П.НҮРЗЭД: АН “ЛООЗОН”-ГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХГҮЙ


8-р сарын 31
14 цаг 12 минут

Ардчилсан намын  ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдтэй ярилцлаа. 

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо  /ҮБХ/ хурлаа хийлээ. Сонгуулийн дараачаас эхлэн намын дүрмээ өөрчилье, дараа нь шинэчлэлээ эхлүүлж  даргаа сонгоё  гэлцээд байгаа гишүүдийнхээ эрх ашигт нийцсэн хурал болж чадав уу? 


-Ардчилсан намын үндэсний бодлогын хороо 17 дугаар  хурлаа амжилттай зохион байгууллаа. Тулгамдаж байсан гол асуудлуудаа шийдэж чадсан. АН 180 мянган гишүүнтэй том намын хувьд   шинэчлэл, өөрчлөлтийг  нэг талаас гишүүдийнхээ хүсэл эрмэлзлэл, нөгөө талаас өнөөдрийн нийгмийн хөгжил дэвшил, цаашлаад улс орны хөгжлийн бодлоготой холбож хийх болно. Түүнээс хэн нэгэн дарга, эсвэл аль нэг бүлэг фракцид зориулсан зүйл байж болохгүй. Тэр ч утгаараа АН-ын үүд хаалга залуучуудад илүүтэй  нээгдэж  байгаа.

 АН саяын сонгуульд ялагдсан ч  бид юун дээр алдав, цаашид яах вэ гэдэгт  дүгнэлтээ  хийж байгаа. Өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг хаанаас нь яаж эхлүүлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Энэ ажлууд хийгдэж эхэлсэн. Намын  Их хурлыг зарлаж, ирэх   арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр  товлосон. ҮБХ-ны гишүүдийн дунд ротаци хийнэ. Ингэхдээ ротацийг орон нутгийн сонгуулийн дараа хийхээр шийдвэрлэлээ. 


АН ямар ч үед нээлттэй явж ирсэн. Хэн ч харсан уншигдаж байдаг гэж болно.  Ард түмнээс юм уу, сонгогчдоосоо  нууж хаах зүйл манай намд байдаггүй. Ил тод, нээлттэй байдаг нь АН-ын үндсэн чанар байж  магадгүй. Ардчилсан нам хэдэн дарга тойрч гүйсэн   “лоозон”-гийн шинэчлэл хийхгүй.  Шинэчлэлийг жинхэнэ утгаар нь эхлүүлж, залуус, дунд үеийнхэн, ахмадууд гэсэн гурван үеийн төлөөллийг хангасан, жирийн гишүүд рүүгээ хандсан   суурь бодлогуудаа  боловсруулна. Үүнтэй уялдуулж  Монгол Улсын хөгжлийн томоохон  бодлого, хөтөлбөрүүдийг гаргаж  тавина. Цаашид хөгжлийн энэ  хөтөлбөрөө  хэрэгжүүлэх дүрэм журам,  зохион байгуулалтын ажлыг  хийгээд явна. 


-Намын дүрмийн өөрчлөлтөөр дарга гэж “хэмжээлшгүй эрхт хаан” бий болчихоод гишүүдээсээ 100 сая төгрөг нэхэж,  сонгуульд  хэнийг нэр дэвшүүлэхээ  ганцаараа шийддэг байдалд цэг тавих уу? 


-Шинэчлэл хийхийн тулд  процесс зөв явах ёстой. Үндэсний бодлогын хороо хурлаа хийж шийдвэрээ гаргасан. Энэ долоо хоногт багтаж ажлын хэсгүүд гарна. Намын дүрэмд өөрчлөлт оруулах,  даргын сунгааг зөв хийхээс өгсүүлээд  шинэчлэлийн  ажлыг эхлүүлнэ. Бидэнд алдаа   бий. Өнгөрсөн дөрвөн жилийн алдаа  маш их.  Магадгүй энэ алдаа бидний ялагдлын нэг хэсэг нь  байсан. Хамгийн түрүүнд нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлууд, аймаг, дүүргийн намын хорооны асуудалд төв нам хэт хутгалддаг гэх мэт шүүмжлэл яригддаг.  Энэ бүхнийг намын гишүүд олуулаа  суугаад ярилцах ёстой. Яагаад гэвэл бид Ардчилсан нам, олуулаа ярилцаад зөв шийдвэрийг гаргадаг байх хэрэгтэй. Тэр шийдвэрүүд нь  эргээд сонгогчид болон ард түмнээс санал авах  бодлого болдог учраас хариуцлагатай байх ёстой. Одоо АН туйлын хариуцлагатай байх цаг үе. Тиймээс дарга нарт зориулдаг зүйл байж болохгүй. Цаашид АН  дарганцаруудад даруулгатай ханддаг нам болох хэрэгтэй. Өөрчлөлт, шинэчлэлийг намын дарга нар өөрсдөөсөө эхлэх ёстой. 


