"Эрдүү хийл /Альто/ симфони найрал хөгжимд зориулсан политоналын 4-р концерт" зохиолын тухай шүүмж


12-р сарын 7
13 цаг 43 минут

Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Хишигтогтохын Мөнх-Ертөнцийн “Эрдүү хийл /альто/ симфони найрал хөгжимд зориулсан Политоналын 4-р концерт” зохиолын тухай шүүмж

/Оросын алдарт хөгжимчин эрдүү хийлч Юрий Башмет-д зориулан бичжээ/

2020-11-26

Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нь 1982 онд Улаанбаатар хотноо авьяаслаг хөгжимчин Хишигтогтохын отгон хүү болон төржээ. Бага наснаасаа түүний хөгжмийн авьяас нь тодорч Хөгжим Бүжгийн Коллежид кларнет хөгжмийн мэргэжлээр сурч төгсөөд, Санктпетербургийн Хөгжмийн Дээд Сургуульд Оросын алдарт хөгжмийн зохиолч Борис Иванович Тишенкогийн удирдлага дор бакалаврын зэрэг, Оросын алдарт хөгжмийн зохиолч Москвагийн Хөгжмийн Их Сургуулийн профессор А.Чайковский нарын удирдлага дор магистрын түвшний мэдлэг эзэмшиж улмаар доктрантурт сурч байгаа хөгжмийн зохиолч юм. 

Тэрээр энэхүү бүтээлээ ХХ зууны Оросын алдарт эрдүү хийлч Юрий Башметад зориулан 2021 оны 7-р сард бичиж дуусгажээ. 

Х.Мөнх-Ертөнцийн “Эрдүү хийл, симфони найрал хөгжимд зориулсан политоналын 4-р концерт” нь 2021-оны 8-р сард Австр Улсын Вена хотод болсон “Academia musica” хэмээх дэлхийн 52 орны 600 гаруй хөгжмийн зохиолчид оролцсон хөгжмийн томоохон уралдаанаас гуравдугаар байрын шагнал хүртжээ. 

Х.Мөнх-Ертөнцийн энэхүү бүтээл нь “Academia musica” хэмээх хөгжмийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ганц бүтээл байсан бөгөөд” уралдааны эхний гуравт шалгарсан явдал бол Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж буй амжилт төдийгүй, ХХI зууны дэлхий дахины хөгжмийн урлагтай монголчууд бид хөл нийлүүлэн алхаж буйн яруу тод жишээ болж байна.

Х.Мөнх-Ертөнцийн “Эрдүү хийл, симфони найрал хөгжмийн бүтээл” бол: хөгжмийн уран бүтээлийн том хэлбэрийн жанр төрлийн нэгд тооцогдох симфони бүтээл юм. Энэ бүтээл нь найрал хөгжмийн их / состав/ бүрэлдэхүүнд бичигдсэн авиа эгшиг, өнгө техник, штрих хэллэг, найруулга зүй, тоглолтын арга барил, дуурсал, зохиомж, фактур, бичилтийн хувьд нилээдгүй хөдөлмөр шаардсан том хэлбэрийн бүтээл юм.

ХХ зууны сонгодог хөгжмийн урсгал чиглэл бол: урьд өмнө байгаагүй шинэ шинэ үйл явдал, мэдээлэл, зохиомж бичилт, сэтгэмж сэтгэлгээ, уран чадварын нэн шинэ арга техник шаардаж байгаагаараа онцлогтой юм. Түүнлүгээ Монголын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нь хөгжмийн зохиомж, бичилтийн арга техникийн хувьд: урьд өмнөх улиг болсон хуучин замаар шогшсонгүй, шинэ хандлага, шинэ эрэл хайгуул, бичилтийн шинэлэг арга хэлбэрээр баяжигдан гарч байгаагаараа онцлогтой юм.

Энэхүү эрдүү хийл найрал хөгжмийн бүтээл нь өнгө будаг, дүрслэл илэрхийллийн хувьд хурц тод, ХХ зууны хөгжмийн шинэ урсгалын фактурын гол цөм болсон 12 хөгийн /додекафония/ тогтолцоог вариацийн хэлбэрээр уран чамин дүрслэмжээр баяжуулан илэрхийлсэн зохиол болжээ. Тус зохиолын ерөнхий найруулга дуурслыг монгол хүний төрж өссөн газар нутаг, уул ус, ёс заншил, үлгэр домог, түүхэн дүрслэл, ахуй байдлын дүр зургийг тавц хөгийн эгшиглэлээр төдийгүй, ардын дуу, хөгжмийн хөг аялга, /интонация/-ыг хурц тод, уран дүрслэлийн аргаар баяжуулан илэрхийлсэнд оршино.

