“Улаанбаатар марафон-2022”-д технологийн дэвшил ашиглана


5-р сарын 13
14 цаг 47 минут

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа, "High Payment Solutions" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр нар оролцож, дараах мэдээллийг өгсөн юм.

МАРАФОНЫ МАРШРУТАД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

 

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа:

-“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг  2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан хэдий ч иргэд маань идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Гүйлтийг олон төрлийн зай, төрлөөр зохиодог бөгөөд энэ жилийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Уламжлал ёсоор тав, арван км, хагас, бүтэн марафон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт, гэр бүлийн гүйлтийг  зохион байгуулна. Гүйлтэд оролцогчид Сүхбаатарын талбайгаас гараанаас гарч, Сүхбаатарын талбайд барианд орно. Маршрутад өөрчлөлт ороогүй, хуучин маршрутаар явна. Энэ жилийн хувьд бүртгэл болоод гүйлтийн зохион байгуулалтад техникийн шинэ дэвшлийг ашиглана. Төлбөрийг хялбарчилж, тамирчдын амжилтыг хэмжихэд ихээхэн дэвшил гарч байгаа. Гүйлтийг иргэдэд ээлтэй байдлаар зохион байгуулахын тулд нийслэлийн харьяа газрууд хамтран ажиллаж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд хамтран ажиллаж байгаа. Гүйлтэд оролцогчид HiPay аппликейшн ашиглан бүртгүүлэхээс гадна нийслэлийн болон дүүргүүдийн биеийн тамир спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо зэрэг газарт биеэр очиж, мэдээлэл авч, бүртгүүлж боломжтой гэлээ.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ

 

"High Payment Solutions" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат:

-Бид санаачилга гарган, НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газартай  хамтран хөгжүүлэлт хийж, www.ubmarathon.hipay.mn вэб сайт болон HiPay аппликейшнээр иргэд амар хялбараар бүртгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрвөн төрлийн гүйлтээс шалтгаалаад төлбөр нь өөр өөр байх бөгөөд түүнийгээ сонгон дурын банкны картаар төлбөрөө төлж, бүртгүүлэх  боломжтой. “Улаанбаатар марафон” олон улсын марафон. Тиймээс олон улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогч тамирчдынхаа хурд, амжилтыг хэмждэг байх нь зохимжтой. Гүйлтэд оролцогчид хэдэн км цагийн хурдтай гүйж, хэддүгээр байр эзэлсэн бэ гэдгийг хэмждэг технологи байдаг. Тэрхүү технологийг Монгол Улсад анх удаа, нэвтрүүлж “Улаанбаатар марафон-2022”-д ашиглана.  Оролцогч, гүйгчдэд уламжлал ёсоор дугаар, пайз тарааж өгнө. Тэрхүү дугаар дээр уншигч төхөөрөмж суулгах бөгөөд гүйлтийн замд хурдыг хэмжих юм. Бүртгэлийг автоматжуулснаар дараа, дараагийн жилүүдийн амжилтын түүх ч бүртгэгдээд явах юм.

Энэхүү марафонд эрүүл мэндийн гүйлт буюу 5 км-т нийт оролцогчдын 90 орчим хувь нь оролцдог онцлогтой. Тэдгээр хүмүүс нийгмийн оролцоогоо олонд мэдээлэх сонирхолтой байж болох юм. Тиймээс гүйлтэд оролцогчийн амжилтыг харуулсан гэрэл зураг, мэдээллийг харуулсан батламжийг дижитал байдлаар гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Мөн марафонд  оролцогч байгууллагуудын мэдээллийг ч бүртгэлжүүлнэ. Бид богино хугацаанд технологийн шинэчлэл хийж, марафонд оролцогчдод амар хялбар байдлаар бүртгүүлэх, амжилтаа баталгаажуулах боломж олгож байна хэмээлээ.

МАРАФОНД ГАДААДЫН ТАМИРЧИД ОРОЛЦОНО

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад зориулсан усны дөрвөн цэгээс гадна эрсдэлээс хамгаалсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ ажиллана” гэдгийг онцолсон юм. “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд олон улсын тамирчид ч мөн оролцож байгаа аж. Одоогийн байдлаар Кени болон Япон Улсын тамирчид оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Бүртгүүлж буй тамирчид эрүүл мэндийн байдалдаа хяналт тавих, зүрх судасны үйл ажиллагаагаа хянуулахыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа. Иргэд цахимаар бүртгүүлж болохоос гадна харьяа дүүргийнхээ Биеийн тамир спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, www.marathon.ulaanbaatar.mn сайтад буй утасны дугаараар холбогдон хялбар, шуурхай бүртгүүлэх боломжтой юм. Мөн заавал PCR шинжилгээнд хамрагдсан байх гэх мэт хатуу шаардлага тавихгүй гэв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.