Д.Сумъяабазар: Нийслэл эрх зүй, эдийн засгийн чадамжтай болох эх үндсээ тавилаа


12-р сарын 27
12 цаг 18 минут

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнөөдрийн хуралдаан нийслэлийн удирдлагуудын  2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн байлаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэсний дээр ирэх онд хийх шинэчлэлт, өөрчлөлтийн  онцлогоос дурдсан юм.

Тэрбээр “Нийслэлийн хувьд 2021 он бол хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийсэн дэвшлийн жил байлаа. Нийслэл хот эрх зүйн чадамжтай болохын сацуу эдийн засгийн чадамжтай болох эх үндсээ тавилаа.  Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж өгсөн 420 тэрбум төгрөгийн дэмжлэг гадаадын хөрөнгө оруулалт татах дуудлага болж өглөө.  Гадаадын олон улс орноос, хөрөнгө оруулагчдаас Улаанбаатар хотын хөгжилд хамтран ажиллах санал, санаачилга гаргаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн. Иргэдэд бие даан хөгжих, бизнесээ хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй байна. Төрөөс нэг ч төгрөг гуйхгүйгээр ажлын байр бий болгоод, улсдаа татвар төлөөд, амьдралаа залгуулаад  явж байгаа бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид. Ирэх жилүүдэд зөвлөн тусалж, дэмжиж ажиллах нь чухал. 

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөж буй  2500 стандарт, улсын хэмжээнд 6602 стандарт бий. Үүний тал  хувь нь хоцрогдсон, шинэчлэхээс аргагүй стандартууд юм. Ангилал, зэрэглэл, стандартын хэм хэмжээ, зөвшөөрөл батламжууд бизнест асар их чөдөр тушаа болж байна. Энэ бүхнийг чөлөөлж, бид иргэдээ дэмжинэ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Нөгөөтээгүүр, сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид амьдралаа хэрхэн, яаж залгуулах вэ. Тиймээс цалинг нэмэх ёстой. Цалин нэмэхгүй байна гэдэг төрийн албан хаагчдыг төр өөрөө авлига руу шахаанд оруулж байгаатай адил. Авлига, хээл хахуулийг бууруулна гэж байгаа бол нөгөө талдаа төрийн албаны цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх учиртай. Үнийн өсөлт, инфляцаас үүдэлтэй хүндрэлийг  даван туулах боломжийг үр хүүхэд, ар гэрээ авч явж буй төрийн албан хаагчдадаа олгоё. Ингэхийн тулд Улаанбаатар хотын татварын бааз суурийг нэмэгдүүлж буй бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

Бид төлөвлөсөн бүхий л ажлаа 2022 оноос зоригтой эхлүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд “Ковид-19”-тэй холбоотой  тээвэр ложистикийн саатал үүсэж болзошгүй гэсэн ганц болгоомжлол байна. Гэвч бид бэрхшээлийг даван туулж, боломж бололцоог бүрэн дайчилж, хотын хөгжлийг урагшлуулахын төлөө хамтдаа, багаараа зүтгэх болно” хэмээн шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ.

“Бүх шатны эмнэлэгт ажиллаж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлье”

Шуурхай зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл хийлээ.

-“Ковид-19” цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье. Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас өдөрт дунджаар 230  тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт харьцангуй буурсан. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн  байна. Коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт шинжилгээг арванхоёрдугаар сард 27.716 хүнд хийсэн.

Дархлаажуулалтын хувьд дөрөв, тавдугаар сард  хамгийн олон хүнийг хамруулсан бол арваннэг, арванхоёрдугаар сард мөн идэвхжиж, арваннэгдүгээр сард 124.635 хүн, арванхоёрдугаар сард 91.637 хүнийг  дархлаажууллаа. Хамгийн идэвхтэй долоо хоногт 7374 хүнийг  дархлаажуулалтад хамруулж байлаа хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй бүх шатны эмнэлгийн байгууллагад ажиллаж буй цагаан нөмрөгт баатруудад баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд ачааны хүндийг үүрсэн  эмнэлгийн ажилтан, ажиллагсдад талархал илэрхийлье” хэмээн тодотголоо.  

Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхүүдэд шахмал түлш олгоно

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал татсан удаах асуудал нь агаарын бохирдлыг бууруулах тухай байв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800  тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24.035 тонн байна. Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах үүднээс  түлшийг өглөө, үдээс хойш гэсэн хуваариар нийлүүлж зохицуулсан. Түүхий нүүрсний хэрэглээ их байна гэсэн гомдол олон ирсэн. Тиймээс 102 тусгай дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхийн тухай болон түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүд шүүлтүүрээ унтрааж байгаа, зориулалтын бус түлш хэрэглэж байгаа тухай мэдээллүүдийг хүлээн авдаг болсон.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 2700 гаруй зуух байна. Эдгээрийн нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах ажлыг хийж байна гэлээ.

Сүүлийн өдрүүдэд агаарын чанар сайнгүй байгаа нь стандартын зуухны тоо буцаад цөөрч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс дутуу шаталт явагдаж, агаарт бохирдуулагч бодисууд үүсэж байгаа аж. Түүнчлэн Хотын даргын зүгээс орлого багатай иргэд, айл өрхүүд дугуй, хаймар болон хог шатааж байх магадлалтайг сануулаад, тэдгээр өрхөд өгч буй иргэдийн түлшний тусламжийн талаар тодруулсан юм. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас дараах тайлбарыг өглөө.

-2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 6000 гаруй өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна. Нэн ядуу, бага  орлоготой, амьжиргааны 409 онооноос доош орлоготой өрхийн тоо 73  мянган өрх бий. Тэдгээрээс нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6000 гаруй өрх айлд түлшний тусламж өгнө гэлээ.

Баярын өдрүүдэд  эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах.

-Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих.

-Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторх гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах.

-Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах.

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтад анхаарч, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.

-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.

-Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" Монголын сайтын холбоотой хамтран ажиллана2 цаг 58 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нутгийн ахмадууд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд хүндэтгэл үзүүллээ1 сар 28. 16:38Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг1 сар 28. 16:33Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон МҮЦАЭХ-той хамтран ажиллана1 сар 28. 16:28Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол одон медаль хүртлээ1 сар 28. 14:20Нийслэлийн есөн дүүрэгт ногоон байгууламжийн цогц сургалт хийлээ1 сар 28. 14:07Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина1 сар 28. 12:02Коронавируст халдварын Омикрон хувилбарын эмнэлзүй1 сар 28. 12:01Шинэ коронавируст халдварын дараах хяналт1 сар 28. 11:55Шинэ коронавируст халдвар /Ковид-19/-ын жирэмсэн үед үзүүлэх тусламж зөвлөгөө1 сар 28. 11:52МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа1 сар 27. 20:53Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ1 сар 26. 17:19
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.