Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ыг зорилоо


8-р сарын 10
11 цаг 43 минут
Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаан болно.

Эдгээрт оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсыг зорив.

Тэмцээнд оролцогч улс орнуудын энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Олон улсын цэргийн наадам” 2019 онд арван орны нутаг дэвсгэрт болжээ. 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагч оролцон, 32 төрлийн уралдаанд мэргэжил, ур чадвараа сорьсон баримт бий.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энэхүү олон улсын цэргийн наадмын зарим төрөлд буюу “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин” тэмцээнд ажиглагчаар оролцож байлаа.

Мөн 2019 онд манай орон анх удаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд амжилттай зохион байгуулснаар зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлэлт авч байлаа. Тэрхүү уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөж, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцжээ.

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг Монголд зохион байгуулахаар төлөвлөлтийн хурлууд хийж, бэлтгэлээ сайтар хангасан ч дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын улмаас ОХУ-ын Тува улсын нийслэл Кызылд зохион байгуулах шийдвэр гарсан юм. Иймээс энэхүү тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэлээ сайтар хангаж, эх орноосоо морджээ.

Энэ удаад “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчдыг Монголын талын зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж оролцоно.

“Танкийн биатлон” олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахална гэж ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.