Х.Мөнх-Ертөнцийн бичсэн “Эрдүү хийл /альто/ симфони найрал хөгжимд зориулсан /политонал/-ын 4- р концерт” нь үндсэн хоёр ангитай бөгөөд

I анги Largo темпэд- ре минороор эхэлж, олон тоналын зарчмыг хадгалсан \ d moll, polytonal\-150 такт буюу 62 хуудсаас бүтсэн бол,

II анги Variation а moll-р эхэлж хөг солин нийт 126 такт буюу 48 хуудас, нийт 110 хуудас, 21 минут үргэлжлэх зохиол юм.

I анги Largo \ре минор политонал \

Энэ анги бол 4\4 хэмжээнд богино оршил нь тавц хөгт дуурьсах бөгөөд, \интонация\ аялгын хувьд эртний монгол цэргийн ан, ав, цэрэг дайны уриа дуудлагын шинжтэй цэвэр дөрөвц, тавцын өгссөн / фанфар/ дуурьслаар эхэлнэ. Энэхүү уриаг дөрвөн угалзан бүрээ /валторн/ хөгжимд дөрвөн өөр хөг дуурьсаж байгаа фактур нь политонал үүсгэн олон хөгт зэрэг дуурьсах байдлаар зохиомжлогдсон нь урьд өмнөхийг дуурайн давтсангүй, шинэлэг зам мөр гаргасан гэж үзэх үндэстэй юм.

Дуурслын ерөнхий шинж төрх нь жинхэнэ монгол ахуйн дүрслэл, монгол үлгэр домгийн үүд хаалгыг нээх мэт өвөрмөц хэмнэлт дүрслэмжийг илэрхийлэх бөгөөд, энэ нь тус зохиолын уриа дуудлагын хэсэг юм. Мөн энэ хэсгийн гол аялгуу нь утсан хөгжим альт контрбасс хөгжмүүдэд харш /диссонанс/ хөгөөр өгсөн улмаар модон үлээвэрт шилжиж байгаа нь цаст Алтайн өндөрлөгрүү мацах мэт орон зайн дүрслэмжийг тавц хөгөөр илэрхийлжээ.

Зураг №1. Оршил хэсгийн аялгуу.

Мөн 7-р тактаас гол ая утсан хөгжимд харш хөгөөр уруудсан хөдөлгөөнд дуурьсахдаа хөг эгшиглэгээний хувьд ганц ре минор мэт боловч, энд ре бимоль, ля бемоль тэмдгүүд нэмэгдэн орсноор олон тоналын хэлбэрийг үүсгэх ажээ. 9-р тактаас монгол бөхийн цол дуудлага бус, харин алхаа гишгээ, хөлийн өргөлт буултын хөдөлгөөнийг илэрхийлсэн мэт дүрслэмжтэй болжээ.

Зураг №2. аялгууны хөдөлгөөн

 

Цааш эрдүү хийлд гол ая бусад утсан хөгжимд /ре диез- ми/ гэсэн бага хоёрц голлосон харш дуурьсал, тавц хөгт байгаа нь монгол ая хөг, аялга дуурьслыг илэрхийлэх мэт. Харин 17-р тактаас эрдүү хийлийн гоцлол аяын зэрэгцээ, утсан хөгжимд хүлэг морьдын алхаа гишгээг санагдуулам хуурын татлага аяын хэмнэл дуурьсахдаа сайвар морины алхааг санагдуулам хүчтэй ба суль хувийн хэмийг хүчтэйд оруулснаараа онцлог болжээ.

Зураг №3. Морин хийл /виолончелло/-д хэмнэлийн сул хувьд хүчтэй хувийг оруулсан байдал

Цааш 33-р тактаас гобой, фагот, флейт, кларнет гэхчлэн хос хосоор асуулт хариултын шинжтэй харилцаа өгүүлэмжийг оруулснаар зохиомжийн фактарыг сонирхолтой болгожээ.

