Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина


10-р сарын 21
10 цаг 57 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний хайпермаркет”-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм.

Энэ үеэр Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр гишүүн “Боловсрол, шинжлэх ухааны яамны барилга захиалагчдын албаныханд тус байршлыг үзүүлэн, судлуулсан. Гэвч уг газар нь сургууль барих хэмжээний том биш тул цэцэрлэг барих саналыг хүргүүлсэн юм. Иргэдээс санал авахад ногоон байгууламж хэлбэрээр тохижуулахыг хүссэн. Гэхдээ ногоон байгууламж барилаа гэхэд хэдэн жилийн дараа хэн нэгэн Хотын дарга нь газрын эрхийг цуцлаад, барилга барих зөвшөөрөл олгочих вий гэх болгоомжлол үүсээд байгаа юм. Тиймээс тус чөлөөлсөн газарт цэцэрлэг барих санал гаргаж байна” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 31 мянган хүн амтай, Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай, нягтаршил ихтэй бүс. Тус хорооны оршин суугчдын 16 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өөр дүүрэг, хорооны сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Иймд “Баянмонгол” хорооллын урд, “Олимп” хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ.

Ийн эхний ээлжид Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны дээрх хоёр байршилд нийт 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулахаар боллоо. Ингэснээр дор хаяж 1000 машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гараад байгаа юм.

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дүүрэгтээ ирэх онуудад бүтээн байгуулахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төслүүдийг танилцуулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 2023-2024 онд нэг сургууль, 3-4 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байгаа аж. Тус сургууль, цэцэрлэгийн газрын асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд гагцхүү төсвийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллахыг Хотын даргаас хүслээ.

Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс, нийслэлийн төсөв хэлэлцэх чухал үед санаачилга гарган, уг саналыг хүргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярын саналыг хүлээн авлаа. Удахгүй нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр уг саналыг оруулан, шийдвэрлэх болно. Тус 25, 26 дугаар хороонд барих сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс онцгой анхаарал хандуулна. Улаанбаатар хотын хувьд газар бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Сургууль, цэцэрлэггүй хотхонууд хотод маш олон байгаа. Тиймээс Хотын даргын хувьд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй. Хүүхдэдээ, иргэндээ ээлтэй, ногоон байгууламжтай,  амьдрах орчин, чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлогоо чиглүүлнэ” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд 2020-2022 онд нийт 152 сургууль, цэцэрлэг барих ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна. Хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмж 71 сургууль, цэцэрлэг барих шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байлаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн  “Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо хамгийн өндөр нягтаршилтай бөгөөд газар байхгүйн улмаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг. Үүнээс үүдэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийн 28.5 хувийг хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдээ зөөх хөдөлгөөн бүрдүүлдэг” хэмээн онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.