-Ажлын хэсгүүд гарч дүрмийн өөрчлөлт,  даргын сонгуулийг зөв хийх зэрэг  ажлыг эхлүүлнэ гэлээ. Ардчилсан намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн найман хүн яах вэ. Эсвэл бүгдийг шинээр эхлүүлэх юм уу?


-Намын даргын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн найман хүн бол албан ёсны нэр дэвшигчид биш. Яагаад гэвэл Дотоод сонгуулийн хорооноос  тогтоол гаргаж баталгаажуулах ёстой. Тэгэхээр тэднийг  материалаа  ирүүлсэн хүмүүс гэж ойлгож болно. Тэр дотор намын дүрмийн дагуу даргын сунгаанд нэр дэвших боломжгүй хүмүүс ч байгаа. Тухайлбал, намаас гарч бие дааж сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүн ч орчихсон явж байх жишээтэй. Энэ мэтээр бид үүрэг, хариуцлага гэдэг зүйлийг  өөрсдөөсөө эхлүүлнэ. АН өөрийн дүрэмтэй, зохицуулж байдаг  журамтай. Тэр механизмууд нь ажиллаж байх ёстой. Өнөөгийн нөхцөлд зарим асуудлыг  шинээр зохицуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Дараагийн намын даргын сунгааг хийхэд мэдээж хэн нэг хүн сонгогдож таарна. Тэр сонгууль, түүнчлэн ҮБХ-ны гишүүний сонгуулийг шинэчилсэн дүрмээр  зохион байгуулахаар ярьж байгаа.

 
-АН-ын хууччуул болоод улс төрийн хүрээнд   “Н.Алтанхуягтаа хадаг барьсан нь дээр” гэх яриа  гарч  байна.  Танай намын хүний нөөц, боловсон хүчний чадавхи хэр вэ?


-Ардчилсан намд мэдлэг чадвартай, намаа аваад явчих чадалтай  залуус бий. 180 мянган гишүүнтэй энэ нам хүний нөөцийн хувьд ч хангалттай. Лидер төрдөг болохоос хаа нэгтээгээс урьж залдаггүй  юм. Манай намаас шинэ үеийн  лидерүүд төрөх цаг нь болсон.  АН энд тэндээс дарга хайж явах хэмжээний улс төрийн хүчин биш. АН лидерээ өөрсдөө төрүүлнэ. 


-Танай намын залуучуудын зүгээс  шинэ төлөвлөлт, шинэ стратеги гэх үгс сонсогдож байна. Намаа аваад явчих “Төлөвлөгөөтэй хүн”  хэн байна вэ? 


-Ийм залуус бидний дунд  бий. АН 30 жилийн түүхтэй. Бидэнд 30 жилийн алдаа, оноо байгаа. Үүн дээр  суурилагдсан Монголын хөрсөнд буух цогц төлөвлөгөөг  АН  хэрэгжүүлнэ.  Гадаадаас ч юм уу, энд тэндэхийн юмыг хуулж тавиад тэр нь амьдралд хэрэгждэггүй байдлыг  бид  хангалттай харлаа. Одоо үүнийгээ болъё. Өөрсдийн үндсэн үзэл баримтлалд тулгуурлах ч гол агуулга нь монгол орны, монголчуудын өв соёлд суурилсан бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  АН-ын бодлого ардчиллын суурин дээр ардчилсан зарчмаар явагдана.  


-АН-ын шинэчлэлийн ажлын хэсгүүд  ямар чиглэлээр ажиллах вэ?


-Гурван ажлын хэсэг гарна. Нэг ажлын хэсэг нь Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх чиглэлээр  ажиллана. Дараагийн ажлын хэсэг  АН-ын ялагдал, цаашид ямар бодлогоор ажиллах вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх чиглэлээр  ажиллана. Мөн намын их хурлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангуулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг гарна. 

-Тэгэхээр Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн өмнө ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гэж ойлгож болох уу? 


 -Орон нутгийн сонгууль өнгөртөл  нам дотор ямар нэгэн өөрчлөлт,  хөдөлгөөн хийхгүй. Дотоод сонгууль явагдахгүй.  Орон нутгийн сонгуулийн дараа бүх асуудлыг шинэчилсэн дүрмээр зохион байгуулна. Ер нь бол анхан шатны нэгжид тодорхой эрх мэдлийг өгсөн шиг өгч, эргээд хариуцлага нэхдэг болно.  Тэднийгээ шат шатанд нь  хөгжүүлэх ёстой гэдэг нь саяын сонгуулиар харагдсан. Өөрөөр хэлбэл, шинэ дүрмээр болж өгвөл төв намын зүгээс  анхан шатны нэгж рүү хэт хутгалдаад байхааргүй  зохицуулалтууд хийнэ. 

-АН дараалсан ялдагдалдаа ямар дүн тавьсан нь сонин байна? 