Зураг №4. Зохиолын оргил хэсгийн өмнөх 12 хөг /додекафония/ модон үлээвэрт

 II анги Вариаци[1] \ля минор \

Энэхүү 2-р анги нь Largo удаан хэмнэлтэй, 4\4 хэмжээтэй бөгөөд энэ хэсэгт хэд хэдэн вариацын хэлбэрийг оруулснаар зохиомжийг сонирхолтой болгожээ. Оршил хэсгийн аялгуу нь морин хийл, их хуур /контрабасс/-т аяар /pianissimo/-с эхлэн гурван такт дуурьсан цааш модон үлээвэрт уянгын намуун дөлгөөн дуурьслаар хөгжих бөгөөд 1-р цифр буюу 10-р тактаас 1-р вариаци эхлэх ажээ.

Зураг №6. 2-р вариаци нь: 2-р ангийн 21-р тактаас эхлэн эрдүү хийл /альто-д гоцлолоор найрал хөгжмийн вариаци-д шилжин баяжигдан дуурьсана.

Зураг №7.

3-р вариаци нь: престо темпэнд 3-р цифр 7-р хуудас 32-р тактаас модон үлээвэр ба утсан хөгжмүүд зэрэг .

Зураг №8.

 

4-р вариаци нь: аллегро темпэнд утсан хөгжим пиццикато тоглож, эрдүү хийлийн доод өнгө нь 16-тын эгшиглэлийн суурин дээр, дээд эгшигт аялгуу тоглогдож байгаагаараа нэг хөгжимд 2 хоолой бичигджээ. 4-р цифр, 49-р такт, 12-р хуудас.

Зураг №9.

5-р вариаци нь: 60-р такт, 16-р хуудас, гол темп нь: эрдүү хийлд зургаац /секстол/ хэмнэл арпеджио хэлбэрээр тоглогдоход, суурь нь утсан хөгжимд пиццикато хэлбэрээр маш хурдан, хурц цоглог өнгө аястай бүжгийн хэмнэл дүрслэгдэх ажээ.

6-р вариаци нь: 71-р такт, 21-р хуудаснаас эхлэн фактурыг тавц, дөрөвцөөр үсрэлттэй интервалыг оруулж өгснөөрөө темп, хэмнэл солигдон орж байгаагаар үндсэн аяг мотив баяжигдсан байна. Найрал хөгжмийн соло нь: 83-р такт, 5-р цифрээс /26-р хуудаст/ Maestoso темпэнд 1, 2, 3-р угалзан бүрээнд гоцлол ая байгаа бол, труба, 1, 2-р тромбон нь суурь аялгуугаар баяжигджээ. Энэ хэсэгт хэмнэлийн хувьд: монгол хуурын татлагын суурь хэмнэлийг Баяжуулах хэсэг /разработка/-т зохируулснаар өрнийн хөгжимчдөд эрс өөр фактурыг буй болгосон онцлогтой болжээ. 89-р тактаас найрал хөгжимд соло оруулсан нь нэг талаас хөгжимчнийг амраах, нөгөө талаас модон үлээвэрт дуурсах /пластик/ аккордуудыг диссонанс харш дуурьслаар баяжуулж өгснөөрөө дуурьслыг уйтгартай энгийн, нэгэн хэвийн петатоник бус, нилээд орчин үеийн шинэлэг фактурыг эрэл хайгуул хийж оруулснаараа шинэлэг болжээ. Хэрэв ийм арга техникийг хэрэглээгүй бол гол алгуу модон үлээвэрт дэндүү уйтгартай, нэг хэвийн болох байжээ. Ингэхдээ: зарим хөгжмүүдэд эсрэг хөдөлгөөнт аялгууг сөргүүлсэн нь дуурьслын болон зохиомж, сонсол зүйн нэн өвөрмөц фактурыг буй болгожээ.

Зураг №10.

 

7-р вариаци нь: 91-р такт, /33-р хуудас/, 6-р цифрээс эхэлж эрдүү хийлийг 4 хоолойд дуурьсган бичсэн нь дан ганц хөгжимд олон хоолой эгшиглэх боломжийг гаргаж ирснээрээ шинэлэг болжээ. Үүгээрээ зохиогч эрдүү хийлээр хөгжимдөж болохуйц бүхий боломж, арга техникийг ашиглах зорилго тавьсан нь байна. Ялангуяа энэ хэсэгт найрал хөгжмийг педаль болгон дуурьсгасан нь фактурын хувьд шинэлэг болжээ. Цааш /15-16 хуудаст/ модон үлээвэрт педалийг хувиргасан фактур оруулж өснөөрөө дуурьслын найралжуулгыг баяжуулжээ.

