О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна


11-р сарын 23
10 цаг 58 минут

Коронавирусийн вакцинжуулалтын явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.

-Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ?

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжид хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан. Харин иргэдийн хувьд эхэн үедээ хойрго хандаж байсан бол сүүлийн үед III тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өмнө нь өдөрт 2000 орчим хүн нэмэлт тун хийлгэж байсан бол одоо 4000 гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаа.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдсан. Энэ нь нийслэлийн хүн амын 27.3 хувь юм.

-Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 2-3 төрлийн вакцинаас сонгож хийлгэж байгаа. Бүрэн тундаа синофарм хийлгэсэн хүмүүс III тундаа файзер хийлгэх гэхчлэн солбиж хийлгэх нь зүгээр үү?

-Тухайн иргэн вакцины нэг, хоёрдугаар тунд ямар ч вакцин хийлгэсэн байсан III тундаа синофарм, файзер вакцины аль нэгийг сонгож хийлгэх боломжтой. Вакцин гэдэг бол хүний биед орж буй амьд зүйл гэдэг утгаараа хариу урвал илрэх нь бий. Товлолын вакцин хийлгэхэд хүүхдүүдэд хариу урвал илэрдэг. “Ковид-19”-ийн вакцины урвал ч яг  адилхан. Эхний хоёр тунд хариу урвал илрээгүй ч III тунд илэрч болно.

-III тунгийн дархлаажуулалтад “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс ч хамрагдах боломжтой. Тэдгээр хүмүүс өвдсөнөөсөө хойш хэдий хэр хугацааны дараа III тунг хийлгэвэл зохистой вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс эдгэрээд  21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.

-Вакцины цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа вэ. Суурин болон түр цэгүүдийн цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Дүүрэг бүрд 2-5 суурин цэг, нийслэлд нийтдээ 31 суурин цэг тогтмол ажиллаж байгаа. Явуулын багийн  тоо 40 орчим байгаа бөгөөд 70 болон түүнээс олон ажиллагсадтай байгууллага, аж ахуйн нэгжид очиж үйлчилж байна. 40-50 хүнтэй байсан ч захиалга өгвөл очиж дархлаажуулалт хийж байгаа. Дүүргүүд дэх суурин цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд байнга ажиллана.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад вакцин хийж эхэлсэн. Нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байна. Тэдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн их, дээд сургуулиуд дээр дархлаажуулалтын цэг ажиллуулж байгаа. МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол ШУТИС, ХААИС-д вакцинжуулалтын цэг нээж байна.

-Хороо, дүүрэг хамаарахгүй вакцин хийлгэх боломжтой гэж ойлгож байгаа. Зөв үү?

-Зөв. Харьяалал хамаарахгүй өөрт ойр байршилдаа вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Оршин суугаа хаяг болон ажлын газрын хаяг хамаарахгүй, ойрхон газартаа очиж, дархлаажуулалтад хамрагдаарай гэж хүмүүст хэлье.

-Суурин болон түр цэгүүдэд биечлэн очих боломжгүй хүмүүст хэрхэн үйлчилж байна вэ?

-Ахмад настан, хэвтрийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхчлэн гэрээс гарах боломжгүй хүмүүст явуулын багийнхан гэрт нь очиж үйлчилгээ үзүүлж байгаа.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-13-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тэр хооронд эхний хоёр тунг хийлгэх боломжтой. Харин амаржсан эхчүүдийн хувьд төрснөөс хойш 32 долоо хоносны дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой. Нэг тун аваад дахин вакцин хийлгээгүй бол дахиад бүрэн тун хийлгэнэ гэсэн үг.  

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүрэлцээ, хангамж хэр байна вэ?

-Эрүүл мэндийн сайд, Шадар сайдаас чиглэл өгсний дагуу вакцинаторын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Нэмэлт тунг хийлгэхийн ач холбогдол юу вэ?

-Коронавируст халдвар бол дэлхийн нийтийн хэмжээнд шинэ тутам тулгамдсан асуудал. Тиймээс ч хөгжингүй орнуудад байнгын судалгаа, шинжилгээ хийж байгаа. Эрдэмтэн, судлаачид нэгдүгээр тунг хийхэд ямар нөлөө үзүүлэх нь үү, хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст хэдий хэр хугацаанд дархлал тогтож байна гэхчлэн судалсаар байгаа. Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт тун  зайлшгүй шаардлагатай.

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө юм. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварын тархалтыг бууруулахыг зорьж байгаа учир иргэд маань вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай. Нөгөөтээгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болчихсон бол огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалд ч ийм тохиолдолд бүрэн тунд дахин хамруулахаар заасан байдаг. Тэгэхээр иргэд вакциндаа цаг хугацаанд нь идэвхтэй хамрагдаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа9 сар 23. 16:13Дизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв9 сар 23. 16:12Гэмт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс оролцож байгаад Хаити улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв9 сар 23. 16:12Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв9 сар 23. 16:10Суурьшлын бүсэд нэвтэрсэн хүрэн баавгайг шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авна9 сар 23. 16:10Хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна9 сар 23. 16:09Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ9 сар 23. 16:08БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 23. 16:06Хотын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ9 сар 23. 15:00Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар9 сар 22. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.