-Тэр асуудлаар ажлын хэсгүүд гарч байгаа. Дотроо ярилцах зүйлүүд бий. Ер нь бол ялагдлын тухай ярихад олон хүчин зүйл бий. Би түрүүнд хэлсэн нэр дэвшүүлэхэд бид олон юм  алдсан.  Нөгөөтэйгүүр, орон нутгийнхаа  намын байгууллагуудыг  өөрсдөө очоод хагалчихдаг.  Гишүүд, дэмжигчдээ өөрсдөө очиж хагалж бутаргачихаад эргэж нэгдэж нийлэхгүйгээр  сонгуульдаа орчихоод байгаа алдаа байна. Энэ бол  биднээс хамааралтай зүйл. Нөгөө талаас сонгогчид дүнгээ тавьдаг. Ард түмэн АН-д дүнгээ тавьсан. Бид тэрэн дээр нь дүгнэлт хийж, цаашаа маш хариуцлагатай байх ёстой. 


-Ер нь бол Ардчилсан нам байгуулагдсаныхаа маргаашаас  шинэчлэл ярьсан. Түүнээс хойш байнгын сэдэв нь болсон ч  огт шинэчлэгдэлгүй явж ирсэн болохоор  өөрчөгдөнө гэдэгт хүмүүс төдийлөн итгэхгүй байх шиг? 


-Шинэчлэлийг жинхэнээс нь хийнэ. Залуус гээд бүх зүйл рүү дайрах  байх юм байхгүй.  Ингэхдээ намын ахмад, залуу, дунд үеийн төлөөллийг  тэгш хангана. Бас энэ шинэчлэлээр АН-ын үүд хаалга илүү нээлттэй болж байгааг дуулгаж, Монголынхоо нийт залуус уриалъя.  Идэрчүүд, ахмадуудыг ч бас уриалъя. 


АН-ын шинэчлэлд дуу хоолойгоо нэмэрлэж, оролцож, өөрсдийн  санал бодлыг хуваалцахыг хүсч байна. Удахгүй  намын төв байран дээр иргэдээс санал авах түр штаб ажилуулж эхэлнэ. Тиймээс бидэнтэй хамтран ажиллаж, шинэчлэлийг хамтдаа хийгээрэй. 


-Орон нутгийн сонгууль өнгөртөл АН-ын төв байр хаана байх вэ. С.Зориг агсны хөшөөтэй ногоон байранд уу, эсвэл МоАХ байрладаг “Ардчиллөн өргөө”-д  байрлах юм уу? 


-Манай  нам байрны асуудалтай байгаа ч би тэрийг чухалчилдаггүй. АН хаана ч байрлаж болно. Хамгийн чухал зүйл бол АН-ын үндсэн зарчим, Монгол Улсын хөгжил дэвшилтэй уялдсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүний төлөө бат зогсох ёстой. Хөгжлийн тэр хөтөлбөрөөс ухарч шантрах зүйл  байж таарахгүй. Тиймээс улам эрч хүчтэй урагшлах  болно. Мэдээж бидэнд  алдаа  бий. Гэхдээ  алдаагаа засаад урагшаа явна. Харин нийт дэмжигч, сонгогч нартаа хэлэхэд өөрчлөлт, шинэчлэлийг хамтдаа хийе. Ардчилал бидний өмч биш.  Ардчилал нийт монголчуудын өмч, үнэт зүйл нь юм. Тиймээс  АН-ыг, ардчиллын үйл хэргийг  хамтдаа шинэчлэх ёстой, ардчиллыг  хамтдаа аврах ёстой. 


Бас нэг зүйлийг хэлэхэд,  АН гэхээр зарим нь  ах нараар төлөөлүүлж бодоод байдаг. Битгий тэгж бодоорой. Энд   олон хүний хүч хөдөлмөр, ард түмний дэмжлэг, итгэл найдвар бий. Тиймээс хэдхэн хүнээр төлөөлүүлж бодох нь өрөөсгөл юм. Манай намд сайн ч хүн бий, муу ч хүн байгаа. Хэлбэрийг нь биш агуулгыг  нь хараарай. Манай намд үе шилжих процесс явж ирсэн, явж ч байгаа. Үндсэндээ дараагийн   шилжилт хөдөлгөөн  явагдаж байна. Ардчилалд хайртай, ардчиллын үйл хэргийг дэмждэг  хүн бүхэн  бидний хийх шинэчлэл, өөрчлөлтөд оролцоорой. Энэ зөвхөн бидний асуудал биш. Монголчуудын, нийт иргэдийн, сонгогчдын асуудал учраас  бүгд гар бие оролцох хэрэгтэй байна. Өөрсдөө санаа бодлоо хэлэхийн зэрэгцээ шинэчлэл ярьж яваа намын гишүүдийг маань ч гэсэн дэмжиж оролцоорой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав1 цаг 45 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв1 цаг 45 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана1 цаг 48 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно1 цаг 49 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ1 цаг 50 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ1 цаг 50 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно1 цаг 51 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв1 цаг 52 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.