Зураг №11.

7-р цифрээс, 102-р такт /38-р хуудас/ найрал хөгжим болон эрдүү хийлийн гоцлолоор асуулт хариултын шинжтэй харилцан яриа хэлбэрийг ашигласан байна. 8-р цифрийн өмнөх 2 тактад модон үлээвэр дахин дуурьсах бөгөөд энд гуйлан үлээвэрт триол хэмнэл, хагас эгшиглэл, харш дуурслаар баяжигдаж найрал хөгжим нийтээр /tutti/ дуурьсаж оргил хэсэгт хүрэх үест нүсэр том фактур, нүсэр хүнд дуурьслыг буй болгох ажээ.

Зураг №12.

 

8-р цифр /118-р такт/-с зохиолын төгсгөл хэсэг кода эхэлж, цохивор хөгжмүүд багцаар /quassia battery/ хүчтэй дуурьсах бөгөөд эхний хэсгийн гол ая триол хэлбэрээр угалзан бүрээнд дуурьсаж эхний хэсгийн аялгуу дахин давтагдсан хэдий ч өмнөхөөс өргөжин баяжигдсан онцлогтой болжээ.

Зураг №13.

 

Ийнхүү залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн энэхүү бүтээлд монгол аялга, монгол аялгуу, монгол ахуй байдлын дүр дүрслэлийг олон хоолойн дуурьслаар баяжуулан илэрхийлсэн нь тухайн нийгмийн хөгжил дэвшлийн уриа дуудлагыг шинэлэг санаагаар баяжуулсан бүтээл болжээ хэмээн үзэх байна.

Х.Мөнх-Ертөнцийн зохиомжийн шинэлэг тал:

Залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нь энэхүү бүтээлдээ дараах хэдэн зүйлийн шинэчлэлийг дэвшүүлэн тавьжээ. Үүнд:

1-рт: зохиолынхоо гол болон туслах аялгууг харилцан яриа хэлбэрээр зохиомжилсон бол, пластик аккорд буй үлээвэр хөгжмийн зэмсгүүд /флейта, кларнет, гобой, фагот/- г хос хосоор нь эсрэгцүүлсэн хөдөлгөөнөөр баяжуулсан,

2-рт: гоцлол ба найрал хөгжмийг харилцан яриа, асуулт хариултын хэлбэрээр товчлон авч үзэхдээ, найрал хөгжмийг педаль хэлбэрээр зохиомжилсон нь бичилтийн фактурт өөрчлөлт оруулсан шинэлэг санаа байв.

3-рт: фактурын хувьд: монгол ардын дуу хөгжимд байх дөрөвц, тавц голлосон пентатоника эгшиглэгээг дангаар бус, “гемиол”, “давхар харш хөг”, “давхар бага хоёрц” /арван хоёр хөг /додекафони/-н хурц тод харш хөг /диссонанс/-р чадварлаг баяжуулсан нь онц сонирхолтой шинэлэг дуурьслыг буй болгосон. /Ялангуяа эхний анги ре минорт дуурьсах хирнээ ре бемол-ийг оруулж өгсөн нь эгшиглэгээний хувьд өвөрмөц төдийгүй, эхлэлийн дөрвөн валторн хөгжмийн дуурьсалд дөрвөн өөр эгшиглэгээг оруулснаар политонал үүсгэсэн нь шинэлэг болов/.

4-рт: эгшиглэгээний хувьд: эрдүү хийлийн гоцлолд хоёр ба дөрвөн хоолойн найралжуулгыг оруулж, хөгжимдөх арга хэлбэрийг баяжуулсан нь шинэлэг болжээ. /Өөрөөр хэлбэл: дөрөвц, тавц хөгийг диатоника, пентатоника, гемиол, хроматика, арван хоёр эгшиглэгээний төрлүүдээр баяжуулан холбосон нь шинэлэг болжээ.

