Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакциныг татаж авах ажил эхэллээ


2-р сарын 17
16 цаг 06 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс  авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхтэй танилцлаа. Вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах юм.

Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй  хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкене, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Английн Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг ДЭМБ баталсныг дуулгаж, албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэж байгаа аль ч улсаас Монгол Улс татан авч хэрэглэх боломжтойг илэрхийлжээ. Мөн ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх Pfizer болон бусад улс орны вакцины талаар танилцуулав.  ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг дагахаа илэрхийлж, бусад улс орны вакциныг цаг алдалгүй татан авч нөөцлөх шаардлагатай байгааг онцоллоо.

Ерөнхий сайд мөн өдөр ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдтай уулзаж, вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Дээрх улсууд цар тахлын эсрэг хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд АНУ, БНСУ-ын Элчин сайд нартай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Авто замын засвар, гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ4 сар 12. 12:25“БРАТАН” олон ангит уран сайхны кино залуусыг байлдан дагуулж байна4 сар 9. 20:21ЭТТ бондын эхний үе шат амжилттай дууслаа4 сар 9. 20:15Монголын анхны папараци сэтгүүл “Соронз” аппликейшнаар хүрдэг боллоо4 сар 7. 10:48МЗХ төрийн гурван өндөрлөгт хандлаа4 сар 7. 10:46Б.Намуун: “Намуун” Хүүхдийн Сан энэ жил зорилтот бүлгийн иргэдэд зориулж эх, хүүхдийн эмнэлэг барина4 сар 7. 8:19О.Мөнхжаргал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө4 сар 2. 21:17"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн бондын захиалга үргэлжилж байна4 сар 1. 10:02Үндсэн хөгжмийн зэмсэгт зориулсан хоёр боть бүтээл хэвлэгдэн гарлаа3 сар 31. 13:10Гоо сайхны арьс арчилгааны FOR YOU нэрийн анхны брэнд бүтээгдэхүүнээ танд хүргэхэд бэлэн боллоо3 сар 30. 16:53"Эрдэнэс Таван Толгой"-н бондын арилжаа эхэллээ3 сар 30. 16:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусын халдвар илрээгүй3 сар 30. 16:50
© 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.