Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас барж байна. ДЭМБ-ын тооцоогоор гарсан энэхүү судалгаанаас үзвэл аюулгүй байдал нь хангагдаагүй бол ямар ч бүтээгдэхүүн хоол-хүнс биш хор юм. Бид бүхэн хорыг хэчнээн жил хоол гэж андууран амьдарсаар байх вэ?
Хүн бүр аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангагдах эрхтэй шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нь хүүхдийн суралцах идэвхийг бууруулдаг бол насанд хүрэгчдийн ажиллах бүтээмжийг үгүй хийдэг байна. Энэ зөвхөн нийгэмтэй харилцахад нөлөөлдөг сөрөг зүйлс нь боловч суралцах идэвхгүй, ажиллах бүтээмжгүй хүний сэтгэлзүйд бидний төсөөлснөөс илүү их дарамт, ганцаардал, айдас бий болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар хүрэхгүй хугацааны өмнө “Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа” мөн гэж хэлсэн байна. Аюулгүй байдлыг хангахын тулд олон төсөл санаачлан эхлүүлж, мөн заримых нь үр дүнг үзээд буй энэ цаг үед хүнсийг аюулгүй байлгахад засаг төр ба иргэн бүрийн оролцоо чухал. Гэтэл Монгол Улс зөвхөн төмс, гурил, махны хэрэгцээгээ л дотоодоос хангаж, хүнсний ногооны 40, будаа, элсэн чихэр, ургамлын тос, жимс, жимсгэнээ 100 хувь импортоор авч байна. Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эмзэг, анхаарлын төвд байгааг илтгэж буй билээ.
ОХУ болон Украин улс нь Дэлхийн хөдөө аж ахуйн тэргүүлэх үйлдвэрлэгчид гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэхүү хоёр улсын дайны үр нөлөө улс орнуудын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал,
Буудай, эрдэнэ шиш, наранцэцгийн үр болон тос зэрэг бүтээгдэхүүний экспортоор тэргүүлдэг. Тэр тусмаа ОХУ болон Украин нь дэлхийн зах зээл дэх наранцэцгийн үрийн экспортын 50 гаруй хувийг, арвайн экспортын 19 орчим хувийг, улаан буудайн экспортын 14 хувийг эзэлдэг.
2021 онд л гэхэд Украин улс нь улаан буудайн экспортоор дэлхийд 6 дугаар байранд эрэмбэлэгдэж байв. 20 сая тонн улаан буудай экспортолсон нь дэлхийн зах зээлийн 10 хувийг эзэлсэн. Мөн ОХУ нь хүнсний бордооны тэргүүлэх экспортлогч билээ.
Харин сүүлийн үед хоёр улсын дайны нөлөөгөөр Украин улс үр тарианы экспортоо дайн дуусах хүртэл зогсоосон бол ОХУ нь бордооны экспортоо мөн зогсоосон. Дэлхийд хамгийн өргөн хэрэглэдэг азотын нитрат бордооны экспортоо ОХУ зогсоосон нь дэлхийн олон оронд энэ жилийн ургацад сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.
Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд дотоодын хэрэгцээгээ өөрсдийн хүчин чадлаар хангадаг болоход чиглэсэн бодлого, дэмжлэг чухал байгааг “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс
- Хүнсний улаан буудайн нөөцийг нэн яаралтай нэмэгдүүлэх;
- Хөрсөө тордож, арчлах, хөрс хамгаалах технологид эрс шинэчлэл хийх;
- Үр, үрсэлгээ, суулгац үржүүлгийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгож, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах;
- Органик бордооны үйлдвэрлэлийг дэмжих замаар нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх;
- Ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгох;
- Гадаргын усыг нөөцлөх усан сангууд байгуулж, усалгаанд ашиглах;
- Олон улсын стандартад нийцсэн механикжсан зоорь барьж байгуулах;
- Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, агрономич, технологич, механик инженер, мэргэшсэн ажилтныг үе шаттай бэлтгэх зэрэгт анхаарахыг тус чуулганд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Монгол Улсын хувьд 2021 онд гэхэд л 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.долларыг хүнсний ногоо, жимс, жимсгэнэд зарцуулжээ. Энэ тоо баримтаас харахад олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, урт хугацаанд үргэлжилсэн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралтай үед ирэх саруудын болон ойрын жилүүдэд бидний хүнсний хангамж тун ч эргэлзээтэй болж байна. Мөн бидний түүхий эдээ экспортолдог хамгийн гол түнш БНХАУ гэхэд цар тахлын хатаа хөл хорио нь үргэлжилж, манай улстай худалдаа хийдэг хилийн боомтууд нь ажиллагаагүй удаж байна. Хүнсээ вальютаар авах нь дээрх тооноос харахад тодорхой байна, харин хэрхэн түүнийг олох вэ, өдрөөс өдөрт өссөөр байгаа вальютын ханшийг хэрхэн барих хийгээд экспорт хийж чадахгүй вальютын хомсдол нүүрлэвэл яах вэ гэх мэт тулгамдсан асуудлууд шил шилээ даран ундарсаар байна.
Л.Мажиггарав