5-рт: темпийн хувьд: уламжлалт \andante, allegro, andante\ удаан, хурдан, удаан гэдгээс татгалзаж, \Largo, variation/ гэх долоон зүйлийн хувилбар аяз /вариац/-г оруулж өгснөөрөө хуучин уламжлалыг өөрчлөх гэсэн санаа дэвшүүлсэн нь дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, хувьсал хөгжилд хөгжмийн хэлээрх шинэлэг уриа дуудлага болон гарч байгаагаараа шинэлэг болж байна.

Дэвшүүлж буй санал-шүүмж

Цаашид манай хөгжмийн зохиолчид өөрсдийн бүтээлдээ:

Нэгдүгээрт: форм бүтцийн хувьд: өрнийн тогтолцоот хөгжим дэх “сонат симфонийн цикл”-д байх драматурги, сөргөлдөөн-\конфликт\ уламжлалыг илүү товч тодорхой авч үзэн хөгжүүлэх тал дээр шинийг эрэлхийлэх цаг үе нэгэнт тулж ирснийг анхааруулсан зохиол болж байна.

Хоёрдугаарт: зохиомж фактурын хувьд: хөгжмийн том хэлбэрийн бүтээлд гомофон, гетерофон, пентатоника тавц хөгийн дуурьслыг төдийгүй, хэмнэлийг болон нэгэн хөгжмийн зэмсэгт ч олон хоолойн дуурьслын фактурыг хэрхэн яаж баяжуулах тал дээр шинэлэг эрэл хайгуул хийх санааг энэ бүтээл дэвшүүлж байна.

Гуравдугаарт: зохиомж бичилтийн хувьд: ХХI зууны хөгжим бол: “чөлөөт зах зээл”–ннийгэмд, “чөлөөт сэтгэлгээ”, “чөлөөт зохиомж”, “чөлөөт бичилт”, “чөлөөт хөгжимдөх арга”, “чөлөөт техникээр шинэчлэгдэн, үндэсний онцлогийг хадгалсан ая эгшиг, хэмнэл дуурьслаар баяжигдаж байгааг анхаарах,

Дөрөвдүгээрт: шинэ зуунд төрөн гарч буй “Постмодернист урсгал” нь: хуучин арга техник дэх нүсэр том бүтэц, нүсэр том дуурьсал, нүсэр том фактур, дахилтын олон давталтуудаас татгалзан, аль болох агуулгыг товчлох, үзэгч сонсогчдод сонирхолтой байх талыг илүүтэй анхаарах болсныг сануулж байна.

Тавдугаарт: шинэ зууны хөгжим болцаг хугацааг хэмнэх, олон хоолойн дуурьсалд зохиомж бичилтийн олон сонирхолтой хэлбэрүүдийг авч ашиглах, аль болох богино хугацаанд их мэдээллийг өгөх, дамжуулах арга техникт суралцах шаардлага урган гарч байгааг дамжуулж байгаагаараа онцлогтой байна.

Эцэст нь тэмдэглэхэд: 

Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц бол ХХI зууны Монгол үндэстний ахуй сэтгэлгээний онцлогийг хөгжмийн хэлээр гүнзгий илэрхийлэгч, чөлөөт зохиомж, чөлөөт сэтгэлгээний уран дүрслэгч “Постмодернист” урсгалын гол төлөөлөгч мөн хэмээн үзэж байна.

Ашигласан ном зүй

1. Adorno, Teodor. W. \1990\. “Negative Dialectics”, Cambridge, 1990,

2. Adorno, Theodor. W. /2002/. On the Fetish character in Music and the Regression of Listening”, University California Press. 2002, ISBN 0-520-22672-0.

3. Matthias Benzer. \2011\. “The sociology of Theodor Adorno”, Cambridge U\press,

4. Albright, Daniel \2004\, “Modernism and music”, Chicago, ISBN 0226-1267-0,

5. Beard, David \2003\, “Musicology”, NY, 2003, “The portable Postmodernism”,

6. Мөнх-Ертөнц.Х. зохиолын ноот партитур, Уб., 2021, нийт 110 такт. 7. Мөнх-Ертөнцтэй хийсэн ярилцлага, бичлэг, 2021-11-25. Урлагийн тэнгэр ивээх болтугай! Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, ScD. доктор, профессор

Лувсанноровын Эрдэнэчимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.