа байя, өв соёлтойгоо байя л гэж хүсэж байгаа юм. Өөр юу ч хүсээгүй.

Танд баярлалаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.